
Испанийн шигшээ багийн хаалгачийн хувьд Өмнөд Африкт хаалгандаа хоёрхон гоол алдаж, “Алтан бээлий”-н эзэн болсон. “Реал Мадрид” багийн хаалгач маань Швейцарь болон Чилийн багуудад нэг нэг гоолыг алдсан билээ. Өдгөө 29 настай тамирчны хувьд 17 удаа хаалт гүйцэтгэсэн бөгөөд Испанийн багийг түүхэндээ анх удаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн гурван дэлхийн аваргад “Алтан бээлий” шагналыг Италийн Жанлуижи Буффон, Германы Оливер Канн, Францын Фабиан Бартец нар хүртэж байлаа.
Харин Уругвайн шигшээ багийн тоглогч Форланы хувьд тэмцээний хамгийн шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн. Тэрбээр тэмцээний үеэр нийт таван гоол оруулж, талбай дээр эсрэг багтаа хамгийн их аюул тарьдаг тоглогч нь байсан билээ. Өдгөө 31 настай, “Атлетико Мадрид” багийн довтлогчийн авсан шагналыг өмнө нь Зинедин Зидан, Оливер Канн, Роналдо нар хүртэж байсан билээ.
Германы залуу довтлогч Томаш Мюллерийн тухайд Форланы адилаар таван гоол оруулж, багаа хүрэл медальд хүргэсэн. Герман залуутай адилхан амжилтыг Форланаас гадна Испанийн Давид Вилья, Голландын Уэсли Снейдер нар үзүүлсэн ч Мюллер гурван удаа гоолын дамжуулалт өгснөөр энэхүү шагналын эзэн болсон юм. Өмнө нь Германы шигшээ багаас 1970 оны дэлхийн аваргад Герд Мюллер 10 гоолтойгоор мэргэн бууч болсон. Харин Томаш Мюллер дэлхийн аваргын түүхэнд мэргэн бууч болсон хоёр дахь залуу тоглогч болж байна. Өмнө нь 1958 онд алдарт Пеле 17 настай байхдаа зургаан гоолыг оруулж байсан юм. 2006 онд Германд болсон ДАШТ-д Мирослав Клосе мөн адил таван гоолтой мэргэн бууч болж байсан. Ингэснээр хоёр дэлхийн аварга дараалан энэ шагналыг Герман тамирчид хүртэж байна.
Score Studio