МИАТ-д шатахуун нийлүүлэхээр 2008 онд “Сод монгол” групп охин компанитайгаа өрсөлдсөн нэр үзүүлж монополь эрхтэй болжээ. Улмаар энэ эрхээ 2009 онд баталгаажуулсан байна. Учир нь Роснефть компани агаарын хөлгийн шатахууныг зөвхөн “Сод монгол” группэд нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн нийлүүлэгчийн МИАТ-д зардаг шатахууныг зөвхөн “А-Жет” компани цэнэглэдэг байжээ. Иймээс монополь эрхтэй тус хоёр компани өөрсдийн дураар үнээ өндөр тогтоодог аж. Тодруулбал, “Содмонгол” групп Роснефть компанийн худалдсан шатахууны хилийн үнийн тонн тутамд 40-45 ам.долларын шимтгэл нэмж “А-Жет” компанид өгдөг. “А-Жет” компани энэ үнэ дээр өөрийн авах ашгаа нэмснээр хилийн цаадах үнээс нэг тонн нь гурав дахин шахам өндөр үнээр МИАТ-д очсон тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, хилийн цаана нэг тонн нь 572 ам.доллар байсан шатахууныг МИАТ 1550 ам.доллараар худалдаж авсан үе байсан аж. Дунджаар МИАТ-д нийлүүлсэн шатахуун, хилийн цаадах шатахууны үнийн зөрүү 32-47 хувь болсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл төр жилд нийлүүлэгч компанид 1.4-1.7 сая ам.доллар бэлэглэдэг гэсэн үг. Үндэсний аудитын газраас дээрх дүгнэлт гаргаж өндөр үнээр шатахуун худалдаж авсан МИАТ-ын ажилтнуудад хариуцлага тооц гэсэн зөвлөмжийг Төрийн өмчийн хороонд өгсөн аж. Гэхдээ Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаагийн мэдээлснээр 2008, 2009 онд МИАТ компанийн Худалдан авалт, хангамжийн хэлтэст ажиллаж байсан албан тушаалтнууд өөр ажил хийж байгаа аж. “Хэлтсийн дарга нь л гэхэд нисгэгч болсон дуулдсан. Ерөнхий нягтлан нь өөр хэлтэст нягтлан хийж байгаа гэсэн. Ямар ч байсан албан тушаал ахиагүй байна лээ” гэж Ч.Раднаа дарга хошигноход С.Оюун гишүүн “Тэр албан тушаалтнууд чинь өндөр үнээр шатахуун авч дундаас нь мөнгө завшсан бол эрүүгийн хэрэгт шалгуулах ёстой. Хуулийн байгууллагад шалгуулж болдоггүй юм уу” гэж асуусан ч хариултаа авч чадсангүй. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос МИАТ-ийн ТУЗ-ийн даргаар Д.Сугар (одоогийн ТӨХ-ны дарга) ажиллаж байжээ.
Шатахуун нийлүүлэгчдийг олшруулж өрсөлдөөн бий болгох арга байгаа эсэхэд Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн “Бид Роснефть компанид хэд хэдэн удаа хүсэлт тавьсан. Гэтэл манай улсын хэрэглээ 20-30 мянган тонн байдаг. Ийм хэмжээний шатахуун нийлүүлэхэд авиа компани болон олон нийлүүлэгчтэй харьцах шаардлагагүй гэдэг хариу өгсөн” гэлээ.
МИАТ дөнгөн данган 1.5 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг. Хэрвээ олон улсын зах зээлээс дамласан ханшаар шатахуун авдаггүй бол энэ ашиг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Гэтэл төрийн өмчит компанид ийм хэмжээний ашиг оруулах сонирхол хэнд ч байхгүй. Тиймээс МИАТ-ээр дамжуулж мөнгө угаадаг арга зогсохгүй. Зөвхөн тус компанийг хувьчлах гарц байгааг Ш.Сайхансамбуу гишүүн сануулж байв. Харин МИАТ компанийн захирал Ц.Орхон “Манай компани дамласан үнээр шатахуун авахаас аль болох зайлсхийж байгаа. Тухайлбал, энэ жил нийт шатахууныхаа 28 хувийг дотоодоос авсан. Урьд жилүүдэд хэрэгцээнийхээ талаас илүү хувийг дотоодоос авдаг байсан” гэв. Гэхдээ гадаадаас авсан шатахуунаасаа НӨАТ авдаггүй МИАТ-ийнхнийг Б.Чойжилсүрэн гишүүн шүүмжилж байсан.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин