Шатахууны шахаа “МИАТ”-ыг идсээр

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Шатахууны шахаа “МИАТ”-ыг идсээр

ОХУ-аас шатахуун импортолдог 7-8 компани байдаг ч, гагцхүү “Сод монгол” компани л “МИАТ”-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрх эдэлсээр иржээ. Онгоцны шатахууны хилийн үнэ 2009 онд дунджаар тонн тутамдаа 710 ам.доллар байхад тус компани 1065 ам.доллараар үнэлэн, “шахсан” байх юм. Өөрөөр хэлбэл,  тонн тутмаас 355 ам.долларын зөрүү гарч, тэр нь “Сод монгол” компанид ашиг болж, очжээ.

Ядахад “Роснефть” компанийн захирал Богданов гэгч “Зөвхөн “Сод монгол” компанид онгоцны шатахуун нийлүүлнэ. “Петровис”, “Магнай трейд” компаниудад онгоцны шатахуун нийлүүлэхгүй. Эдгээр нь манайхаас өмнө тус бүр 10 мянган тонн онгоцны шатахуун авах гэрээ байгуулсан ч, түүнийгээ аваагүй. Тиймээс 20 мянган тонн шатахуун бол асуудал биш. Хэрэгтэй юм бол “Сод монгол”-оос  авдаг юм байгаа биз” гэсэн утга бүхий бичгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ирүүлсэн байдаг ажээ. Том орны нефть экспортлогч жижиг орны шатахуун импортлогч нарыг ялгаварлаад зогсохгүй, Эрдэс баялаг эрчим хүчний яамныхныг хүртэл командалж орхисон нь энэ.

Ашигтай ажиллагаагаа бодохоор “МИАТ” компани тендер зарлаж, хямд үнээр онгоцны шатахуун нийлүүлэх компанийг олмоор байдаг. Тэгтэл “Роснефть” дан ганц “Сод монголд” онгоцны шатахуун нийлүүлнэ гэдэг дүрэм зохиочихсон учраас дагахаас аргагагүйд хүрч, тэр хэрээр өндөр үнэтэй шатахуунд шахуулсаар өөдөө ч гаралгүй өнөөдөртэй золгожээ. Гэхдээ “МИАТ”-ийнхан алдагдлаа багасгахын тулд Герман, Бээжин рүү нислэгт гарахаараа тухайн улсаас агаарын хөлгийнхөө хоёр далавчин дахь шатахууны савыг дүүртэл шатахуунаар цэнэглэж, нутагтаа буцаж ирэх болсон байна.  Тус компанийн захирал Ц.Ононгийн хэлснээр бол ийм арга хэрэглэсний хүчинд нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.  Энэ нь зарлагыг бууруулахад ихээхэн нэмэр болдог тухай тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо мэдэгдлээ. Тус байнгын хорооны хувьд Үндэснийн аудитын газарт хандан төрийн өмчит “МИАТ” компанийн  2009 оны үйл ажиллагаанд аудит хийж өгөхийг хүсч, энэ дагуу шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн нь энэ юм.

Байнгын хорооны хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаагаас гадна “МИАТ” компанийн удирдлага, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд, Төрийн өмчийн хороо, Үндэсний татварын ерөнхий газраас тодорхой албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас холбогдох албан тушаалтан хүрэлцэн ирээгүй нь олон “но”-той асуудлыг тодруулах боломжийг олгосонгүй. Учир нь сар тутамд нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татварыг хөдөлгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд тус яамныхан танилцуулж, үүрэг чиглэл авдаг. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээл дээр онгоцны шатахууны үнэ хэдэн ам,доллартай тэнцэж байгаа, “МИАТ” компанид “Сод монгол” хэдий хэмжээний нугалаа гаргаж, шатахуун шахаж байгааг хамгийн сайд мэддэг атлаа, энэ шахааны бизнесийг зогсоох талаас өнгөрсөн 2008 оноос эхлэн ямар ч арга хэмжээ аваагүй нь хариуцлагын асуудлыг ч хөндөхөд хүргэж байна гэсэн хатуухан мэдэгдлийг зарим гишүүн хийгээд авсан юм. Түүнчлэн “МИАТ” компанийг хувьчилж, төрийн мэдлээс гаргахгүй бол шатахууны шахаанаас гадна боловсон хүчний шахаа ч нэрмээс болж буй тухай УИХ-ын гишүүн О.Чулуунбат энэ үеэр хөндлөө. Тэрбээр “Шатахууны шахааг зогсоохын тулд даруй “МИАТ” компанийг хувьчлах шаардлагатай. Төрийн мэдэлд авч үлдэх сонирхолтой байгаа бол ядаж 51 хувийг нь төрд үлдээж, 49 хувийг хувьчилж болно. Ингэхгүйгээр МИАТ ашигтай ажиллахгүй. Тус компани маш олон зуун ажилтантай. Гэтэл “Изинис эйрвис”, “Айро Монголия” зэрэг компаниуд дотоодын нислэгийг цөөхөн боловсон хүчинтэйгээр гүйцэтгэж болоод байгаа. Ер нь энэ компани руу маш олон хүнийг шахдаг. Шахааг Төрийн ордонд сууж байгаа нөхдүүд хийдэг гэж “МИАТ”-ийнхан хэлдэг. Энэ хоёр шахааг зогсоохгүйгээр, дээр нь тус компани бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр алдагдал багасахгүй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “МИАТ” компанид бүтцийн өөрчлөлт хийх, хувьчлах асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо тогтоолоор баталж, Засгийн газарт тодорхой үүрэг өгмөөр байна. Өмнө нь “МИАТ” компанийг хувьчлах асуудлыг Төрийн өмчийн хорооноос оруулж ирж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд асуудлыг хэлэлцээд дэмжиж байсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цөөхөн саналаар “унагаж” байсан. Үүнд улстөрчдийн лобби ч нөлөөлж буй. Тиймээс энэ компанийг хувьчлах асуудлыг дахин “босгох” ёстой гэсэн саналыг хэлсэн юм.

 Ямартай ч, “Сод монгол” ядарсан “МИАТ”-д өндөр үнэтэй шатахуун нийлүүлснээр 2009 онд 10 орчим тэрбум төгрөгийг татварт төлжээ. Хэрвээ “МИАТ” компанийг хувьчилж, “Роснефть” компанитай нийлүүлэлт тал дээр тохиролцоо хийж чадвал МИАТ-ийн алдагдал багасах боломжтой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж