Суданыг зорих эмч нарыг үднэ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Суданыг зорих эмч нарыг үднэ

Монгол Улсын Зэвсэгт хүчин 68 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хээрийн II дахь  шатлалын эмнэлэгийн багийнхан анх удаа Судан улсыг зорихоор болжээ. Цэргийн эмч нарыг үдэх ёслолын арга хэмжээ  Офицеруудын ордонд болох гэж байна. Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди нар оролцох ажээ. Энэ удаагийн Монгол Улсаас мордох цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэгийн баг нь Судан Улсын Эль Шафер хотоос баруун хойш Кабкабия дахь НҮБ-ын баазад байрлаж үүрэг гүйцэтгэх юм. Дэд хурандаа Т.Сүхбаатараар ахлуулсан тус багт зэвсэгт хүчний 14 анги, нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэг эмч багтаж байгаа аж. Хоёрдугаар шатлалын эмнэлгийн бүрэлдэхүүн нь хүлээн авах, яаралтай тусламжийн, мэс засал, гэмтлийн, шүдний, эмийн сан, эмнэлгийн татан гаралтын бүлэг, хангалт үйлчилгээний гэсэн тасгуудтай нийт 68 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Тэд цэргийн болон цагдаагийн албан хаагч , ажиглагч, штабын ажилтнууд, НҮБ-ын сайн дурын ажилтнууд, мөн хариуцлагын бүст оршин суугаа энгийн ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээх аж. Мөн 1500-2000 өвчтөнд долоо хоногийн эмнэлгийн нөөцтэйгээр бие дааж  хоёрдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, өдөрт дөрвөн хүнд мэс засал хийх бэлтгэлтэй ажиллах гэнэ.  Түүнчлэн яаралтай тохиолдолд автомашин болон нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үзүүлэх юм байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын шинжээчид ирэх үеэр Суданд үүрэг гүйцэтгэх багийн бие бүрэлдэхүүний ур чадвар, бэлэн байдал, үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. Эмч нарын 40 хувь нь өмнө нь цэргийн ажиллагаанд явж байсан туршлагатай аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж