Амжилтаараа ялгар: Амгаабазарын Болормаа

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Амгаабазарын Болормаа

… АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод байрладаг Дэлхийн Банкны Төвд
нилээд хэдэн Монголчууд ажилладаг. Тэд бүгдээрээ л уйгагүй зүтгэл, нөр
их хичээл зүтгэлийнхээ ачаар энд ажиллахаар шалгарч ирцгээсэн. Энэ бол
хүн болгонд амар олдоод байдаг ч ажил биш. Хүссэн хүн болгон орж
ажиллаад байдаг газар биш.  Нэр хүндтэйд тооцогддог энэ газар ажилладаг
А.Болормаатай уулзаж  ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм.

Нэг. Намтрын товчоон

Амгаабазарын Болормаа
-1987 онд Улаанбаатар хотын 23-р тусгай дунд сургуулийг төгссөн
-1987-1991 онд Украйн улсын Львов хотод "Худалдааны эдийн засгийн дээд сургууль"-д суралцаж төгссөн
-1992-1994 онд Хятадын Бээжин хотод мэргэжил дээшлүүлэх дамжааг дүүргэсэн
-1997-1998 онд Холланд улсад Maastrict-ын менежмэнтийн сургуульд мастерийн зэрэг хамгаалсан
-1991-1992, 1994-1995 онд Зах Зээлийн Коллежид эдийн засгийн багш
-1995-1996 онд Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлагт зөвлөх

-1996-1997 онд ХААН банкин дээрх GTZ  /Герман улсын?/ төслийн мэргэжилтэн
-2000-2004 онд Индонезийн TMI компаны ахлах мэргэжилтэн
-2004-2006 онд Дэлхийн Банкны Индонезийн салбарт мэргэжилтэн
-2007-2009 онд Дэлхийн Банкны Вашингтон ДС дахь төвд Индонезийг хариуцсан мэргэжилтэн
-2010 оноос Дэлхийн Банкны Африкийн бүс нутгийн салбарт ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаа

Bolor

Хоёр. Зөвхөн урагш тэмүүлсэн он жилүүд

Г.Г-1990 оны ардчилсан хувьсгал Монголчууд бидэнд их боломжийг авчирсан.
А.Б-
Тийм ээ! Тэр тухай бодохоор "бид их азтай залуус" гэж санагддаг.
Социализмын хаалт задран унаж, дэлхий ертөнц бидний өмнө нээгдсэн. Энэ
хэрээрээ бидэнд их том боломжуудыг авчирсан шүү.

Г.Г- Яг энэ үед чи ОХУ-д сургууль төгсөж ирж байсан. Чи бас сурч байсан бүх л сургуулиуддаа "онц" сурч байсан гэсэн.

А.Б-
Би 1987 онд 23-р сургуулийг "алтан медаль" тай төгсөж, Украйны Львов
хотод "худалдааны эдийн засагч" мэргэжлээр суралцаж улаан дипломтой
төгсөж байсан.  Тэр үедээ "оюутны зөвлөлийн дарга", "Сүхбаатарын
нэрэмжит" 90 рублийн цалинтай оюутан байлаа.

Г.Г- Би дунд
сургууль болон мэргэжлийн сургуулиудад "онц" суралцдаг хүүхдүүдийн
тухай 2 янзын төсөөлөлтэй байдаг. Нэг нь анхнаасаа сурах аргаа зөв олж,
өөртөө шингээгээд "би бүх зүйлийг заавал маш сайн сурах ёстой" гэсэн
өөрийн итгэл үнэмшилтэй, хэрэгцээтэй болсон. Нөгөө нь зөвхөн багш нарын
зааж буй зүйлийг л сайн сураад, үгнээс нь гардаггүй, дуулгавартай
гүйцэтгэгчид болдог.

А.Б- Надад ингэж сайн суралцахад аав
ээж, ном 3 их нөлөөлсөн. Аав ээж 2 минь цалингийнхаа 10%-ийг заавал
номонд зарцуулна. Манайх маш сайхан номын сантай. Тэр үед орчуулгаар
ямар сайхан номнуудыг хэвлэдэг байсан гээч!
Тийм нөхцөлд би ном маш их уншдаг байсан. Хичээлдээ явтлаа ном л уншина, Тэндээс их зүйлийг ойлгож, өөртөө тусгаж авдаг.
Миний
суралцаж байсан 23-р сургууль ер нь их ч сайн сургалттай байсан л даа.
Ялангуяа гадаад хэлний сургалтаар мундаг байсан. Одоо ч хэвээрээ байгааг
сонсоход надад сайхан санагддаг юм.
7-р ангид сурч байхдаа Москва
хотод болсон орос хэлний олон улсын олимпиадад оролцож алтан медаль авч
байлаа. Биднийг буцаж ирэхэд Цэдэнбал-Филатова хүлээн авч уулзаж байсан
нь санаанд одоо ч илхэн.
Нөгөө талаар аав ээж 2 минь намайг багаасаа л
биеэ даасан хүүхэд болгон хүмүүжүүлсэн. Юм болгонд үгэлж, зааж
зааварчлаад байх биш, алив зүйлд өөрийнхөөрөө хандах хандлагыг чиглүүлж,
дэмждэг байсан хэрэг. Хүүхдэд ингэж хандахаар өөртөө итгэлтэй, бүх
зүйлийг яг таг хийхийг хичээдэг зуршилтай болно. Өдөр болгоны ажлаа
болон өөрийн ирээдүйгээ, олдож байгаа боломжиндоо тулгуурлан төлөвлөн
төсөөлж, түүнээ хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж, түүнээ хянаж
сурсан нь одоо ч миний амьдралд хэрэг болж байгаа. 

Г.Г-
Чамайг сургуулиа төгсөж ирэх үед бүх зүйл өөрчлөгдөж байлаа. Систем
задарч, хүмүүс арга эвээ олохгүй сандарч, зарим нь аз туршин наймаа
хийж, амьдралын хэмнэлээ олох гэж бүх л боломжуудыг эрж хайж байсан цаг.

А.Б-
1991 онд Львовт сургуулиа төгсөж ирж байхад энэ бүхэн дөнгөж л эхэлж
байлаа. Би ирэнгүүтээ Улсын Их Дэлгүүрт /УИД/ мэргэжлээрээ ажиллах
боломж байсан л даа. Тэр үед УИД биеэ дааж, бас ч боломжийн ажиллаж
байсан. Найзууд маань жагсаал цуглаанд оролцож, зарим нь "ганзага"-ын
наймаанд явцгаана.
Би болохоор багшийн ажил хийх их сонирхолтой.
Тэгээд нэг өдөр Санхүү Эдийн Засгийн Коллеж /СЭЗК/-ийн захирал
Амаржаргал дээр очиж, өөрийгөө танилцуулан, багшлах хүсэлтэй байгаагаа
хэлтэл тэрээр шууд л зөвшөөрсөн. Сургууль төгссөн дипломоо авахаар
Худалдааны Яам /ХЯ/ дээр очтол, миний дипломыг Зах Зээлийн Коллеж
/ЗЗК/-ийн захирал Сүхбаатар аваад явчихсан байв. Баахан гайхаж араас нь
яваад очтол "Чи улсын зардлаар сурчихаад юугаа яриад байгаа юм бэ?
Нэгэнт манай яамны нэр дээр зардлаар нь сурсан болохоор манай сургуульд
багшлах ёстой" гэж зэмлэдэг юм. Бага зэрэг маргалдсан боловч, аргагүйн
эрхэнд 21 настай залуу бүсгүй ЗЗК-д эдийн засгийн багшаар очлоо. Анхны
хичээлээ заахдаа сандарч, өвдөг чичирч байсан шүү.
Гэхдээ энэ ажил
надад олон сайхан боломжуудыг өгсөн. ЗЗК-ын эдийн засгийн тэнхим 7,8
шижигнэсэн залуустай. Бид хамтдаа үнэхээр сэтгэл нийлж ажилласан даа.
ЗЗК-ийн тэнхимийн эрхлэгч байсан Цэцэгмаа биднийг үнэхээр сайн ч
удирдаж, сайн ч сургасан.  Би одоо ч тэдэнтэйгээ найз нөхөд хэвээрээ.
Тэднээрээ их ч бахархдаг.

Г.Г-Мэдээж багшлах сайхан
байлгүй яахав. Ядаж л олон оюутан залуустай үргэлж хамт байх нь хүний
сэтгэл санаанд ямагт өөдрөг сайхнаар нөлөөлдөг.

А.Б- Багшлах
сайхан байсан ч цалин бага, амьдралд хүрэлцэхгүй. Сарын 30$ орчим
байсан байх. Би дүүтэйгээ байр хөлслөөд тусдаа амьдарч байсан л даа.
Коллежийн багш мөртлөө, амьдралдаа хүргэхийн тулд, анх удаа ээжээсээ
мөнгө зээлсэн. Яг тэр үед "ингэж амьдарч болохгүй ээ" гэдэг бодол
сэтгэлд эргэлдэж байв. Багшлах ажлынхаа хажуугаар ажиллаж мөнгө олох
амаргүй. Гэхдээ би боломжуудыг хайж л байсан.
Улс орон даяар өмч
хувьчлал явагдаж байсан тэр үед Европын Холбооны хөтөлбөрөөр манай оронд
маркетингийн сургалт семинар зохион байгуулагдлаа. Би тэр семинарт
оролцсон л доо. Тэр семинарыг итали багш нар англи хэлээр удирдаж байсан
юм. Нэг удаа орчуулагч нь семинарт ирч чадаагүйд намайг орчуулга хийх
санал тавьсан. Тэр үед би англи хэлийг дөнгөж л сурч эхэлж байсан юм.
Аргагүйн эрхэнд их л будилуу хэдий ч, орчуулагч хийсэн. Зарим нь намайг
шүүмжилж, зарим нь урамшуулж байсан хэдий ч энэ үйлдэл намайг англи
хэлийг шургуу судлахад их түлхэц болсон доо.

Г.Г-Мэдээж хэрэгцээ шаардлагаа мэдэрч, хичээж сурсан англи хэл чамд илүү их боломжийг авчирсан байх.
А.Б-Тийм
шүү! Тэр семинар нилээд том хөтөлбөрийн анхны хэсэг нь байсан. Харин
жилийн дараа "Бизнесийн Хөгжлийн Агентлаг" -аас энэ хөтөлбөрийн 2 дахь
хэсгийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрт мэргэжилтнээр ажиллах саналыг надад
тавьсан юм.
Сарын 30$ цалинтай багш надад, 150$ цалинтай ажил эдийн
засгийн хувьд ч, цааш хөгжих боломжийн хувьд ч алдаж болохгүй зүйл
байлаа.
Гэхдээ миний оронд ажиллах багш олдоогүй байсан болохоор би
хичээлийн жилийг дуустал багшийн ажлаа давхар хийсэн. Хичээлээ заагаад,
төслийн ажил дээрээ ажиллаж их л завгүй энэ хугацааг үдсэн.

Г.Г-ЗЗК-д нийтдээ хэдэн жил ажилласан юм бэ?
А.Б-
ЗЗК-д нийтдээ 4 жил ажилласан. Энэ хугацаандаа Хятадын ЗГ-ын
тэтгэлэгээр Бээжинд 2 жил "мэргэжил дээшлүүлэх" зорилгоор суралцаж,
амьдарсан даа. Хятад хэлийг тэнд нилээд сайн сурч,  2 дахь жилдээ
Бээжингийн Ардын Их Сургуульд суралцлаа. Энд нилээд их зүйлийг ойлгож
мэдэрсэн.

Г.Г- Хятадын эдийн засгийн хөгжлийг өнөөдөр
дэлхий даяар анхааран ажиглаж байна. Эдийн засагч хүний хувьд чамд
анзаарагдсан зүйл нь юу байна?
А.Б-Тэд хурдацтай хөгжиж
байна. Намайг Бээжинд суралцаж байсан 2 жилд гэхэд л миний нүдэнд дээр
Бээжин хот мэдэгдэхүйц хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байсан.
Хэдийгээр
коммунист засаглалтай ч тэд маш алсын хараатай, бодлоготойгоор зах зээлд
шилжиж байна. Эдийн засгийн бодлогоо 20, 50 түүнээс ч дээш жилээр
төлөвлөж, маш холыг харж байгаа. Хатуу гараар барьж байгаа ч тэр олон
хүмүүсийн амжиргааг бага багаар ч болов дээшлүүлж чадаж байна.

Г.Г-Европын Холбооны хөтөлбөрийн талаар эргээд ярилцья.
А.Б-
Tөсөлд 1 жил ажиллаад энэ шат дууссан. Энэ үед өмнө нь  Зах Зээлийн
коллеж-д хамт багшилж байсан Занданшатар, ХААН банкинд зээлийн хэлтсийн
даргаар ажиллаж байхдаа, уг банкин дээр хэрэгжиж байсан Германы төсөл
дээр ажиллах санал тавьсан л даа. Энэ төсөл дээр 1 жил ажиллаж байтал
Европын Холбооны хөтөлбөрийн 3-р шат эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд
хүмүүсийг шалгаруулж Европын орнуудад сургах ажиллагаа байсан. Би
шалгалт өгч тэнцсэн болохоор Европын 3 орноос сонгож суралцах сонголт
олдлоо. Би нилээд бодож, судалж байж Холландыг сонгосон.
Maаstricht
School of Management сургуульд 1 жил суралцаад мастерийн зэрэг
хамгаалсан. Том том номнуудыг уншиж судлах шаардлагатай болохоор
өглөөнөөс шөнийн 1. 2 цаг хүртэл сууна. Их л хичээж суралцсан даа.

Г.Г-Барууны сургалтын, манай сургалтаас ялгагдах онцлог нь юунд байна?
А.Б-Манай
сургалтын тогтолцоо Оросын сургалтын тогтолцоотой адил. Орос сургалт
ерөнхий зүйлээсээ нарийн руу шилжиж "задрах" маягаар явагддаг бол,
барууны сургалт нарийн зүйлээсээ ерөнхий зүйл рүүгээ "эмхтгэж, нэгтгэх"
маягаар явагддаг. Үндсэндээ эсрэг хэлбэртэй. Анхандаа амаргүй байсан.
Гэхдээ монгол хүний алив зүйлд хурдан дасан зохицох чадварын ачаар
хурдан учраа олсон. Энэ дасан зохицох чадвар бидний нүүдэлчин "цусанд"
шингэж байдаг мэт.

Гурав. Миний гэр бүл миний бахархал

Г.Г-Хэрэв дургүйцэхгүй бол гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?

А.Б-
Би Холландад суралцаж байхдаа нөхөртэйгээ танилцсан. Тэр индонез хүн л
дээ. Бид хамт суралцаж байсан юм. Их хөгжилтэй, гитар их сайхан
тоглодог, тусч сайхан сэтгэлтэй. Индонезийн  Maluku арлын хүн. Анх миний
төсөөлж байсан индонез хүмүүсээс огт өөр байсан л даа. Мэдээж танилцаж,
найзалж нөхөрлөн, бие биедээ хайртай болцгоосон.
Сургуулиа төгсөөд,
нутаг нутаг руугаа явцгааж, ар гэрийнхэнтэйгээ ярилцья, бас бие биедээ
хэр хайртайгаа, цаашид хамт амьдарч чадах эсэхээ мэдэрье гэж тохиролцсон
л доо. Бид хэдийгээр бие биедээ хайртай ч, бидний өсөж хүмүүжсэн орчин
өөр өөр, зан заншил, хэл соёлоос эхлээд ялгаатай зүйл олон байгаа
болохоор амархан шийдэх аргагүй.
Би сургуулиа төгсөөд Монголдоо ирж,
Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж байсан төсөл дээр ажиллахаар бэлтгэж
байсан юм. ЗЗК-ийн захирал байсан Сүхбаатар АНУ-д Ph.D хамгаалаад ирсэн
байсан. Тэр надад энэ ажлыг санал болгосон л доо.
Бид байнга
харилцаатай байсан ч нөхөр минь удаан хүлээж тэвчээгүй, араас минь
Монголд ирсэн. Тэр хүртэл, би өөрийн амьдралын бүх зүйлээ төлөвлөж,
хэрэгжүүлдэг байсан дадлыг минь нөхөр минь ирснээр өөрчилсөн. Мэдээж тэр
хүн ч өөрийн амьдралаа босгохыг хүсч байсан болохоор, бид бие биедээ
хайртай байсан болохоор би татгалзаагүй. Бид Улаанбаатарт гэрлэлтээ
батлуулаад, хамтдаа Индонезэд ирж амьдарцгаасан.

Г.Г-Нөхрөө дагаад харь оронд "бэр" болж ирээд амьдрахад амаргүй байсан байх?
А.Б-
Индонезэд амьдарсан эхний 2 жил амаргүй байсан. Тэд бүх ах дүүсээрээ
хамтдаа амьдарцгаана. Зан заншил нь өөр. Тэдний бодлоор, би хүүхэд
гаргаад гэртээ сууж байх учиртай. Нөхөр минь намайг тэжээнэ.
Гэтэл би
шал өөр бодолтой байдаг. " Гэртээ зүгээр суух, бусдаар тэжээлгэх" гэдэг
ойлголт миний сэтгэлд үнэхээр багтахгүй байлаа. Би тэдэнд нэг л зүйлийг
хатуу хэлсэн. "Би өөрөө ажил хийж, биеэ дааж амьдрах хүртлээ хүүхэд
гаргахгүй" гэдгээ ойлгуулсан. Тэд намайг хүүхэд гаргахыг 3 жил хүлээсэн.
Яг
үнэндээ би муу санаатай байсан л даа. "Юмыг яаж мэдэх вэ? Бүр болохгүй
бол Монгол руугаа буцна даа"  гэсэн бодлоор паспортоо үргэлж өөр дээрээ
байлгана.  Хэзээ ч буцахад бэлэн.

Г.Г- Би яг үнэндээ
ихэнх монгол бүсгүйчүүдийн энэ чанараар ихэд бахархдаг. Ямар ч хүнд
хэцүү нөхцөлд бусдын гар харахгүй, гуниж гутаж суулгүй, амьдралаа өөрөө л
авч явах гэж зүтгэдэг энэ чанар, тэр болгон бусад үндэстнүүдэд
байдаггүй.

А.Б- Тийм ээ! Бүсгүй хүн бусдаар тэжээлгээд, юу ч
хийхгүй гэртээ суугаад байвал хэн болох вэ? Хэдийгээр бие биедээ
хайртай ч нэг л мэдэхэд үнэ хүндгүй, арчаагүй нэгэн болж хувирна. Тэгээд
эцэстээ энэ амьдрал юу болж хувирах, бид хэн болж хувирах вэ? Би тэр
хүртэл, юуны тулд тэр олон сургуульд суралцаж, бас ажиллаж өөрийгөө
хөгжүүлсэн хэрэг вэ?гэж бодож байсан.
Намайг ойлгосон хадам аав минь
надад 3000$ өгч,  хамгийн сайн сургалттайд тооцогддог Индонезийн Их
Сургуулийн индонез хэлний сургалтад суралцуулсан. Энэ бол надад олдож
байгаа том боломж учраас би ихэд хичээлээ. Энэ сургалтад "онц" төгсөж,
сурлагаараа 1-р байранд ороход, 2.3 -р байранд орсон Индонезид Ph.D-т
бэлтгэж байгаа 2 япон залуу ихэд дургүйцэж бас барьцсан л даа. Сайн
суралцсан урамшууллаа аваад, хамтдаа зургаа авахуулахдаа хүртэл тэр 2
над руу эгц харахгүй байсан гээд бод доо. Нэр төрөө ихэд хичээдэг япон
залуусын хувьд, монгол эмэгтэй хүний дараа орно гэдэг их л хүнд цохилт
байсан байх л даа.

Г.Г- Нэгэнт индонез хэлийг сайн сурсан болохоор цаашдаа ажилд орох боломжтой болсон хэрэг, тийм үү?
А.Б-
Сургалтаа төгсөөд америк эзэнтэй, төсөл хэрэгжүүлдэг, хувийн
консальтинг компанид ажилд орсон. Сонирхолтой нь, миний амьдралд надад
олдож байсан бүх ажил болон боломжууд ямагт төсөлтэй холбогдож байсан
явдал. Нэг ёсондоо төсөл бол миний хамгийн сонирхолтой, хийж чадах ажил
минь болон хувирч байлаа.
Ажилд ороод хадмууддаа амалсан ёсоор хүүгээ
төрүүлсэн. Тохиолдлоор ч юм уу компаны захирлын эхнэр бид 2 хамт төрсөн
юм даг. Би ажилдаа дуртай, бид хамтдаа сайн ажиллацгааж байсан.
Тодорхой шалтгааны улмаас америк эзэн минь Америк руугаа буцах болохдоо
компаниа надад үлдээхээр санал болгосон. Энэ бас л том сонголт байлаа.
Гол учир нь эзэн буцахад, компаниас хэрэгжүүлж дуусгаагүй хэдэ хэдэн том
төслүүд байсан. Бизнесийн итгэлцэл, нэр хүндээ бодсон ч энэ төслүүдийг
дутуу орхиж болохгүй. Нөхөртэйгээ ярилцаж, түүнд ойлгуулж байж,
нөхөртэйгээ хамт энэ компанийг нь авч үлдсэн.

Г.Г-Ер нь
хүмүүсийн хамгийн сайн харилцаа итгэлцэл дээр л тогтдог. Хичнээн өөрт
амаргүй байлаа ч бусдад амалснаа биелүүлэх, үүний төлөө өөрийн чадах
бүхнээ хийнэ гэдэг л хүний "мөн чанар" юм даа.

А.Б- Бид энэ
компанийг аваад төслүүдээ л хэрэгжүүлж дуусгасан. Их ч явж, их ч
хөдөлмөрлөсөн. Нэг том төсөл нь Зүүн Тиморт хэрэгжиж байлаа. Зүүн Тиморт
явж байхдаа Дэлхийн банкныхантай тааралдаж, уулзаж ярилцаж байв.
Тэдэнтэй уулзаж ярилцахдаа би шууд л "биширсэн". Тэд ямар мундаг
мэдлэгтэй, туршлагатай, ажил хэрэгч, ямар сайхан харьцаатай байсан гээч!
Тэдний нэг нь надаас " Чи Дэлхийн Банкинд ажиллаж үзэхгүй юм уу?" гэж
асуусан.
Бидний хэрэгжүүлэх төслийн ажил үндсэндээ дуусч байсан
болохоор Зүүн Тимороос буцаж ирэнгүүтээ Дэлхийн Банкны цахим хуудас руу
орж, ажилд орох хүсэлтээ бөглөөд явуулчихлаа. Барагцаагаар 4 сарын
дараа, миний горьдлого тасарч байх үед, тэд надтай холбогдож, ярилцлагад
орохыг урьсан. Тэд хэд хэдэн шаталсан ярилцлагад оруулж намайг
шалгасан. Эцсийн шатанд тэд шууд Дэлхийн банкны Индонезийн салбарт
ажиллахыг санал болголоо.

Г.Г-Индонезэд ажиллаж амьдарч
байгаа монгол бүсгүй, Дэлхийн Банкны Индонезийн салбарт ажиллахаар
шалгарна гэдэг үнэхээр мундаг байна шүү?

А.Б-Яг үнэндээ
миний нөхөр маш их гайхсан. Гайхсандаа, "230 сая хүнээс Дэлхийн Банкинд
ажиллах индонез хүн олдохгүй байна гэж үү? Чи чинь энд бол гадны хүн шүү
дээ?" гэж дуу алдсан. Яг энэ үед түүний үндсэрхэг үзэл нь мэдрэгдэж
байсан шүү. Хариуд нь би тоглоом шоглоомоор "Чи яасан өөдгүй хүн бэ?
Эхнэр чинь Дэлхийн Банкинд ажиллах гэж байхад" гэж хэлээд л өнгөрөөсөн.

Дөрөв. Би хэнээс ч хараат бус байхыг л хүсдэг.

Г.Г- Дэлхийн Банкны үйл ажиллагааг бид төдийлэн сайн мэддэггүй.
А.Б- Дэлхийн Банк бол Улс орнуудын ЗГ-т янз бүрийн чиглэлээр зээл олгодог. Энэ зээлийнхээ хэрэгжилт, үр дүнд хяналт тавина.
Би
энд ажилд орохдоо Индонезид бүс нутгийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж
байсан. Энэ нь Индонезийн Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа, жилдээ
тэрбүм $-ын санхүүжилттэй, нилээд томд тооцогдох төсөл л дөө. Дэлхийн
Банкнаас техникийн дэмжлэг авах журмаар, тэр төсөлдөө зээл авдаг.

Г.Г- Гэхдээ энэ бол зөвхөн Индонезийн бүх нутагт хэрэгжиж байгаа төсөл үү?
А.Б-
Тийм ээ!  Индонезийн бүх нутагт хэрэгжүүлж байгаа төсөл. Би энэ төсөлд
орсноор Индонезийн бүх нутгаар явж, их ч олон хүмүүстэй уулзсан. Их ч
завгүй. Нэгэн удаагийн томилолтоор миний нөхөр, бас хадам аав минь
надтай хамт төрсөн нутгаараа явсан гээд бод доо. Тэд хааяа л нэг зав
гаргаж тийшээ явдаг байхад, би ажлын томилолтоор хэд хэдэн удаа ч авж
амжсан.

Г.Г-Гэрийн эзэгтэй ийм ажил хэрэгч, зав чөлөөгүй байхад нөхөр тань хэрхэн хандах вэ?
А.Б-Нөхөр
минь хувийн бизнестэй.  Намайг Дэлхийн Банкинд ажилд орж зав чөлөө
муутай болоход нөхөр минь ойлгож, зөвшөөрсөн. Нөхөр минь хүүдээ илүү
анхаарал тавина. Нэг ёсондоо би кареер хөөж, нөхөр минь кареерээ
орхихоос аргагүй болсон гэсэн үг. Нэг гэр бүлийн 2 хүн хоёулаа кареер
хөөх боломжгүй, амьдралынхаа төлөө нэг нь татгалзахаас аргагүй болдог
олон тохиолдлууд амьдрал дээр мэдрэгддэг.

Г.Г- Америкт яагаад ирсэн юм бэ?
А.Б-Намайг
Дэлхийн Банкны Индонезийн салбарт ажиллаж байхад аав минь Монголд
өвчний улмаас өөд болсон. Ээж минь ганцаардаж, би монголдоо буцахаар
шийдлээ. Тэгээд  Дэлхийн Банкны Монгол дахь салбарт ажиллахаар хүссэн
боловч, монгол хүн монголдоо очихоороо "local staff" буюу дотоодын
ажилтан болох ёстой. Гэтэл би үүнийг хүсээгүй.  Mиний дүү тэр үед
Нью-Иорк дахь Columbia Их Сургуульд мастерийн зэрэг хамгаалаад монголдоо
буцан ирж, ээжид ханьтай байх болсон нь ч миний энэ шийдвэрт нөлөөлсөн.
.Tэгээд би АНУ- д байдаг Дэлхийн Банкны төвд ажиллах хүсэлтээ гаргаж,
тэнцсэнээр энд ирсэн дээ.

Г.Г-Чи яагаад заавал Африкийг сонирхох болсон юм бэ?
А.Б-
Дэлхийн Банкны анхаарлын төв нь Африк л даа. Тэнд маш олон төслүүд
хэрэгждэг. Би энд анх ажилд орохдоо л Африкийг сонирхож байгаагаа
даргадаа  хэлсэн. Төв оффист 2 жил Индонезийг хариуцсан мэргэжилтнээр
ажиллаж байгаад, сая 10 сард Африкийн бүс нутгийн чанарын хэлтэст
ажиллах болсон.  Африкт очиж ажиллахын тулд одооноос бэлтгэлээ хийж
франц хэл сурч байна. Африкчууд ихэвчлэн англи, францаар ярьдаг болохоор
ажил хэргийн шаардлагаар ч гэх юм уу даа.

Г.Г- Чи ер нь хэл сурах авьяастай юм шиг. Одоогоор орос. хятад, англи, индонез, францаар ярьдаг гэж бодохоор?
А.Б-Үгүй
ээ! Ажил хэргийн шаардлагаар сурах хэрэгтэй болдог. Би хэлийг сонсоод
сайн сурч чаддаггүй юм. Харин танхимд суугаад академик сургалтаар бол
гайгүй сураад байдаг. Тэгэхээр хэлний авьяас сайн биш хэрнээ, хичээлээр
их сайн сурч дадсаных байх. Одоо энд  Community College-д  оройгоор
франц хэл сурч, нөхөр минь  өдөр нь өндөр түвшний англи хэлний хичээлд
сурч байна. 

Г.Г-Дэлхийн банкинд өөр чиглэлээр ажилладаг ч, Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийг сонирхдог уу?
А.Б-
Ажил хэргийн шугамаар биш ч, монгол хүн болохоор хувиараа хааяа
сонирхоно. Гэхдээ мэдээж санал болгох, нөлөөлөх боломжгүй. Сүүлийн үед
малын даатгалтай холбоотой төсөл нилээд гайгүй үр дүнтэй хэрэгжиж
байгаа.
Авилгалтай холбоотой асуудлууд дээр Дэлхийн банк сүүлийн үед
нилээд анхаарлаа хандуулж байгаа. Мөн хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ
бодит үр дүнд ч их анхаардаг болсон.

Тав. Би нүүдэлчин удмын монгол бүсгүй гэдгээрээ их бахархдаг.

Г.Г-
Өнгөц харахаар чамайг "ямар азтай бүсгүй вэ? бүх л юм нь шууд л бүтээд
байгаа" мэт бодохоор. Нөгөө талаас харахаар өмнөө зорилго тавиад, олон
боломжуудаас уйгагүй сонголт хийж ямагт урагшаа тэмүүлж яваа нь
мэдрэгдэж байнаа. Мэдээж мөнгөөр бус оюун ухаан, мэдлэг чадвар, уйгагүй
зүтгэлээр л энэ бүхнийг бий болгож байгаа нь хамгаас сайхан санагдаж
байна.

А.Б-Аав ээж 2 минь намайг болон миний дүүг багаасаа л
бие дааж шийдвэр гаргах, бие дааж амьдралаа авч явахад сургасан. Тэд
биднийг учиргүй эрхлүүлж, юм болгон дээр өмөөрөөд байдаггүй ч сэтгэлдээ
ямагт хайрлаж дэмждэг.
Нөгөө талаас 23-р сургууль надад их нөлөөлсөн.
Алив зүйлийг маш сайнаар сурах арга барилыг, бас нийгмийн идэвхийг тэнд
л өөртөө шингээсэн. Би бүх л ажлаа төлөвлөж, зорилгоо тодорхойлж,
түүндээ хүрэхийн тулд бүх л боломжийг дайчилж чаддаг чадварыг эднээс л
олж авсан. Хичнээн зав чөлөөгүй, амралтгүйгээр зорилго руугаа тэмүүлж
байхдаа, зорилгодоо хүрч чадаж байхдаа  л өөртөө сэтгэл хангалуун, аз
жаргалтай байдаг.

Г.Г-Сургуульд "онц" сурна гэдгээсээ илүүтэй нийгмийн идэвхтэй байлгах нь хүүхдийг хөгжүүлэх нэг боломж нь болдог юм шиг.
А.Б-
Би 23 -р сургуульд сурч байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Янз
бүрийн "дарга" хийж, олон янзын ажил зохион байгуулна. Львовт суралцаж
байхдаа хүртэл "оюутны зөвлөлийн дарга" байсан. Энэ болгон намайг ямар
нэгэн хэмжээгээр хөгжүүлж л байсан.
Сүүлд Индонезэд амьдарч байхдаа
хаа нэгтээ монгол хүн ирэх сургаар уулзах гээд хүлээгээд  зогсчихно.
"Сайн байна уу? Би монгол хүн байнаа" гээд очихоор зарим нь ойлгоно,
зарим нь гайхна. Зүүн Тиморт явж байхдаа энхийг сахиулах ажлын
хэрэгжилттэй танилцах гэж ирсэн Монголын УЙХ-ын гишүүдтэй уулзахад "энэ ч
ёстой монгол хүн хөл тавиагүй газар байна даа  гэж байсан чинь монгол
хүн бас байнаа" гэж гайхан, хошигноцгоож байсан.. Монголоо их санана.
Харьд монгол хүнтэй тааралдахаараа учиргүй баярлана.
Вашингтонд манай
гэрийн ойролцоо монгол сургууль байгааг мэдээд ихэд баярлаж, өөрөө ирж
уулзсан. Хүүхдээ ч энэ сургуульд бүртгүүлж, өөрөө эцэг эхийн зөвлөлд нь
ороод янз бүрийн ажилд дэм болох санаатай явдаг. Нөхөр минь хүртэл
монгол сургууль дээр ирэх дуртай. Ирээд өөрийн чадах бүхнээрээ эдэнд
туслахыг хичээнэ.
Миний нийгмийн идэвх, төсөл дээр ажиллахад маш их
хэрэг болдог. Төсөл хэрэгжүүлэхээр олон газраар явж, олон хүмүүстэй
уулзаж ярилцаж байхдаа би үнэхээр дуртай.

Г.Г- Зорилго тань олон сайхан боломжуудыг чамд өгч байжээ. Одоо дараагийн зорилго тань?

А.Б-Африкт
явж ажиллана. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Одоо энд бол би дарга маягаар
ажилладаг. Шийдвэр гаргаж, хэн нэгэнд үүрэг өгөх. Харин би яг "халуун
тогоонд" буцалж байх дуртай. Нөхөр минь намайг "нүүдэлчин цустай" гэдэг.
Нөхөр минь суурин тухлаг амьдралд дуртай.
Гэтэл намайг "нүүдэлчин
цус" минь хатгаж,  хэрэгтэй газраа очиж, чадах зүйлээ хийхийг "
шаарддаг". Яагаад гэвэл би монгол бүсгүй. Би хаа ч явсан монголоороо
овоглож, монгол гэдгээрээ бахархаж явдаг.

Г.Г- Би чамаар
үнэхээр бахархаж байнаа. Монголчууд бид гадаад хүнтэй суусан монгол
бүсгүйчүүдийн талаар янз бүрээр ярьж, янз бүрээр төсөөлдөг. Гэтэл чи
надад шал өөр ойлголт, шал өөр төсөөлөл мэдрүүллээ.

А.Б-Хүн
болгон адилгүй. Монголчуудын дунд ч сайн муу хүмүүс байдагтай адил,
гадаад хүмүүсийн дунд ч бас сайн муу хүмүүс бий. Хамгийн гол нь сэтгэл
зүрхний хайр, бие биеэ ойлгох, бие биеэ хүндлэх хүндлэл л чухал.
Ер
нь би эмэгтэй хүнийг хэнээс ч хараат бус биеэ даасан байгаасай гэж
хүсдэг. Яагаад чи заавал бусдаар тэжээлгэж, бусдын халаасыг харж суух
ёстой гэж? Чи бусадтай л адилхан хүн. Хэрэв чи өөртөө зорилго тавиад,
хичээж зүтгэх юм бол чамд олон олон боломжууд олдох л болно.

Г.Г-
Чамтай ярилцахад маш сайхан байлаа. Чамайг зорилго руугаа тэмүүлж
байгаа олон олон залууст сайн үлгэр дуурайлал байгаасай гэж хүсч байна.
Зорилго тань биелж, амьдрал тань аз жаргалтай байх болтугай.

А.Б-
Танд ч бас баярлалаа. Би мундаг нь биш ээ. Жирийн л монгол бүсгүй. Олон
олон мундаг монгол залуус энэ дэлхийн олон оронд, бас Монголдоо ажиллаж
амьдарч яваа. Бид чинь өөдрөг заяатай монголчууд шүү дээ. Бид бие
биенээ ойлгож, сайн сайхан бүхнээ дэмжиж чадвал хамтдаа л хөгжиж чадна.
Та нарт ч бас амжилт хүсье.
… Болормаа бид 2 зөндөө удаан ярилцаж
суулаа. Хайр сэтгэлээрээ гадаад хүнтэй суугаад, харь оронд амьдарч
байхдаа өөрийн зорилго, хүсэл мөрөөдлөө орхилгүй, түүнийхээ төлөө
зүтгэж, бусдад ойлгуулж, түүндээ хүрч чадаж байгаа нь надад хамгаас
бахархалтай санагдаж байсан. Өдгөө монголчууд бид энэ асуудалд хэт
туйлшрамтгай, бас хэт өнгөц ханддаг тал бий. Гэхдээ олон олон монгол
бүсгүйчүүдэд "цусанд нь шингэсэн" омгорхол, бардамнал өөдрөг сайханд
хөтөлж явааг бид мэдэрч байна. Бид 2-ыг ярилцаад дуусч байхад нөхөр
Pierre Jacobs, хүү Сэргэлэн 2 нь ирж,  бид танилцсан юм.  Тэд хамтдаа
үнэхээр сайхан харагдаж байлаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Эх сурвалж: Orloo.info

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж