-Аймгийн хэмжээнд өвөлжилт, цаг үеийн байдлын талаар сонирхуулаач?
-2009, 2010 оныг давсан туршлагаас сургамж аваад энэ өвөл, хаврыг даван туулах бэлтгэлийг сайн хангасан гэж болно.Энэ ажилд аймгийн нийт иргэдийг татан оролцуулах арга хэмжээ авсан. Мэдээж оролцоо харилцан адилгүй ч бид зун, намраас олон арга хэмжээ авч эртнээс бэлтгэл хангасан учир өвлийг амжилттай давна гэж бодож байна. Наадмын маргаашаас эхлээд л тодорхой зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Бүх баг, сумууд өөрийн гэсэн өвс тэжээлийн нөөцтэй болсон. Аймгийн өөрийн нөөцөд 400 гаруй тонн өвс тэжээл бэлэн байна.Улсын нөөцийн дөрвөн салбарт 2000 -аад тонн өвс тэжээл бэлэн байна. Цаг хүндэрсэн тохиолдолд хэрэглэнэ. Малчин өрх айлын өөрсдийн бэлдсэн өвс тэжээл ч бас байгаа. Энэ өвлийг давах бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байна.
-Цас их орж, цаг хүндэрвэл ямар арга хэмжээ авах бодлого чиглэл барьж байгаа вэ?
-Хоёр сая гаруй мал байна. Өвөлжилт хүндрэх юмаа гэхэд бэлтгэлээ сайн хангасан. Өвс тэжээлийн нөөц байна. Одоогоор мал тарга хүч сайн байгаа. Гэхдээ говийн зарим сумд газрын гарц тааруу байсан болохоор цас их орвол хүндэрч болзошгүй. Харин отрын тухайд гэвэл манай аймгийн бэлчээрийн даац харьцангуй сайн биш. Гэхдээ хаяа багтвал буудаг, хамар багтвал иддэг гэгчээр хөрш зэргэлдээ аймгуудынхаа нутаг руу өвөлжүүлж байна.