101 зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

101 зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Засгийн газраас 2010 оныг бизнесийн шинэтгэлийн жил болгон зарласан тул Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн зургаан сарын хугацаанд ажиллаж, аж ахуйн үйл ажиллагааны 152 зөвшөөрөл, бусад 151 зөвшөөрөл, хууль эрх зүйн 35 зөвшөөрөл олгож байгааг нэр бүрчлэн судалж, эдгээрээс 101 зөвшөөрлийг хүчингүй болгох боломжтой гэж үзжээ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд баталсан байна. Тухайлбал, барилга барих зөвшөөрөл авахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсан нь 480 орчим хоног зарцуулахад хүргэж байсан. Одоо бол энэхүү зөвшөөрөл авах эрхийг 56-гаар цөөрүүлсэн учраас бизнес эрхлэгч нь 182 хоногт багтаан барилга барих зөвшөөрлөө авах боломжтой болж буй аж.  Гэхдээ нэг зүйлийг онцолход эдгээр 101 зөвшөөрөл зөвхөн өнөөдрөөс эхлээд хүчингүй болчихгүй. Эдгээр 101 зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбоотойгоор нийт 21 хуульд өөрчлөлт оруулна. Эдгээр хуульд өөрчлөлт оруулах төслөө Засгийн газар удахгүй УИХ-ын даргад өргөн мэдүүлэх бөгөөд шинэ оноос урьтан чуулганаар баталж, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэрхүү 101 зөвшөөрөл нийтдээ хүчингүй болох тэр боломжийг хангахаар ажиллаж буй тухай Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж