Хөлбөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин, Бразилийн үндэсний баатар болох Пеле нэрээрээ алдаршсан Эдсон Арантес ду Насименту өдгөө 69 настай. “Хөлбөмбөгийн хаан” гэгддэг Пеле 15 настайдаа “Сантос” клубээс их спортын замналаа эхлүүлсэн бөгөөд 16-тайдаа үндэснийхээ шигшээ багт дуудагдан улмаар 17-хон настайдаа FIFA-гийн Дэлхийн аваргын цом хүртжээ. Түүний тоглолтын техник, ур чадвар болон байгалиас заяасан төрөлхийн чадвар нь өдгөө ч дэлхий нийтийг гайхашруулдаг юм. Бразилийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч тэрбээр Дэлхийн аваргын цом гурвантаа хүртсэн цорын ганц тоглогч юм. 1977 онд их спортоо орхиж, зодог тайлснаас хойш Пеле дэлхий дахинаа хөлбөмбөгийн элчийн үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Британийн спортын сэтгүүлч түүнтэй орчин цагийн хөлбөмбөг, Криштиан Рональду зэрэг сонирхолтой сэдвээр хүүрнэсэн ярилцлагыг толилуулж байна.
-Пеле, өнөөгийн хөлбөмбөгчид дэндүү “эрх” болсон гэдэгтэй санал нийлэх үү? Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь, өнөөгийн тоглогчид бүхнийг маш амар хялбараар олж авч байна. Мэдээж тэдэнд тодорхой хэмжээний дарамт шахалт гэж бий. Гэхдээ бүх зүйл дээр тэднийг анхаарч, тэдний хүслийг харгалздаг болж. Бобби Чарьлтон бид хоёр сайн найзууд. Нэг өдөр би Боббитой яриад, Английн тоглогчид хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа талаар ярилцсан. Тэдний бэлтгэл хийх таатай орчинг бүрдүүлж, хамгийн сайн гэсэн гутал, өмсгөл, бөмбөг, талбай гээд бүхий л зүйлсээр хангаж байна. Бидний үеэс огт өөр болжээ.
-Та “Нью-Йорк Космос”-той гэрээ байгуулахаас өмнө карьерынхаа бүхэл бүтэн 18 жилийг Бразилийн “Сантос” клубт өнгөрүүлсэн. Европт тоглохсон гэж бодож байв уу?
-1960-аад оны үед би “Манчестер Юнайтед”-д очих шахсан. Тухайн үед би энэ хэр чухал зүйл болохыг мэдээгүй. Надад “Сантос”-т байх нь сайхан санагддаг байсан болохоор явахыг хүсээгүй юм. Бас “Реал Мадрид”, “Ювентус” руу ч явж болохоор байлаа. Гэхдээ аль нь ч миний сонирхлыг татаагүй. Энэ хоёр багууд хоёулаа л Бразилийн тоглогчдыг худалдан авч байсан. “Ювентус” бүр надад “Fiat” группын хувьцаа санал болгож байсан ч би “үгүй” гэж хэлсэн. Манай багийн ерөнхийлөгч зөвшөөрөхөд бэлэн байхад ч би үргэлж “Сантос”-т үлдэхийг эрхэмлэдэг байлаа.
-Таны үетэй харьцуулахад өнөөгийн тоглогчид үнэнч шударга ёсыг умартаж байна гэвэл болох уу?
-Хөлбөмбөгчийн хувьд мөнгө надад хэзээ ч чухал байгаагүй. Зарим тоглогчид мөнгөний төлөө баг солин, шилжиж байгааг хараад урам хугардаг. Үнэнийг хэлэхэд үнэнч шударга байдал олж харагдахгүй л байна. Ичгэвтэр хэрэг шүү. Өнөөдөр нэг багийн сүлдэнд мөргөж, түүнийг үнсч байхад дараагийн долоо хоногт өөр багийн сүлдэнд мөргөж л байдаг. Тэдний хувьд бол энэ огтхон ч хамаагүй. Тэд урваж л байдаг. Миний харамсч байгаа ганц зүйл бол тэдгээр залуусыг харж, үлгэр дуурайл авч байгаа хүүхэд багачууд юм. Тэд өөрийн хайртай тоглогчоо дагах уу, эсвэл дуртай багаа дэмжих үү гэдгээ ч мэдэхээ больчихдог.
-Английн хөлбөмбөгийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Английн багууд үргэлж миний сонирхлыг татсаар ирсэн. 1970, 80-аад онд би “Ливерпуль”-ийн улаан фен байлаа. Чухам яагаад гэдгийг мэдэхгүй ч, магадгүй тухайн үед “Ливерпуль” шилдэг баг байсан болохоор тэднийг шүтэж, тэднийг дагаад л явдаг байсан байх. Харин сүүлийн 10, 15 жилийн хугацаанд “Манчестер Юнайтед”-ыг дагаж, тэдний тоглолтыг үзэх нь сайхан санагддаг болсон. Тэд маш зөв арга барилаар тоглодог. “МанЮ” бол Бразилд хамгийн алдартай баг. Премьер лигийн тухайд дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Үүнд эргэлзэх зүйл юу ч байхгүй.
-Премьер лигт тоглож буй Бразил тоглогчид жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ талаар?
-Миний бодлоор, “Ливерпуль”-ийн Лукас, “МанЮ”-гийн Андерсон зэрэг Бразилийн залуу тоглогчид Англи, Испани эсвэл Италид хөлбөмбөг тоглохоос өмнө Европын бусад улсын лигт хүч үзэх хэрэгтэй. Роналдо, Роналдиньо нар Европын амьдралд дасан зохицохын тулд өмнө нь Голланд, Францад тоглож л байлаа шүү дээ. Бразилийн хөлбөмбөгөөс Европын асар том хөлбөмбөгийн ертөнцөд шууд хөл тавьж, сайн тоглоно гэдэг юу л бол. Үнэхээр маш хэцүү. Лукас гэхэд л Стивен Жеррард, Хавьер Маскерано нарын хослолыг орлох гээд үзэж тарж байна. Би Маскеранаг их биширдэг юм. Тэр хагаст үнэхээр сайн тоглодог, бөмбөгөө залах, хуурах зэрэгт гарамгай. Миний бодлоор түүнийг дутуу үнэлээд байх шиг.
-Криштиан Рональдугийн талаар юу хэлэх вэ? FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгч шүү дээ. Таны дуртай тоглогч мөн үү?
-Рональду надад Жорж Бэстийг санагдуулдаг юм. Би түүнийг олон жилийн өмнө хүндэлж явдаг байлаа. Бэст мандаж байх тэр үеийг санагдуулдаг хамгийн ойр хүн бол Рональду. Зүүн болон баруун жигүүрт бөмбөг эзэмшээд чадварлагаар хурдтай довтолж байгаа нь яг ижилхэн. Бас тэр Бэсттэй ижил дугаартай улаан өмсгөл өмсдөг. Би Рональдугийн тоглолтыг харах дуртай. Хувийн чадвар сайтай, авьяаслаг тоглогч.
-Та дасгалжуулагчийн хувиар өөрийгөө сорьж байгаагүй. Харин өнөө цагийн дасгалжуулагчдаас хэнийг хамгийн шилдэг нь гэж бодож байна?
-Миний дуртай дасгалжуулагч бол Жозе Моуриньо. Тэр хувь хүний үүднээс, бас түүний дасгалжуулагчийн арга барил надад таалагддаг. Амжилт дагуулдаг, тэсвэр хатуужилтай бас дэг журамтай залуу. Өнөөгийн хөлбөмбөгт дэг журам, сахилга бат их чухал болоод байна. Үнэхээр сайн зүйл шүү. Би Моуриньог дасгалжуулагчийнх нь хувьд өндрөөр үнэлдэг. Бас түүний шулуухан яриа надад таалагддаг юм.
-Эцэст нь, “Escape to Victory” /1981 онд дэлгэцнээ гарсан бөгөөд Пеле, Бобби Мур, Освальдо Ардилес, Поль ван Химст, Казимеж Дейна нарын шилдэг хөлбөмбөгчид, Сильвестр Сталлоне болон Майкл Кейн нар гол дүрд нь тоглосон / киноны талаар яриач!
-Эргээд дурсахад үнэхээр хөгжилтэй байна. Кино зураг авалтын үеэр ердөө 15-хан хоног хамт байсан ч бид маш сайхан цаг мөчийг өнгөрүүлсэн. Майкл Кейн /Оскарын шагналт Британийн алдарт жүжигчин/ үнэхээр сайн хөлбөмбөгч байсныг тодхон санаж байна. Хэрэв тэр жүжигчин болоогүй бол мэргэжлийн хөлбөмбөгч болох байсан даа. Тэр кинонд Кейн мэргэжлийн хөлбөмбөгчидтэй хамт үнэхээр сайн тоглосон. Энд бас Сильвестр Сталлонегийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тэр хөлбөмбөг огтхон ч ойлгодоггүй байсан. Бөмбөг өшиглөхдөө муу, бүр үнэхээр тааруу, хөдөлгөөнгүй байгаа бөмбөгийг ч хүртэл. Би түүнд зааж өгөх гэж өчнөөн цаг зарцуулсан боловч ямар ч үр дүн гараагүй. Үнэхээр тааруу байсан нь одоо ч инээд хүргэж байна шүү /Инээв/. Тиймээс киноны зохиолыг өөрчлөөд тэр чухал гоолын эзэнг намайг болгож өөрчилсөн юм даа.
С.Шүр /2010.01.26/