Эрдэмтэд суурь эснээс хиймэл эс гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд суурь эснээс хиймэл эс гарган авчээ

Анагаах ухааны эрдэмтэд анх удаагаа
суурь эсийн технологийн тусламжтайгаар гэдэсний хиймэл эсийг гарган
авсан ба уг эсийг цаашдаа лабораторийн судалгаанд болон анагаах ухаанд
ашиглана гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын өгүүлэлд дурдсан
байна.

«Энэ шинэ нээлт нь хуруу шилэнд байгаа
суурь эсийг гэдэсний эд эс болгон хувиргаж болдгийг анх удаа харуулсан
туршилт боллоо. Бидний хийсэн ажил нь нарийн гэдэсний үрэвсэл болон
дотор эрхтний бусад өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл найдвар өгнө»
гэж Цинцинатти хүүхдийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн эрдэмтэн,
судалгааны удирдагч Жеймс Уэллс хэлжээ.

Суурь эс нь эрдэмтэн, эмч нарын
сонирхлыг маш ихээр татдаг байна. Учир нь уг эс бие организмын 200 гаруй
төрлийн эсэнд хувирах чадвартай ажээ. Гэхдээ насанд хүрсэн бие
организмд уг эсүүд нь бараг байдаггүй бөгөөд тэдгээрийн үлэмж хэсэг нь
зөвхөн хүний үр хөврөлийн үед боловсордог байна. Ийм учраас сүүлийн
жилүүдэд цогц хэд хэдэн аргыг боловсруулсан нь насанд хүрсэн хүний
биеийн арьсны эсээс суурь эсийн шинжийг агуулсан эсийг гаргаж авах арга
юм.

Эрдэмтдийн баг судалгааны ажилдаа
цаашдаа тэдгээрээс гаргаж авсан эсийг шилжүүлэн суулгах боломжийг
харьцуулан судлах үүднээс хүний үр хөврөлийн суурь эсийг ашигласан
байна.

Тэдгээр эсүүдийг гэдэсний эд эс бий
болгон хувиргахын тулд эрдэмтэд химийн урвалж болон биологийн нэмэлт
молекулын тусламжтайгаар хүний үр хөврөлд боловсрогддог нөхцөлтэй адил
нөхцөлд хуруу шилэнд уг эд эсийг ургуулан авчээ. Ингээд 28 өдрийн турш
үргэлжилсэн судалгааны дүнд, эрдэмтэд эхийн хэвлийд байгаа ургийн
гэдэсний эд эсийн бүтэцтэй төстэй гурван хэмжээст эс гарган авч чаджээ.

Эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүнд
тулгуурлан шинэ эм гарган авах, тэрчлэн эс шилжүүлэн суулгах аргыг
боловсруулахаар ажиллаж байна.

Д.Жаргал


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж