
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 15-нд байгуулагдсан “Иргэний танхим” өнөөдөр нэг нас хүрлээ. Энэ хугацаанд тус танхимын 19 удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт 1643 иргэн, 49 удаагийн уулзалт, хурлуудад 2781 иргэн, нийт иргэний танхимын 68 удаагийн үйл ажиллагаанд 4424 иргэн биечлэн оролцож санал санаачилга дэвшүүлжээ. “Иргэний танхим”-ын зорилго нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох явцад иргэн бүрийн оролцоог бий болгох, улмаар иргэн төвтэй төрийн тогтолцоонд шилжих, нийгмийн хариуцлага, хяналт, ил тод, нээлттэй байдлыг хангахад оршдог байна. Иргэний танхимаас өнөөдөр “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудтай гэрээлэх тогтолцооны эрхзүйн орчинг хөгжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгэж байгаа өнөөгийн туршлагад тулгуурлан эрхзүйн орчинг боловсронгуй болгох талаар санал солилцох, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах ажлыг зохион байгуулах юм.