Лиценз банкуудад нөлөөлөхийг судалж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Лиценз банкуудад нөлөөлөхийг судалж байгаа

“Ярилцах
танхим”-ын зочноор өмгөөлөгч О.Ал­тангэрэлийг урьж ярилцлаа. “Уул
уурхайн салбарыг аваръя” хөдөлгөөний зо­хи­­цуулагч тэрбээр дол­дугаар
сарын 1 -ний хэргийн улмаас шалгагдаж буй хошууч гене­рал Ч.Амар­болдын
өм­гөө­лөгчөөр бас ажил­лаж байгаа билээ.

-Юуны өмнө та хуульчийн хувьд яагаад энэ хөдөлгөөнийхөнтэй нэгдэх
болов,  тэр тусмаа зохицуулагчаар ажиллах болсон шалтгааныг сонирхмоор
байна?

-Би “Legal consulting” хууль зүйн товчооны захирал. Манайх компанийн
хэлбэрээр ажилладаг. Уул уурхайн үн­дэсний ассоциацийн ги­шүүн компани.
Тэр тусмаа Мон­голын уул уурхайн үндэсний ассоциацийн олон нийт,
мэдээлэл сурталчилгааны хо­рооны гишүүн юм. Тиймээс энэ хөдөлгөөнд
гишүүнчлэлийн шугамаар орж, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Хууль
зүйн хувьд энэ асуудалд яаж хандах вэ, УИХ, Засгийн газар, шийдвэр
гаргах түвшнийхэнтэй яаж хамтран ажиллах вэ гэдэг талаар гол зохион
байгуулалтын ажлыг хариуцаж байгаа.

Энэ бол ашгийн төлөө бус байгууллага шүү дээ. Нөгөөтэйгүүр би энэ үйл
ажиллагаанд оролцохдоо иргэн хүний хувьд байгаль орчинд оруулж байгаа
хувь нэмэр юм гэж үзсэн. Миний уг гарал үүсэл минь Өвөрхангай аймгийн
Уянга сумтай холбоотой. Хорин жилийн өмнө Уянга сумыг эрээн модоор нь
мэддэг байсан бол одоо нинжа нараар нь мэддэг болж. Энэ бол
хариуцлагагүй уул уурхайн компаниуд буюу гар аргаар алт олборлогчдын
нөлөөгөөр байгаль орчин хэрхэн сүйтгэгдэж буйн томоохон жишээ юм. Хэрэв
Засгийн газар шийдвэрээ эргэн харж зөв дүгнэлт гаргахгүй бол Монголын
олон сайхан газар Уянга сум, Онгийн гол шиг болох юм байна гэж үзсэн
учраас энэ хөдөлгөөнд нэгдсэн. Өнөөдөр лиценз цуцлагдсаны дараа л гэхэд
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт манай нэгдсэн хөдөлгөөний гишүүн
компанийн эзэмшдэг талбайд 100 гаруй нинжа орчихсон байна.
Цагдаагийнхан  хөөж гаргаж дийлэхгүй байна. Энэ мэтчилэн томоохон
компаниудын лицензтэй талбайгаа орхисноор Монгол Улс ухсан нүхнээс өөр
юу ч үгүй үлдэнэ. Нинжа нар хэзээ ч нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлага
хүлээдэггүй. Энэ бол гашуун үнэн. 

-Асуудлын гол нь алтны шороон ордын 254 лицензийг цуцалсан боловч
хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөөгүйд байгаа. Хуульчийн хувьд та
үүнд ямар үндэслэл, тайлбарыг өгч байна вэ?

-Засгийн газар, УИХ, төрийн бүх байгууллагын үйл ажиллагаа хуульд
нийцсэн байх ёстой. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн сан бүхий  газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийг батлахдаа уг хуулийг дагаж мөрдөх журмыг хамтад
нь гаргасан. Энэ журамд таван сарын дотор лицензийн нөхөн төлбөрийг төл,
лицензийг нь цуцал гээд тодорхой заачихсан байгаа. Таван сар нь
өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан. Гэтэл одоо жил гаруйн хугацаа
өнгөрчихөөд байна. Дээрх шийдвэрийг одоо цуцалсан ч гэсэн таван сарын
хугацаандаа багтаагүй учраас уг шийдвэр хууль зүйн хувьд хүчинтэй болж
чадахгүй. Өөрөөр хэлбэл, хуулийг дагаж мөрдөх журмын дагуу хэрэгжиж
чадаагүй учраас цаашид хэрэгжүүлэх боломжгүй. Энэхүү хуулийн үйлчлэлд
1700 орчим лиценз хамаарч байгаа. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сарын
17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд алтны шороон ордын
254 тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр боллоо.

-Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэдгийг хуулийн талаас нь хэрхэн ойлгох ёстой вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар дэлгэрэнгүй зохицуулалт
байхгүй. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны  тусгай зөвшөөрлийн тухай
хуульд ямар тохиолдолд түдгэлзүүлэхийг нь заасан. Энэ хуульд зааснаар
лав түдгэлзүүлэх үндэслэл болохгүй байгаа юм. Тэгэхээр Засгийн газар,
Засгийн газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар өөрт нь
олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэн лицензүүдийг түдгэлзүүлсэн болж
таарч байна.

-Нөхөн олговрын хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон юм бол. Зөвхөн
лицензийн төлбөр үү, хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлт гээд уг талбайд
өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгө, төлсөн татваруудыг оролцуулах юм
болов уу?

-Засгийн газар, УИХ-ын тогтоолд дурьдсанаар лицензийн төлбөр, хайгуулын
зардал, албан татвар л гэж бий. Тэгсэн мөртлөө банкны зээлийн хүүг
олгохгүй гэж заасан байх жишээтэй. Тэгэхээр зээлтэй аж ахуйн нэгжүүд
лицензээ цуцлуулсныхаа төлөө Засгийн газраас хэзээ нэгэн цагт  нөхөн
олговрыг олгох хүртэл зээлийнхээ хүүг өөрсдөө төлөх болж байгаа юм.

-Нөхөн олговор олгох журмыг хэн боловсруулсан юм бэ?

-Нөхөн олговрын журмыг салбарын яамны зүгээс боловсруулж,  төслийг нь
Уул уурхайн үндэсний ассоциациар дамжуулан компаниудад танилцуулсан. Уг
журамд маш олон зүйл орхигджээ. Нөхөн олговрыг олгох журам ийм байж
болохгүй гэсэн санал дийлэнх аж ахуйн нэгжээс гарч байгаа.

-Үүнээс үүдээд дээрх аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон арилжааны
банкуудын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ эрс нэмэгдэж
доргилт үүсэх магадлалтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 
Хуульчийн хувьд та энэ таамаглалтай санал нийлэх үү?

-“Уул уурхайн салбарыг аваръя” хөдөлгөөнд нэгдсэн компаниудын 80 гаруй
хувь нь банкны зээлтэй гэдэг нь үнэн. Хамгийн багаар бодоход нэг тэрбум,
түүнээс дээш хэдэн тэрбумаар тоологдох хэмжээний зээлтэй юм билээ.
Монголбанкнаас энэ талаар судалгаа хийгээд эхэлчихсэн гэж сонссон.

-Банкнаас зээл авсан компаниуд зээлээ төлөх ёстой нь ойлгомжтой.
Харин төрөөс гэнэтийн шийдвэр гаргасан, нөхөн олговрыг хугацаанд нь
олгох үүргээ биелүүлээгүйнхээ төлөө ямар нэг хариуцлага хүлээх үү?

-Бидний гол асуудал нь тулгараад байгаа бэрхшээлийг төр, засагтаа
ойлгуулахад л байгаа юм. Бодит байдлыг зөв ойлгуулсны эцэст аль аль
талдаа ашигтай шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Хэрэв тийм шийдвэр
гарахгүй бол мэдээж төр, засаг тухайн компаниудын банкнаас авсан зээлийн
хүүг төлж л таарна. Яагаад гэвэл банкны барьцаанд лиценз нь байдаг.
Энгийн жишээ татахад иргэд орон сууцаа барьцаалаад банкнаас зээл
авчихсан байтал орон сууцыг нь төр хураагаад авчихвал яах вэ. Яг ийм л
байдал үүсчихээд байна. Тэгээд үүнийхээ хүүг өөрөө төлөөрэй, үндсэн
зээлийг чинь хэзээ нэгэн цагт өгнө гэж байгаа юм. Энэ нөхцөлд иргэн өөрт
нь учруулсан гэм хорыг төрөөс зайлшгүй нэхэмжилж таарна.

-Та бүхэн зөв ойлгуулах тухай ярьж байна. Зөв ойлгосноор зөрчлөө
яаж арилгах вэ. Шийдвэрээ өөрчлөх үү, яг ямар гарц байгаа юм бэ?

-Бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Гол агуулга нь
ажлын байр олныг бий болгосон, татвараа хугацаанд нь төлдөг, байгаль
орчны нөхөн сэргээлтийг зохих шалгуурын дагуу хийдэг компаниудын
лицензийг олгож, хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллаач. Лицензийн
наймаа хийдэг, нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй компаниудын
лицензийг цуцлах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Бид
хамгийн эхний ээлжинд Засгийн газрыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан
шийдвэрээ эргэж хараач гэсэн асуудлыг л тавьж байна. Учир нь УИХ-ын
баталсан хуульд үндэслэж Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Гэхдээ
Засгийн газрын гаргасан шийдвэр нь бусад хуулийн зүйл, заалтыг зөрчиж
байгаа. Ер нь УИХ-аас баталсан “урт нэртэй” хуулийн бүх заалт Ойн тухай
хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байсан.
Эдгээр хуулийг нэг мөр болгож хэрэгжүүлээгүй мөртлөө гэнэт байгаль орчны
төлөө юм шиг боловч байгаль орчны эсрэг хууль баталсан. Үүнийх нь сөрөг
үр нөлөөлөл одоо гарч ирж байна.

-Нөхөн олговрыг өгөхөд 8-10 их наяд төгрөг шаардлагатай гэсэн.
Гэтэл манай бүтэн жилийн төсвийн орлого дөрвөн их наяд төгрөг. Тиймээс
арай нөхөн олговор олгохдоо хүрэхгүйгээр асуудлыг шийдэх болов уу гэх
найдлага байна уу?

-ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нэгэн ярилцагадаа энэ талаар хэлэхдээ “Би төрийн
нуруун дээр ийм их ачаа үүрүүлмээргүй байна” гэсэн шүү дээ. Мөн
салбарын сайдын хувьд “Манай яам энэ асуудалд эсрэг байр суурьтай
байгаа” гэсэн. Би сайдыг зөв харсан байна гэж бодож байна. Ер нь арай
эрүүлээр сэтгэдэг хүн бүхэн хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр гэдэгтэй санал
нэгдэх байх.

-Хуульчаас асуух бас нэг асуулт байгаа нь уг хөдөлгөөнд нэгдсэн
лиценз эзэмшигчдийн ихэнх нь миний эзэмшиж буй лиценз хуульд заасан
голын ай сав, усны эх, ойн санд ямар ч хамааралгүй учраас шүүхдэнэ гэж
байгаа юм. Энэ хил, заагийн ялгааг хэн, хэрхэн тогтоох вэ?

-Хил хязгаарын асуудал дээр зайлшгүй маргаан гарна. Бүр томоохон маргаан
үүсэх биз.  Хөдөлгөөнд нэгдсэн компаниудын зүгээс ч “Манай лицензтэй
талбайд үзээд өгье гэсэн ч ганц мод байхгүй, гол, булаг шанд байхгүй.
Гүний ус ашигладаг” гэсэн гомдолтой хүн олон байна. Үүнийг ойн болон
усны мэргэжилтнүүд, эрдэмтдийг газар дээр нь аваачаад, дүгнэлт
гаргуулах, судалгаа хийлгэж баримтжуулах хэрэгтэй. Мөн манай Усны хэрэг
эрхлэх газар, Ойн газраас гадна Дэлхийн банк болон бусад олон улсын
төслүүдийн санхүүжилтээр гол мөрнүүдэд тусгайлан судалгаа хийдэг
байгууллагууд бий. Жишээ нь Туул голд сүүлийн хэдэн жилийн турш хийсэн
маш том хэмжээний судалгаа байна. Энд Туул гол уул уурхайн салбарын үйл
ажиллагаанаас болж хэрхэн бохирдсон, усан доторх бичил биетүүд нь байна
уу гэдгийг судалж үзэхэд эерэг үр дүн гарсан байх жишээтэй. Бид бүх
зүйлийг нарийн шинжилгээ судалгаатай ярих хэрэгтэй.

-Хэрэв  асуудал хурцлаад шүүхээр шийдүүлэхдээ хүрвэл аль аль талын
баримтыг үзэж байж шийдвэрлэх нь ойлгомжтой. Тэгвэл лиценз цуцалсан
нөхдийн зүгээс хэр зэрэг баримт нотолгоо,  судалгаа тооцоо бүрдүүлсэн
бол?

-Ерөнхийдөө тойм байдлаар судалгаа хийсэн болов уу гэж санагдсан. Цаг
хугацаа давчуу, хүн хүчний бололцоо тааруу байсан  нь ч нөлөөлсөн байх.
Лицензийг нь цуцалсан 254 талбайд бүгдэд нь очиж үзээгүй. Бид асууж
нягталж үзсэн. Чухам хэзээ хийсэн ямар судалгаанд үндэслэн шийдвэрээ
гаргасан нь одоогоор бидэнд ойлгомжгүй байна. Ер нь олон зүйл
тодорхойгүй байгаа л даа.

-Та  үүнийг улстөржсөн шийд­вэр гэдэгтэй санал нийлэх үү?

-Мэдээж ийм сэтгэгдэл төрнө. Гэхдээ УИХ-ын гишүүдийг та, бид сонгосон.
Сонгогчдын тавьсан шаардлага, хүсэлтийг биелүүлэх үүрэг тэдэнд бий.
Тэгэхдээ гаргасан шийдвэр нь тооцоо судалгаатай үндэслэлтэй л байх
ёстой. Энэ үндсэн зарчмыг баримтлахгүйгээр цөөн хэдэн хүний үзэл бодол
дээр үндэслэн шийдвэр гаргасан нь өрөөсгөл болчихож байгаа юм. Ер нь
нийт УИХ-ын гишүүд яг энэ асуудал дээр 100 хувь санал нэгтэй байгаа гэж
бид боддоггүй. Угаасаа тийм биш. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдэд “Хэрвээ
би энэ асуудлыг  эрүүл ухаанаар ойлгоод дэмжлээ гэхэд сонгогчдодоо, олон
нийтэд байгаль орчны эсрэг гэсэн мессеж өгчих вий” гэсэн айдас байх шиг
байна. 

-Яагаад дээрх компаниуд өөрсдийгөө байгаль хамгаалж байна гэж яриад
байна вэ гэдэгт олон хүн эргэлзэж, эгдүүцэж байна л даа. Учрыг нь
ойлгоогүй хүмүүст бол уул уурхай гэдэг үг ухаж, төнхөнө л гэсэнтэй адил
сонсогддог?

-Монгол хүн бүр байгальдаа хайртай л байгаа. Энд нэг л зарчим бий. Хүн
ядуу байх тусмаа байгальд дайсагнахад хүрдэг. Нүүрсний мөнгөгүй хүн
хаяан дахь модоо хагалж түлэхээс аргагүй.

Нөгөөтэйгүүр, Зарим бүтээг­дэ­хүүний үнийн гэнэтийн өсөлтийн албан
татварын хууль батлагдсаны дараа алтны шороон ордыг эзэмшдэг олон
компани задарсан. Ингэснээр боловсронгуй, хүчирхэг техниктэй, өндөр
мэргэжилтэй нинжа нар олширсон. Одоо лицензээ цуцлуулаад байгаа
компаниуд ч энэ эгнээг нэмэх нь ойлгомжтой. Тэгвэл улсад бүртгэлгүй,
хуулийн хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй байгаль сүйтгэгчид л улам
олширно.

-Нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг ямар шалгуураар тогтоодог юм
бэ. Хөрсийг нь хучаад мод тарьчихсан л бол нөхөн сэргээлт хийсэн гэж
үзэж болохгүй байх?

-Мэдээж харьцангуй ойлголт. Гэхдээ нөхөн сэргээлтийн журам гэж бий.
Журамд заасан шалгуурыг биелүүлсэн бол хангалттай гэж үзэж байгаа.
Тэрхүү журмаас хэд дахин илүүгээр хиймэл нуур байгуулсан, ойжуулсан
компаниуд ч бий. Гадны ихэнх оронд уул уурхайн үйлдвэрлэл явуулсан
газартаа хожим нь аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулсан байдаг.
Нөхөн сэргээлтийн журамд заасан шалгуурыг ч чангатгаж шаардлагыг
өндөрсгөх хэрэгтэй.

-Ярилцлагын маань дараагийн хэсэг таны мэргэжилтэй, өмгөөлж буй
хэрэгтэй холбоотой юм. Та долдугаар сарын 1-ний үймээний хэргийн улмаас
шалгагдаж буй ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдын
өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Цагдаагийн байгууллагын брэнд болсон
энэ хүн яагаад заавал танаар өмгөөлүүлэх болсон юм бол?

-Өмгөөлөгчийн хувьд янз бүрийн хэрэг маргаанд оролцдог. Өнгөрсөн
хугацаанд Хадгаламж зээлийн хоршооны хэрэг, авлига, албан тушаалын зарим
хэргүүд дээр ажиллаж байсан. Тэдгээрийн дундаас “Долдугаар сарын 1”-ний
хэрэг бол Монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй, олон нийтийг
хамарсан өөрийн гэсэн онцлогтой. Уг хэрэг дээр би хошууч генерал
Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн
хугацаанд өмгөөлөгчийн хувиар бүх зүйлд оролцож байсан. Одоогоор хэргийг
сэргээчихээд байгаа.  Өмгөөлөгчийн хувьд гүйцэтгэх ёстой үүргийн дагуу
ажиллаж байгаа гэж бодож байна.

-Яагаад тэрбээр хувийн компанид хандсан юм бол гэдэг нь сонин санагдлаа. Хуульч, өмгөөлөгчид нь чадварлаг болохоор тэр үү?

-Манай ажилтнуудын ихэнх нь Монголдоо хуульч мэргэжлээр төгссөн үндэсний
хуульчид гэж хэлж болно.  ОХУ, АНУ-д сургууль төгссөн хүмүүс ч бий. 
Манайх үйл ажиллагаагаа англи, солонгос, хятад хэл дээр явуулдаг.
Монголын хууль эрх зүйн системд үндэсний хуульч, өмгөөлөгчид л хамгийн
сайн зохицно. Тиймээс энэ зах зээлээ бид хамгаалах ёстой гэж боддог.

-“Долдугаар сарын 1”-ний гэх энэ хэргийг хэзээ эцэслэн дуусч, хэрхэн шийдвэрлэх бол?

-Энэ хэрэг дээр ажилласнаар би нэг л зүйлийг ойлгосон. Монголын төр
зүтгэсэн хүндээ халтай гэдэг үнэн юм. Ихэнх хүмүүс энэ хэргийг зөвхөн
телевизийн дэлгэцээр харснаараа, сонин хэвлэл мэдээлснээр л төсөөлж
ойлгодог. Гэтэл яг гал дунд нь хайсаар жадлуулаад, чулуугаар шидүүлж
яваагүй болохоор тэр хүмүүсийн зовлонг бүрэн ойл­годоггүй. Тухайн үед
энэ хэргийг шалгаж байсан байгууллагын удирд­лагууд “Цагдаагийнхан хүн
буудсан нь тогтоосон”, “Цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн” гэх маягийн
яриа, мэдээллийг нийгэмд  маш их тарааснаас болоод өнөөдөр ерөөсөө
цагдаа нар иргэдийнхээ өмнөөс буу шагайсан юм байна гэсэн ойлголт бий
болчихоод байна.

-Үгүй гэж үү?

-Өнгөрсөн хугацаанд хэрэг шал­гаж дуусаад би 25 хавтаст хэрэгтэй
танилцсан. Мөрдөн бай­цаалтын нууц учраас энэ талаар дэлгэрэнгүй ярьж
болохгүй. Гэхдээ эдгээр хавтаст хэрэгтэй бүрэн танилцсан хүний хувьд нэг
л зүйлийг хариуцлагатайгаар хэлж чадна. Цагдаа байлдааны сум хэрэглээд
хүний амь насыг хохироосон гэх үндэслэл ямар ч байсан өнгөрсөн хугацаанд
тогтоогдоогүй. Дээр нь нийгэмд нэг эрэлт, хүлээлт бий. Хэн тушаал өгөв,
хэн гүйцэтгэв гэсэн асуултуудыг нээлттэй орхисон. Эд­гээр асуултын
хариуг хүн бүр өөрийн таамгаар бий болгосон хүнээ зохион байгуулагч нь,
гол баатар нь гэж харддаг. Энд бид нэг юмыг бодох ёстой. Тэр өдөр Монгол
Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол маш хэврэг болчихсон
байсан. Шилтэй зүйрлэвэл хагарахад бэлэн болоод цуурчихсан байсан юм
шүү. Гэтэл цуураад эхэлчихсэн тэр шилийг хагалахгүйгээр бүтэн авч үлдсэн
хүмүүс нь хэдэн бор цагдаа юм шүү. Танай сонинд УИХ-ын гишүүн Д.Одбаяр
ярилцлага өгсөн байсныг санаж байна. “Энэ хэргийг зохион байгуулсан хүн
нь гадны этгээд байгаа. Үүнийг бүгдээрээ л мэдэж байгаа шүү дээ” гэж
ярьсан байсан.

-Энэ үнэн гэсэн үг үү?

-Бод л доо. Тэр өдөр төр, засгийн байгууллага руу халдана гэсэн
мэдээлэл, ард иргэдийн наад захын амьжиргаатай холбоотой эрчим хүчний
сүлжээг дэлбэлэх гэж байна гэсэн мэдээлэл тархсан байдаг юм. Дээр нь
тодорхой хувь хүмүүсийн амь насанд халдах үйлдэл ч гарах байсан. Хаа
очиж цагдаагийн байгууллага маш цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр үүргээ нэр
төртэй биелүүлж үймээнийг тараасан. Тухайн үед Ерөнхийлөгч байсан
Н.Энхбаярын гаргасан “Онц байдал зарлах” шийдвэрийг зөв, буруу гэсэн
шүүмжлэл олонтаа гарч байсан. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар
хэлэлцээд “зөв байсан” гэж үзсэн. Одоо дахин энэ тухай ярихгүй. Хамгийн
гол нь бид энэ үйл явдлаас цаашид манай тусгаар тогтнол бол хэн ч
халдашгүй бат бэх биш юм байна шүү. Хэн нэгний захиалгаар, улс төрийн
үймээн дэгдэж болдог юм байна гэсэн сургамжтай үлдэх ёстой.

-Одоогоор Ч.Амарболд генерал ямар нөхцөл байдалд байгаа вэ. Хоригдож байсан уу?

-Хоригдсон зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл буюу ажил,
албан тушаалдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа. Энэ
бол харьцангуй ойлголт. Долдугаар сарын нэгэн байтугай хоёронд нь энэ
хүн нэг минут ч амраагүй. Утас нь 1-2 минутын зайтай байнгын
дуудлагатай, ярьж байсан. Энэ хугацаанд ҮАБЗ, энд тэндхийн хурлууд,
шуурхай ажиллагаануудад оролцож байсан нь нотлогддог. Гэтэл өнөөдөр
ажилдаа хайнга хандсан гэсэн ялд уначихаад байна. Монголын цагдаад ажил
амьдралын гараагаа эхлээд даргыг нь хүртэл хийхдээ энэ хүн ингэж
хэлмэгдэн, хэрэгт тулгагдаж ийм байдалд орно чинээ санаагүй л болов уу.

-Энэ хэрэг бол гарцаагүй улс төрийн холбогдолтой, үүсэл гаралтай.
Одоо хэргийн явцад, таныг өмгөөлөл хийх хугацаанд үйлчлүүлэгчид чинь
болон танд улс төрийн дарамт шахалт хэр ирж байна?

-Цагдаагийн байгууллагынхан энэ тухай ярьдаггүй, ямар ч хүнд байдалд
орсон бодит байдлыг үнэн зөвөөр нь хэвлэлд бичүүлчих юмсан гэж
боддоггүй. Тэдэнд бусдад гоё харагдах, таалагдах шаардлага байхгүй.
Гэтэл түүнийг нь ашиглаад хүн бүр хүссэнээрээ ярьж тайлбарлах гэж
оролддог. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрийн аль ч нам,
хүчин, улстөрчдөөс надтай болон миний үйлчлүүлэгчид хандаж уулзаж
байгаагүй.

-Та өмгөөлөгчийн хувьд түү­нийг бүрэн төлөөлөх эрхтэй. Таны
үйлчлүүлэгч, Ч.Амарболд энэ мөчид олон нийтэд хандаж юу гэж хэлэх байсан
бол?

-Би хоёр жил хамтарч ажилласны хувьд нэг л юмыг хэлэх байсан байх гэж
бодож байна. Энэ асуудлыг улстөржүүлэлгүй, яг байгаа баримтад
тулгуурлаад үнэн зөвөөр шийдвэрлэж дуусаасай. Энэ хэргийг хэрхэн үнэн
зөв шийдвэрлэхээс цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл
ажиллагаа, нэр хүнд ихээхэн шалтгаална. Цагдаа гэдэг чинь өөрөө төрийн
дархлаа шүү дээ. Ийм л үгийг хэлэх байсан болов уу.

-Хохирогчдоос Ц.Энхбаяр гуай цагдаагийнханд маш их гомдолтой явдгаа
хэвлэлээр дамжуулан хэлж байсан. Ч.Амарболд генералын хувьд хохирогчдын
ар гэрийнхэнд хэрхэн ханддаг вэ?

-Бид зөвхөн Ц.Энхбаяр гуай гэлтгүй бүх хохирогчдод маш хүндэтгэлтэй
хандаж байгаа. Хүн үр хүүхдээ цаг бусаар алдана гэдэг маш хэцүү зовлон.
Тэр хүмүүсээс энэ байтугай юм гарч болно. Тийм эрх нь ч бий. Тиймээс
хэзээ ч энэ хүмүүсийг буруутгадаггүй. Хамгийн гол нь үнэхээр энэ эцгийн
элгийг эмтэлсэн, тэр гэр бүлийг хагацал зовлонд унагасан гэм
буруутнуудыг олох ёстой. Гол нь тэр буруутан нь биш байтал заавал
буруутан болгож харагдуулаад, үнэнийг олох гэсэн тэмцлийг эсрэгээр нь
эргүүлэх гээд байгаа үйл ажиллагаанд л шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Олон нийт нэг л асуултын хариуг хүлээдэг. Бууд гэж хэн тушаасан юм бэ. Цагдаагийн дарга асан Ч.Амарболд уу, сайд уу, хэн бэ?

-Бууд гэсэн тушаалыг хэн ч өгөөгүй болох нь нотлогддог юм.  Энэ бол
хангалттай нотлогддог. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар
дэлгэрэнгүй ярих боломжгүй. Хэн нэгэн сайд, дарга бууд гэсэн. Тэр нь хэн
бэ гэсэн эргэлзээг нийгэмд төрүүлэх нь л хэн нэгэнд ашигтай байсан
болов уу. Түүнээс биш үүнд хариулт байхгүй. Үүнийг би хуульчийн хувьд
баталгаатай хэлж чадна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж