Улстөрчдийн зул сарын бэлэг

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн зул сарын бэлэг

Он тоолол 2011 он руу “урваж”, шинэ жилийн оргилуун дарс буудуулахад цөөхөн хоног үлдлээ. Айлын балчир жаалууд сүлд модоо чимэглэх их ажилд гэрийнхнээ уриалж, нойр нь хүрэхгүй дэвхэрч яваа. Охид, бүсгүйчүүд ч шинэ жилийн үдэш хамгийн эрхэмсэг  байх хүсэлд автаж байхад эрчүүд нь жентельмэний хослолыг сэмхэн эрэлхийлж буй нь тодорхой. Тэгвэл энэ хооронд улстөрчид ч гэсэн зүгээр суухгүй нь илэрхий санагдана. Учир нь тэд та бидэнд тун удахгүй “Бидний зассан сүлд мод” хэмээн ээлжит нэгэн пиарын мэдэгдлийг өргөн барих нь өнгөрсөн онуудад уламжлал болсон жижиг юм.

Ерөнхий сайдаар ахлуулсан гүйцэтгэх засаглалынхан “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн ер бусын бэлгийг ард түмэндээ өгсөн гэдэг мэдэгдлээр сүлд модныхоо эхний чимэглэлийг урлах нь  тодорхой. Тэгээд ч иргэдэд сар бүр дутуу хагас ч гэсэн 10 мянган төгрөг тараачихсан болохоор яаж л түүнийгээ чимээгүй өнгрөөж болох билээ. “Эх орны хишиг” хэмээх гоё нэртэй уг бэлгийг аваагүй хэн ч гэсэн авсан мэт баярлахгүй байхын аргагүй. Ирэх онд сар бүр 21 мянган төгрөг болж өсөхийг нь бодсон ч тэр. Сүлд модны дараагийн нэг чимэглэл бол ирэх онд эдийн засгийн эргэлтэд оруулах Тавантолгойгоос орж ирэх зээл. Хөрөнгө оруулагчдаас нь урьдчилгаа байдлаар авах 0.5-2 орчим тэрбум ам.долларыг нь Оюутолгойн хөрөнгө оруулагчаас авсан зээлтэй нь харьцуулах аргагүй их мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр мөнгө орж ирэх замыг зассан гэдгээрээ Засгийн газрын гишүүд  бахархахгүй бол өөр хэн бахархах билээ.

Ийн байтал Монгол Ардын нам ирэх 20 жил бол эдийн засгийн хувьсгалын он жил байна гэсэн ирээдүйн мөрөөдлөөр бидэнд бэлэг барина. Үүнийгээ Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоор урьдчилж бэлтгүүлсэн сайхан үр дүнг илэрхийлэхүйц гоё тоон үзүүлэлт болон энэ оны бараан дурсамжийг түр ч атугай мартуулах эдийн засгийн өсөлт дээшилсэн гэх “ганган” өгүүлбэрээр чимэхээ ч тэд мартахгүй.

За тэгээд Монгол Ардын намын шинэ лого, шинэ үнэмлэхний загвар гээд улс төрийн сүлд модны чимэглэл мөддөө дуусахгүй ээ. УИХ үүн дээр улсын төсвийн алдагдал болох 779.5 тэрбумаа нэмнэ. Яаж Засгийн газар нь сайн ажиллаад байхад ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь зүгээр сууж болох билээ. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд барьж орсон амлалтынхаа “буян”-аар 2000 хүүхдийн суудалтай 80 дунд сургууль, аймаг бүрийг орчин үеийн эмнэлэгтэй болгох боломж, 20 мянган айлыг орон сууцанд оруулах шанс, “Говь” шиг 40 үйлдвэр барих мөнгийг үрээд дуусгачихсан хүмүүс чинь ийм том “бэлгээ” ард олонд задлахгүй бол өөр хэнд задлах вэ дээ. Ёстой л ховор гэхэд ховор, зоригтой гэхэд дэндүү зориг зүрхтэйгээр барьж буй дээрх бэлгээ тэд сүлд модны орой дээр ч залсан байрлал андуурч гэж хэн ч шүүмжлэхгүй болов уу.

Тэгж байтал Ерөнхийлөгч маань бас бэлэг өгөх хэрэгтэй болно. Түүний хувьд амлалтаа өндөр модны орой дээр л өлгөх болов уу. Монгол Улсын өнцөг булан бүрээс түмний нүднээ тодрох ёстой. Харин өөрийн өгсөн бэлгээ өөрөө өгөх хэрэгтэй учраас чамгүй өндөр шат л хэрэгтэй болж магадгүй. Дээр нь, оюутан бүрт олгуулахаар амласан 500 мянган төгрөгийнхөө асуудлыг яаравчлан шийдүүлэхгүй бол ирэх жилийн эхээр их, дээд сургуулийн санхүү хэцүүдэх гээд байгааг ч Ерөнхийлөгч маань бэлэг болгон өргөхөө мартахгүй л байх. УИХ, Засгийн газрын гишүүд ээ,…Өөрсдийнхөө бэлгийг өгчихөөд минийхийг орхиж болохгүй биз дээ гээд л учирлах биз.

Ингэж байтал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зүгээс “Өөр хүн болсон” гэх их ухаарлаар сүлд модны чимэглэл болсон үнэ цэнэтэй амлалтуудыг үнэгүйдүүлэх нь илэрхий байх. Баяр баярын дээд, бэлэг бэлгийн сор гэдэг шиг “Ерөнхийлөгч асан би хүн шиг хүн болов” гэсэн тайлбараар бэлэг барих болов уу. Юу яасан одоогийн Ерөнхийлөгчийн бэлэг. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, хүн чанараа алдаагүй л бол түүний бэлгийг улстөрчдийн засах сүлд модны оройн чимэглэлээр онцгойлон тодруулмаар санагдав. Түүний бэлгийг задлахад аягүй бол  амлалт, амьжиргаа, алдар нэр гээд байгаа бүхнээ дээсэн дөрөөнд хавчуулсан Монголын хамгийн шударга хүн болох Ц.Шинэбаяр гишүүний удирдаж буй МАХН-ын Түр штабын “МАХН-аа аваръя” гэсэн санаачилга ч гэнэт гарч ирж мэднэ. Тэгэхээр энэ удаагийн улстөрчдийн засах сүлд мод амлалт, алданги, алдар нэр, айхаа мэдэхгүй зоригтнуудын тэмцэл гээд юм юмтай л байх бололтой.

Харин тэрхүү сүлд модонд чимэглэл зүүх эрх ард түмэнд  байхгүй гэдгийг битгий мартаарай. Улстөрчид л зассан, улстөрчид л бэлгээ тараана. Харин алдагдлыг нь бол 10-20 жилийн дараагаас ард олон нуруун дээрээ үүрэх ёстой. Улстөрчид маань нэгэнт та биднийг “Үүрнэ чиг, дүүрнэ чиг” гээд шийдчихсэн болохоор тэр шүү дээ.  Улстөрчдийн 2010 оны зул сарын бэлэг нэг иймэрхүү.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж