Б.Баттулга: Тайванийн шигшээгийн саналыг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Б.Баттулга: Тайванийн шигшээгийн саналыг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй

Гавьяат тамирчин Б.На­ран­баатар, чөлөөт бө­хийн ОУХМ Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Э.Ням-Очир на­рын шилдэг тамирчдыг Мон­голын чөлөөт бөхөд бэлтгэж өгсөн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Бат­тулга урилгаар Тай­вань улсын шигшээ багийн Зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар шинэ оны эх­ний өдөр эх орноосоо морд­лоо. Сүүлийн арав гаруй жил чөлөөт бөхийн төлөө хө­дөл­мөрлөсөн түүнийг мэд­лэг боловсрол, дасга­л­жуу­лалтын ур чадвараараа олон улсад хүлээн зөв­шөө­рөгдсөн цөөн дасгал­жуу­лагчийн нэг гэдгээр нь спор­тынхон зайлшгүй үнэлдэг. Монголын чөлөөт бөхийн холбооноос төрсөн анхны Олон улсын дасгалжуулагч атал Б.Баттулга багшийг дандаа шигшээ багийн гад­на үлдээдэг байсныг нь хүмүүс мэдэх юм. Сэ­тг­үүл­чид ялангуяа түүнийг шиг­шээ багт авахыг дэмжин, олонтаа бичиж байсан санаг­даж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг Тайвань руу нисэхээс нь хоёр хоногийн өмнө уулзаж авсныг тодруулах хэрэгтэй болов уу.

-Таныг Тайваньд ажил­­лах болсныг тийм ч олон хүн мэдээгүй байх шиг байна. Тэндээс хэ­зээ ажлын санал ирсэн юм бэ?

-Ер нь бол хоёр жилийн өмнө санал тавьсан байсан юм. Тухайн үед би Бээ­жингийн олимпийн дараа эргэж бодъё гээд тат­галз­сан хариу өгсөн. Олимпийн дараагаар Чөлөөт бөхийн холбооны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шигшээ багийн дасгал­жуу­лагчдын сонгон шалга­руу­лалт эхэлсэн учир эн­дээ, шигшээ багтаа ажил­лах боломж байвал үлдье гэж шийдээд дахиад тат­галз­сан. Шигшээ багийн дасгал­жуулагч нарын асууд­лыг яаж шийдэх нь вэ гэдгийг харъя гэж бодож байсан юм. Тавдугаар сард шиг­шээ баг байгуулагдахад ямар хүмүүс дасгал­жуу­лагчаар томилогдсоныг хүмүүс мэдэж байгаа. Үнэ­нийг хэлэхэд, би энэ удаа дахиад хаалганы цаана үлдэнэ гэж бодоогүй л дээ. Манай баг /Арслан клубын баг тамирчдыг хэлэв/ 2006, 2007, 2009 гээд гурван жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн гэ­дэг утгаараа шигшээ багт ажиллах санал тавих болов уу гэж бодож байсан. Сон­гон шалгаруулалтад нь ч тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Харамсалтай нь, манай чөлөөт бөхийн хол­боо асуудлыг бидний бод­соноос өөрөөр шийдсэн учир Тайванийн талын хү­мүү­сийн саналыг хүлээж авахаар болж, тэнд ажил­лаж амьдрах шийдвэр га­р­га­чихаад байж байна. Үндсэндээ бол хоёр жил гаруй бодож байж гаргасан шийд.

-Тайванийн эрэгтэй баг­тай нь ажиллах уу?

-Эрэгтэй, эмэгтэй хоёулаа. Тайванийн шиг­шээ багийн /эрэгтэй, эмэг­тэй/ зөвлөх дасгалжуулагч гэсэн үг л дээ.  

-Гэрээний хугацааг дөр­вөн жил гэж сонссон. Лондонгийн олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөж байгаа шавь нараа орхиод явна гэ­хээр жаахан харам­сал­тай л санагдаж байна?

-Эхний ээлжинд би нэг жилээр гэрээ хийсэн. Жи­лээр гэрээ хийсэн учир нь 2010 оны Гуанжоугийн Азийн наадам хүртэл ямар үр дүн гарахыг харъя гэж бодсон. Хэрэв боломжтой гэж үзээд, миний зүгээс ч гэсэн тэнд байх таатай нөхцөл бүрдвэл 2012 оны Лон­донгийн олимп хүртэл гэрээгээ сунгах байх. Шавь нараа бодохоор мэдээж хэцүү л дээ. Анзаарч бай­хад намайг хүмүүс шигшээ багийн дасгалжуулагч гэж ойлгодог юм шиг байна лээ. Гэтэл би сүүлийн хориод жил өөрийнөө амьдралыг хойш нь тавиад энэ спор­тын төлөө зүтгэсэн. Залуу байна гээд л өөрийгөө хуураад яваад байдаг. Хүнд урам хэрэгтэй байдаг юм байна. Хувийн амьдралаа бодох хэрэгтэй юм байна. Би анх Намбааг /Б.Наран­баатар/ гаргаж ирж байхад аав, ээжээс үлдээ­сэн байраа зараад л гадаг­шаа тэмцээнд явж байлаа. Ер нь тамирчнаа гаргаж ирэхийн тулд эхний бүх эрсдлийг багш нар гарга­даг. Юу л байна тэр бүхнээ зохицуулаад хүүхдүүдээ тэмцээнд аваад явдаг ш дээ. Би чөлөөт бөхийн тө­лөө чадлаараа хичээсэн. Ний нуугүй хэлэхэд, гэр бүлд тулгараад байгаа сан­хүүгийн чанартай шийдэх ёстой асуудал байна. Товч­хондоо бол, Тайвань явах болсон хоёр шалтгаан бай­гаа. Нэгдүгээрт, чөлөөт бөхийн холбоо багш нараа дэмжихгүй, дэмжлэг үзүү­лэхгүй байна. Хоёрдугаарт, хувийн асуудал байна. Тэр­нээс нэг их том юм яриад, том зорилго тавиад ч юм уу, мундаг сайндаа тийшээ явж байгаа хэрэг биш л дээ.

-Та дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажил­лаж байгаа вэ?

-Би анх 1993 онд их сургуулийн оюутан байхдаа багш болж байсан. Бөхийн 73 дугаар сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллах үедээ би 20 настай байлаа. Миний ажлын гараа тэн­дээс эхэлсэн. Ингээд 1996 онд БТДС-ийг багш, дасгал­ж­уулагч мэргэжлээр төгс­сөнийхөө дараа 1997 онд “Арслан” клубээ байгуулсан юм байна. 73-р сургуу­лиа­саа ч хүүхэд авсан, зарим нэг шинэ хүүхдүүд ч ирсэн.

-Б.Баттулга гэж хүнийг гавьяат тамирчин Б.На­ран­баатарын багш, түү­нийг гаргаж ирсэн дас­гал­жуулагч гэдгээр хү­мүүс сайн мэднэ. Гэхдээ зарим хүмүүс Б.Наран­баатарыг дэлхийн авар­гын медальтан болго­сон таны хөдөлмөрийг үгүйсгэж ярьдаг. Та ч өөрөө тийм яриаг сонс­дог л байх?

-2000 онд би БТДС-ийн чөлөөт бөхийн дасгал­жуу­лагчийн багш болсон юм. Тэр үед Намбаа /Б.Наран­баатар/ хоёрдугаар курсын оюутан байсан. Дөнгөж 20 настай. Ангийнх нь багшийн хувьд, мэргэжлийн хичээл зааж байгаа дасгал­жуу­лагчийнх нь хувьд Б.Наран­баатар анхнаасаа л нүдэнд тусч байсан. Өмнө нь дө­рөв, таван жил өсвөр үетэй ажилласан болохоор надад Намбааг таних, тэр хүүх­дийг бэлтгэх тодорхой хэм­жээний туршлага байсан гэж би хэлж чадна. Би Нам­баад хэлдэг байсан “Хэрэв чи чөлөөт бөхөөр амжилт гаргаж, тууштай хичээллэе гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол багш нь чамайг дэлхийн аваргаас медаль авахуулж чадна” гэж. Нам­баа итгэдэггүй байсан ш дээ. “Багш аа, та надаар тоглоод байгаа юм уу” гэдэг ч юм уу, эргэлздэг байсан. 2000 оноос буюу тэр жилээ­сээ бид хоёр хамтарч ажил­ласан. 2005 оны ДАШТ-ий хүрэл, 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медаль гээд гол амжилтуудынхаа суурийг бид хоёр 2000-2003 оны хугацаанд тавьсан. 2001 онд анх гадагшаа тэмцээнд явуулсан. Дараа жил нь Данколовын аварга болсон. Шигшээ багийн тамирчин болсон. Ингээд Б.Наранбаатарыг гаргаж ирсний дараагаас таны хэлсэн “Баттулга бэлэн хүүхэдтэй ажилласан” гэдэг яриа гарч ирсэн. Атаархсан хүмүүсийн л бодол байх л даа. Би ч хэлнэ, Намбаа ч мэднэ. Бид хоёр түүний гол амжилтын суурийг тэр үед яахын аргагүй тавьсан. Гэхдээ хүмүүс тэгж ярьж эхлэх үеэс би нэг юм бод­сон л доо. Дүгнэлт хийсэн гэх үү дээ. Ерөөсөө хүүх­дийг анхан шатнаас нь өөрөө гардаж бэлтгэх хэрэг­тэй юм байна. Ер нь тэгээд шинэ тамирчныг дээд ша­танд хүртэл бэлт­гэхийн тулд хэдэн жил зар­цуул­д­гийг харъя гэж бо­доод дан­даа шинэ хүүх­дүүдийг клуб дээрээ авч бэлтгэсэн. Ж.Чу­луун­бат, Т.Энх-Амга­лан, Э.Ням-Очир гээд тухайн үед тав, зургадугаар ангид байсан шавь нар маань өнөөдөр жингийнхээ нэг номер бол­чихсон байна. Тооцож үзэ­хэд, шинэ хүү­хэд­тэй арваад жил ажил­ласны дараа улсын аварга, тивийн хүрэл авах хэм­жээнд хүргэж бол­дог юм байна. Намайг хү­лээн зөв­шөөрдөггүй зарим хүмүүс ийм тодорхой хөдөл­мөр, сэтгэлийг маань эрх биш одоо ойлгодог байлгүй дээ.

-Чөлөөт бөхийн хүрээ­нийхэн таны мэдлэг бо­ловс­рол, чадвар, ам­жил­тыг хүлээн зөв­шөөр­дөг мөртлөө яагаад дандаа шигшээ багийн гадна үлдээдэг гэж та боддог вэ. 2009 байтугай Афины олим­пийн үеэр ч өөрийг чинь шигшээ багийн дасгал­жуулагч болох нь гэсэн яриа гарч л байсан?

-Яахав дээ, би өөрийгөө магтах гээд ч юм уу, маг­туулах гээд явдаг хүн биш л дээ. Нэгэнт миний дотор гомдол тээж явдаг зүйл байдаг болохоор өнөөдөр хэлэх гэснээ хэлэх нь зөв байх гэж бодож байна. Чөлөөт бөх бол үнэхээр гоё спорт. Дайчин, оюун ухаан сорьсон, барьцгүй боло­хоор тамирчнаас  хурд, ур ухаан шаардсан сонгодог төрөл. Монголын спортын анхны алдартнууд төрсөн гэдэг утгаараа ард түмэн ч чөлөөт бөхөд хайртай. Би ч гэсэн тэдний л нэг. Бага­а­саа л чөлөөт бөхийн спор­тыг сонирхдог байсан.  Чө­лөөт бөхийг хөгжүүлэхэд гар бие оролцъё гэсэн хү­сэл­тэй л энэ спортын хаалгаар орж ирсэн ш дээ. Гэтэл өнөөдөр манай чө­лөөт бөхийн хүрээнд жалга довны үзэл, танил тал ха­рах, атаархах гээд ялих шалихгүй асуудлаас болж үүсдэг маргаан, дутагдал зөндөө байдаг. Анх бүр 2000 оны Сиднейн олим­пийн дараагаар “Энэ Б.Бат­­тулга гэдэг хүүхэд гай­гүй дасгалжуулагч бол­чих юм шиг байна. Өсвөр үеийнхэнтэй сайн ажиллаж байна. Дэмжье. Шигшээ багт авъя” гэдэг яриа бай­сан. Тухайн үед би үнэхээр хүмүүс тэгж итгээд шигшээ багт ажилла гэвэл чадна л гэж бодож байсан. Тэгсэн “Насанд хүрэгчдэд хүүхэд бэлдээгүй багшийг авах гэлээ” гэсэн маргаан гарч ирсэн. Тэр үед би нээрээ ч тийм юм байна гэж бодоод өнгөрсөн. Дараа нь 2004 оны Афины олимпийн да­раа­гаар би шигшээ багийн дасгалжуулагчийн шалга­руулалтад орж үзсэн л дээ. Тэр үед Намбаа олон ул­сын тэмцээнээс хэд хэдэн медаль авчихсан, Дан­колов, Тахтын цомд шавь нь түрүүлчихсэн байсан боло­х­оор шигшээ багт ажил­лаад үзэхэд болохгүй нь юу байхав гэж бодож байтал бас л хойшилсон. 2008 он гэхэд миний шавь нар дэл­х­ийн аваргаас мөн­гө, хүрэл медаль авчихсан, багаа­раа насанд хүрэгчдэд хоёр  ч удаа түрүүлчихсэн бай­сан болохоор шууд хэлэ­хэд надтай өрсөлдөх хүн байхгүй юм байна даа гэж өөрийгөө тоож байсан юм.

-Та Бээжингийн олим­пийн дараа болсон дас­гал­жуулагчдын шал­г­а­руулалтад оролцсон биз дээ?

-Оролцохоор барах уу. Шалгаруулалтын үзүү­лэл­түүд байсан даа. Тэдэн жил тамирчинтай ажилла­сан, тив, дэлхийн тэмцээ­нээс шавь нар нь медаль хүртсэн байх, компьютер, англи хэлний мэдлэгтэй гэх зэргийн. Тэр шалгуурыг хараад харин ч бүр надад тааруулчихсан юм шиг санагдаж байсан. Гэтэл ний нуугүй хэлэхэд ком­пью­тераа асааж мэдэхгүй, англи хэлний А ч байхгүй хүмүүс надаас өндөр оноо авсан байна лээ. Би тэрийг ерөөсөө ойлгодоггүй байх­гүй юу. Яг ийм байдлаар дасгалжуулагчийн шалга­руулалт явуулах юм бол хэрэггүй л юм байна лээ. Тэгснээс энэ манай хамаа­тан байгаа юм аа, найзы­гаа ажиллуулахгүй бол болохгүй нь ээ гэж үнэнээ хэлээд л сонгочих хэрэг­тэй. Би сайн дасгалжуулагч болохын тулд өнөөдрийг хүртэл бүх л нөөц болол­цоогоо ашиглан сурал­цахыг зорьдог байсан. 2002 онд би Намбааг ор­хиод, Америк руу өндөр зэрэглэлийн тамирчин бэлт­­гэх  дасгалжуулагчийн сургалтад нэг жилийн хуга­цаатай явж л байсан. 2004 онд FILA-гаас анх удаа олон улсын дасгал­жуу­лагч­дыг лицензжүүлэх шалгал­тад ганцаараа оролцоод, дэлхийн хэмжээнд олгосон анхны Олон улсын дасгал­жуулагч лицензийн нэгийг авч байсан. Манай холбоо үнэхээр багш, дасгал­жуу­лагчдаа дэмжихгүй байна.

-Чөлөөт бөхийн холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад хэсэг хугацаа өнгөрлөө. Тэр шинэ баг таны бодлоор хэр ажил­лаж байгаа бол?

-Шинэ зохион байгуу­лалт л гэнэ, үнэн хэрэгтээ ерөөсөө ажил мэдэхгүй хэдэн улсууд л энэ холбоог авсан ш дээ. Яахав, спор­тыг хөгжүүлье гэсэн сэт­гэлтэй, мөнгө төгрөг өгч байгаа хүмүүсийн сэ­т­гэ­лийг үгүйсгэхгүй. Баяр­лалаа. Гэхдээ мэдэхгүй зүйлээ асуух хүмүүсээс нь асууж байх хэрэгтэй л дээ. Шинэ баг бүрдсэний дараа холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарт “Чөлөөт бөхийн холбоог хөгжүүлье гэсэн сэтгэл гаргасанд баяр­лалаа. Гэхдээ хайран мөнгө үрэгдэх вий. Баг чинь нэг л буруу бүрдчих шиг боллоо шүү” гэдгийг би хэлж байсан. Тоогоогүй л дээ. Хариу нь сая есөн сард гарлаа ш дээ. Бид нар хэзээ ч түүхэндээ тэмцээнд тулгаж очиж үзээгүй. Хэзээ ч бид тэмцээнээс хоцорч байгаагүй. Миний мэдэх сүүлийн хориод жилийн хугацаанд хэзээ ч тамирчид жингээр хасагдаж үзээгүй. Монголд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлсэн дөчөөд жилийн туршлага байсаар байхад дахиад цав цагаан цаасан дээр шинээр эхлүүлэх гээд байхын хэрэг­гүй биз дээ. Эд нарын ярь­даг юм болохоор “Бид нар ажил аваад тав, зургаахан сар болж байгаа учир…” гэсэн тайлбар хэлдэг. Хол­бооны 20, 30 жилийн турш­лага байсаар байтал, энэ спортыг мэддэг хүмүүс бай­саар байтал асууж, зөвлөх­гүй бүхнийг өөрсдийн­хөө­рөө хийх гээд байдаг. Тамирчид л дунд нь хохирч байна. Сая дэлхийн аваргад оролцох гэж юу болов оо. Зүгээр наад захын туршлага байна ш дээ. Таван цагийн зөрүүтэй газар дор хаяж тав хоногийн өмнө л очих ёстой байдаг. Тэгж цагийн зөрүүг арилгаж байж, тамирчнаас амжилт нэхэх эрхтэй. Би бол угтаа хөндлөнгийн хүн ш дээ. Хүн шүүмлэх гээд байгаа зүйл ч биш гэдгийг ойлгоорой. Холбооны удирд­лагуудын ярьж бай­гаа­гаар бол “Шигшээ багийн багш нараасаа хэд хоногийн өмнө очих уу, тулгаж очих уу гэдгийг асуухад багш нар тулгаж очьё гэж шийдсэн” гэж байна лээ.

-Багш нар гэдэг нь хэн гэж?

-Би жишээ нь холбооны дасгалжуулагчдын зөв­лө­лийн гишүүн. Гэтэл бид нартай л лав ярилцаагүй. Ярилцаагүй болохоор шиг­шээ багийн таван дасгал­жуулагчийг хэлж байна гэж би ойлгосон. Одоо тэгвэл шигшээ багийн дасгал­жуу­лагч нартай хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Яа­хаа­раа тэд нар тав, зургаан цагийн зөрүүтэй газар тул­гаж явъя гэж шийдсэн юм. Эсвэл удирдлагууд нь мөн­гөө хэмнэх гэсэн юм уу. Ямар ч байсан энэ асуудлыг тодорхой болгож, хариуц­лага хүлээлгэхгүй бол бүгд хариуцлагаас бултаж бай­на. Цаг агаарын байдлаас болоод гэж ярьдаг. Гэхдээ сумын төвийн, хөдөөний малчин хүртэл сарын өм­нөөс зарласан цаг агаарын сэрэмжлүүлгийг мэдэж бай­хад жилд ганц болдог дэл­хийн аваргын өмнө тийм шалтгаан хэлээд зогсч бай­на гэдэг бол надад үнэхээр харамсалтай л санагдсан.

-Одоо хамтарч ажиллах багийнхаа талаар та хэр судалсан бэ?

-Статистик судалгаа гар­гаж үзсэн. Тайванийн баг сүүлийн 10 жилд ямар ам­жилт­тай байсан юм гэдгийг судалсан. Ний нуугүй хэлэ­хэд, би тэдний эмэгтэй баг­тай түлхүү ажиллаж, ам­жилт гаргуулах зорилготой байгаа. Азийн аваргаас ганц нэг хүрэл медаль авч бай­сан юм билээ. Өнөөдөр тавьж байгаа гол зорилго нь ирэх жил /энэ жил/болох Азийн наадмаас медаль авах явдал. Ажиллаад л үзнэ дээ. Цалин хөлсний тухайд өмнө нь гадаадад ажиллаж байсан багш, дасгалжуулагч нарынхтайгаа харьцуулахад боломжийн хэмжээнд гэрээгээ хийсэн гэж бодож байна. Хуулийн зөвлөх маань гэрээ хийхэд их тусаллаа. Түүнчлэн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, олон улсын шүүгч А.Басхүү нартаа талархал илэрхийлье. Энэ хоёр маань гэрээ хэрхэн хийхээс эхлээд тэнд ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн энэ ажилд их тусалсан.

-Таныг явахаар “Арс­лан” клубыг хэн удирдах вэ?

-Клубээ шавьдаа үл­дээж байгаа. Одоо 120 кг-д барилддаг, шигшээ багийн тамирчин Ж.Чулуунбат цаашид “Арслан” клубын үйл ажиллагааг явуулна. Тамга тэмдэг, дасгал­жуу­лалтын эрх гээд бүхнийг шилжүүлж, үлдээгээд явж байгаа. Ми­ний хүүхэд сай­хан нэр төрт­эй аваад явчих байх аа. Мэдээж хэрэг надад бодсон зүйл байгаа. Шавь нараа Тайваньд хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх тал дээр одооноос төлөвлөж байгаа.

Б.Бадамгарав /2010 оны 1 сарын 4 /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж