
ОХУ-ын тагнуулч агсан Александр Литвиненкогийн тухай шуугиан дахин
дэгджээ. Энэ тухай Викилеакс сайт “Лондонд амьдарч байсан ОХУ-ын аюулаас
хамгаалах албаны ажилтан агсан Литвиненкогийн амь насанд халдаж
магадгүй гэсэн таамаглал байсан. Оросуудад “Бүх зүйл хяналтад байгаа.
Манай нутаг дэвсгэр дээр мөрдөх ажиллагаагаа зогсоо” гэж Их Британийн
тал мэдээлж байжээ. Төд удалгүй 2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд
Литвиненког хорлосон. Түүний амийг хорлох гэж байсныг Их Британийн
тусгай албанынхан мэдэж байсан аж. Тагнуулчийг “полоны-210” бодисоор
хордуулсан. Уг бодисыг 2006 оны намар ОХУ-ын тагнуулын албаныхан Лондонд
нууцаар аваачсан гэж Их Британийн тусгай албаныхан мэдээлж байв.
Литвиненког хорлох болсон шалтгаан нь Их Британид Оросын тагнуулын
ажиллагааг зогсоох зорилготой байсан” гэжээ.
ОРОСЫН ТАГНУУЛЧ МАФИЙН
ЗОЛИОС БОЛСОН
Тагнуулчийн үхэл нь ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай
төлөөлөгч, АНУ-ын төрийн департаментын түшмэл нарын яриа хэлэлцээрийн
томоохон сэдэв байжээ. Тэд өнгөрсөн 13-нд уулзалдсан байна. “Сайт дээр
гарсан материалууд үнэн болох нь батлагдсан шүү дээ. Хамгийн гол нь
Литвиненкогийн амийг хорлох гэж байхад Их Британийн тусгай албаныхан
яагаад арга хэмжээ аваагүй вэ. Нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан байж
болох юм. Эсвэл Их британчууд өөр санаатай байсан байж болох юм” хэмээн
ОХУ-ын Европын хүрээлэнгийн шинжээч Владислав Белов үзэж байна. Оросын
эх сурвалжийн бичсэнээр Литвиненког хороосон нь Английн тусгай
албаныхны үйлдсэн ажил гэнэ. Түүнийг хороох нь Их Британийн тодорхой
хүрээнийхэнд хэрэгтэй байсан аж. Учир нь ОХУ-ын эсрэг ажиллагааг
идэвхжүүлэхэд шаардлагатай байжээ. Литвиненко амиа алдсаны дараа
Москва, Лондоны харилцаа эрс муудсан юм. Түүнийг ОХУ-ын тусгай албаныхан
хорлосон гэж Шотландын тусгай алба сэжиглэж байжээ.
Тагнуулчийг хордуулсан гэх
“полоны-210” бодис нь Оросоос гаралтай нь өнөөг хүртэл батлагдаагүй. Уг
бодисыг дэлхийд элбэг байдаг сувгийн реакторын тусламжтайгаар изотопоос
гарган авдаг байна. Гэхдээ маш өндөр үнэтэй байдаг гэнэ. “Энэ хэрэгтэй
холбоотой өөр үнэмшилтэй баталгаа байсаар байтал Лондон юуны түрүүнд
ОХУ-ыг буруутгахыг зорьсон” гэж “Национальная оборона” сэтгүүлийн
ерөнхий редактор Игорь Коротченко ярьжээ. Тэрбээр “Энэ ихээхэн
булингартай түүх. ОХУ-ыг өргөн хэмжээгээр хавчин гадуурхах зорилготой
байсан. Тагнуулчийг хорлосны дараа Их Британийн болон барууны хэвлэлүүд
маш их хүчтэй суртал ухуулгын ажил эхэлсэн байлаа. Литвиненко олон улсын
мафийн золиос болсон гэж би үзэж байна. Тэр ОХУ-ын хөрөнгийг баруун руу
гаргах ажлыг зохион байгуулж байсан. Янз бүрийн хүрээний олон хүмүүстэй
харьцаж байсан юм. Бүр луйварчидтай ч уулзаж байсан” гэв.
ЛИТВИНЕНКОГ ХОРЛОХ НЬ
В.ПУТИНД ХЭРЭГТЭЙ БАЙСАН
Их Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр Литвиненког
хороох нь ОХУ-ын ерөнхий сайд В.Путинд ашигтай байсан. Учир нь В.Путин
2006 онд ерөнхийлөгч байв. Энэ эрх мэдэл нь түүнд хангалтгүй санагдсан.
Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд улсынхаа тагнуул, дотоодын хэрэгт
оролцох нь бага байдаг. Харин ерөнхий сайд болсноор ОХУ-ын олон улс дахь
тагнуулчдын үйл ажиллагаа цэгцрэв. Литвиненког мэдэж байсан нууцтай нь
хамт хороох зорилготой байсан. В.Путин түүнтэй тагнуулын хэд хэдэн хэрэг
дээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Литвиненко В.Путиныг ерөнхий сайдын
суудалд суулгахгүй байж чадах байсан ганц хүн нь байжээ. Учир нь
тэрээр нууцыг нь мэддэг байсан гэнэ.
Энэ хэргээс болж ОХУ, Их
Британийн эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын олон олон хамтарсан
төсөл шууд зогссон байна. Хамгийн гол нь гадаад бодлогын асуудлаар
хэлэлцээр хийхэд хүндрэлтэй болов. Хоёр орны харилцааг хэвийн гольдролд
оруулахын тулд тухайн үеийн Их Британийн засгийн газар солигдох
шаардлагатай байсан аж. Тиймээс ч ерөнхий сайд Дэвид Камерон ялалт
байгуулахад ОХУ нөлөө үзүүлжээ.
Харин “Викилеакс” сайтынхан дээрх хэргийг
дэлгэсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Тус сайт дээр тавигдсан
Литвиненкогийн үхлийн талаарх мэдээллийн дийлэнх нь Их Британийн талыг
буруутгажээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин өнгөрсөн долоо хоногт
“Викилеакс” сайтын эрхлэгчийг Лондонд саатуулсантай холбогдуулж мэдэгдэл
хийхдээ “Эрхлэгч Жулиан Ассанжег баривчилсан нь учир битүүлэг байна”
хэмээв. Үүнийг дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдийн тоймчид “В.Путин Жулиан
Ассанжегийн талд зогсож байна. Энэ нь тус сайт дээр тавигдсан
Литвиненкогийн хэргийн материалтай холбоотой” гэжээ.
Бэлтгэсэн
Д.ТҮВШИНТӨР