Шөнийн тарифыг тэглэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Шөнийн тарифыг тэглэх боломжгүй

УИХ-ын өнгөрсөн долоо хоно­гийн чуулганаар эрчим хүчний үнийг чөлөөлөх
тухай тог­тоолын төслийг авч хэлэлцэв. Уг төсөлд хуучин нийгмийн
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар явж байгаа цорын ганц
салбар болох эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлэх саналыг
тусгасан байсан юм. Одоогоор эрчим хүчний салбар үйлдвэрлэж байгаа
өртгөөсөө хямд буюу нэг киловатт цахилгааныг 79 төг­рөг 80 мөнгөөр
худалдаалснаас болж алдагдалд ороод байгаа тухай энэ салбарынхан
гомдоллодог. Ха­рин нэг киловатт цахилгааны бодит өртөг нь 86.7 төгрөг
юм байна. Зах зээлийн нийгэмд орлого нь зар­лагаасаа давж байж үйлчилгээ
явуулах журамтай байхад цаашид ингэж ажиллаж чадахгүй гэдгийг энэ удаа
эрх баригчдад эрчим хүч­ний салбарынхан дээрх төслөөр дам­жуулан шуудхан
хэлсэн нь энэ юм. Тиймээс ч энэ удаад УИХ-аас сард 150 киловаттаас дээш
цахилгаан хэрэглэгчдийн эр­чим хүчний үнийг чөлөөлөхийг дэм­жихээр
болсон. Тиймээс эрчим хүч­ний салбарынхан нэг киловатт цахилгааны үнийг
шатлалтайгаар нэмж, ирэх онд 97.40, 2012 онд 108, 2013 онд 110.70 төгрөг
болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Хэрэв ин­гэж чадвал тус салбар
жамаараа хөг­жих бололцоотойг дуулгаж, олон ний­тэд хүссэн хүсээгүй
цахилгааны үнийг дээрх байдлаар нэмэхээ сануул­саар буй юм.

УИХ-ын чуулганаар эрчим хүч­ний тогтоолын төслийг хэлэлцэж байх явцад
цахилгааны шөнийн тари­фыг тэглэж, агаарын бохирдлыг буу­руулах,
цахилгааны шөнийн хэрэг­лээг дэмжих санал гэнэт гарсан нь цочир сонин
явдал болж байна. Энэхүү саналыг УИХ-ын за­рим гишүүн дэмжиж, ямар нэг
бо­ломж бий эсэхийг судлахаар бол­сон билээ. Харин гэнэтийн саналыг
эрчим хүчний салбарынхан амьдрал дээр биелэхэд бэрх асуудал гэж
сануулсаар байна. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн цахилгааны үнийг
нэ­мэхгүйн тулд эрчим хүчний салбарт төсвөөс татаас олгож эхэлсэн. Харин
тэрхүү арван тэрбум төгрөгийн татаас нь эр­чим хүчний салбарын өрийг
дарахад л зарцуулагддаг. Харин хуримтлал бий болдоггүй, эхлээд
бүтээгдэхүүнээ өгөх, дараа нь төлбөрөө авах хэл­бэрээр үйлчилгээ
үзүүлдэг тус сал­барт энэхүү татаас хүрэлцдэггүй ту­хай мэргэжилтнүүд нь
ярьсаар бай­гаа. Ирэх жил л гэхэд улсаас тус сал­барт 15 тэрбум
төгрөгийн татаас өгө­хөөр болсон ч өсөн нэмэгдэж бай­гаа хэрэглээний
зардлыг нөхөж хү­рэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж.  Тиймээс цахилгааны
үнийг өсгөхгүйн тулд татаас өгөх маягаар аргацаасаар байгаа энэ үед
цахилгааны шөнийн үнийг тэглэх арга нь оновчгүй хэ­мээн тэд үзэж байгаа
юм. Мөн өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа цахил­гааны хэрэгцээг хангаж
чадахгүй чадлын дутагдалд орж байгаа энэ үед цахилгааны шөнийн тарифыг
тэг­лэж, улсаас мөн л татаас өгөх маягаар ажиллавал эрчим хүчний
сал­барынхны авч чаддаггүй өр дахин нэг төрлөөр нэмэгдэж, их хэмжээний
ал­даг­далд орохыг ч онцолж байгаа юм. Үүнээс гадна цахилгааны шөнийн
хэрэглээний үнийг тэглэлээ гэхэд  хэрэглээ нь станцуудын хүчин чадлаас
хэ­тэрч, чадлын дутагдалд орсноор өр ав­лагаас илүү эрчим хүчний
салбарын хямрал үүсэхийг са­нуулж байна. Харин эрчим хүчний үнийг
чөлөөлж, тус салбар нь эдийн засгийн горимд шилжин цахилгааны эх
үүсвэрүүд нэмэгдсэний дараа ца­хил­гааны шөнийн хэрэглээний үнийг тэглэх
бус бууруулж, ийм төрлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд урамшуулах
гарцыг хайх бо­ломж­той юм байна. Үүний дараа тус салбарынханд одоо өгч
байгаа та­таасаар гэр хорооллын  айлуудын цахилгааны шөнийн хэрэгцээний
үнэд зохицуулалт хийх боломж бий гэдгийг хэлж байна.

Нөгөө талаар төрөөс эрчим хүч­ний салбарт татаас өгч, гадны
хөн­гөлөлттэй зээл, буцалтгүй туслам­жийн тал хувийг шингээж, тоног
төхөөрөмжийг шинэчлэх замаар цахил­гааны үнийг барьж байхад иргэ­дээ
бодохгүй ашиг хонжоо олохын тулд үнэ нэмэх алхам хийж байна хэ­мээн тус
салбарынхныг  буруутгах иргэд ч олон байна. Тухайлбал, нийс­лэлийнхний
цахил­гааны шөнийн хэ­рэглээ маш бага учир илүүдэл цахилгааныг ОХУ-д
үнэгүй шахам экс­портлодог. Үүнийхээ оронд цахил­гааны шөнийн үнийг
тэглэх боломжтой гэсэн санал гаргаж байгаа юм. Харин энэ талаар Эрчим
хүчний зохицуулах газрын Үнэ тарифын албаны мэргэжилтэн Д.Цэ­рэннадмид
“Цахилгааны шө­нийн хэрэглээг нэмэхийн тулд нэг киловатт цахилгааны
шөнийн үнийг 44 төгрөгөөр тооцож авдаг. Ха­рин илүүдэл цахилгааныг ОХУ
руу үнэ­гүй экспортолдог асуудал байх­гүй. Зохих хэмжээний төлбөрийг нь
авсны үндсэн дээр экспортолдог. Зах зээлийн горимд шилжээгүй цагт эрчим
хүчний салбар гадны зээл тусламжийн ихэнхийг авахаас өөр арга байхгүй.
Учир нь эрчим хүч­ний салбар техник технологио шинэчлэх хэмжээний ашиг
олохын оронд алдагдалтай ажилласаар бай­на. Хэрэв ийм аргаар ч болтугай
тех­никийн шинэчлэл хийхгүй бол эрчим хүчний чадлын дутагдалд орж,
цахилгааны байнгын хязгаарлалтын горимд шилжинэ шүү дээ. Хэрэв
ца­хилгааны үнийг чөлөөлж чадвал энэ­хүү зээл, тусламжийг өөр салбарт
ашиг­лах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Харин цахилгааны шөнийн үнийг тэг­лэх тухай санал гаргасан УИХ-ын гишүүн
Л.Гантөмөр “Одоогоор шө­нийн тарифыг тэглэх тодорхой шийд­лүүд байгаа ч
алийг нь сонгохоо ший­дээгүй байна. Ямартай ч энэ чиг­лэлээр бодлого
боловсруулж, 2012 он гэхэд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Үүнд
эрдэмтдийн хүчин чар­майлт маш чухал. Цахилгааны үнийг чөлөөлөх санал нь
шөнийн цахилгааны үнийг тэглэх саналтай одоохондоо зөрчил­дөж байгаа
боловч алсдаа шийдэж болох асуудал” хэмээж байна.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж