Цагтаа Уэйлсийн шигшээг ахлан тоглож байсан Гари Спид улсынхаа шигшээ багийг дасгалжуулахаар болжээ. Ердөө дөрөвхөн сарын хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлага нимгэнтэй боловч түүнд энэхүү эрхэм үүргийг ногдуулсан байна. Наймдугаар сараас эхлэн “Шеффилд Юнайтед” багийг дасгалжуулах болсон Гари Спидэд холбооны зүгээс санал тавьж, улмаар “Шеффилд” багт гэрээний нөхөн төлбөрийг төлсөн учир багийн удирдлага түүнийг ажлаас нь чөлөөлжээ. “Улс орон санал тавьж байхад татгалзах эрх байхгүй. Уэйлсийн шигшээг дасгалжуулах хүндтэй үүрэг оноосонд баяртай байна” хэмээн Спид ярьсан байна.
Шигшээ багийнхаа төлөө 85 тоглолтод оролцсон тэрбээр 3,5 жилийн хугацаатай гэрээг үзэглэснээр 2014 оны Бразилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл шигшээ багаа удирдах юм.
С.Цэлмэг