Монгол түмний үндэсний бахархал
болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй
жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт
тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь
Чингэсийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны
хөшөө болсон түүхтэй.
Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор
хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах
сумны өд наах хэсгийг “мөс” гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир
байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй,
сумны мөн чанар нь алдагдана. Монгол хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр
хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс
хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй,
муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний
мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад,
муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.