
Замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэлийн гол замуудыг камерын хяналтад авснаар багагүй хугацаа өнгөрлөө. Харин зөрчил гаргасан жолооч нартаа хэзээ хариуцлага тооцож эхлэх вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Харин ес хоногийн өмнөөс Замын цагдаагийн газар Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч нарын гаргаж буй зөрчлийг камерын тусламжтай илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн юм. Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 2000-2200 зөрчил илрүүлж байгаагийн 70 гаруй хувийг камерын хяналтаар илрүүлжээ. Теле камераар замын хөдөлгөөнийг хянаж зөрчил гаргасан жолоочийн автомашины улсын дугаар, зорчиж буй чиглэлийг замын цагдаа нарт мэдээлж байгаа. Дээрх арга хэмжээний хэрэгжилтийн талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, ахмад Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Камерын тусламжтай хянаж эхэлснээс хойш зөрчлийн тоо өссөн үү?
-Өмнө нь замын цагдаа нар Замын хөдөлгөөн зохицуулагчийн үүрэг давхар гүйцэтгэж байсан учир жолооч нарын гаргасан зөрчил бүрт хариуцлага тооцож чаддаггүй байсан. Харин камерын тусламжтайгаар урьд өмнөхөөс олон зөрчил илрүүлж, хариуцлага тооцож байна.
-Жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
-Хамгийн түгээмэл зөрчил бол хамгаалах бүс зүүхгүй замын хөдөлгөөнд оролцох. Түүнчлэн эгнээ байраа буруу эзлэх, хоёрдугаар эгнээнээс эргэх, зогсох шугам давж явган зорчигчийн хөдөлгөөнд саад болох зэрэг зөрчил их байна. Үүнээс гадна улаан гэрлээр орж ирэх, урсгал сөрөх зэрэг зөрчил гаргаж, зөрчлөө дахин давтах зэргээр дүрэм зөрчиж байна.
-Зөрчил гаргасан тохиолдолд хэдэн төгрөгийн торгууль оногдуулж байна вэ?
-Гаргасан зөрчлөөөсөө хамаараад 1000-10 000 төгрөгөөр торгож байна. Мөн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зургаан сараас хоёр жилээр жолоодох эрхийг нь хасах, осол гаргаад хэргийн газраас зугтсан, хүний амь нас хохироосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх зэргээр арга хэмжээ авч байна.
-Жолооч нар гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гарсан уу?
-Өнгөрсөн ес хоногийн хугацаанд зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй хоёр жолооч Замын хөдөлгөөний удирдлагын төвд очиж өөрсдийн бичлэгээ харсан. Үнэхээр яах аргагүй дүрэм зөрчсөнөө харсан болохоор маргаан гараагүй.
-Энэ арга хэмжээ хэдий болтол үргэлжлэх вэ?
-2011 ондоо ч энэ маягаар ажиллана. Энэ арга хэмжээг дуусна гэж ойлгож болохгүй. Улам боловсронгуй болгож олон улсын төвшинд хүрэхийн төлөө ажиллана. Нийслэл хотод өдөрт дунджаар 60-70 автомашин замын хөдөлгөөнд шинээр оролцдог гэх тооцоо бий. Цаашид ч замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр гэрлэн дохиогоороо дүрмээ баримталж хэвшихэд жолооч нарыг одооноос сургаж, албадлагын гэмээр арга хэмжээ авч байгаа гэсэн үг. Цаашдаа замын цагдаа байсан байгаагүй дүрмээ биелүүлдэг болно гэдэгт итгэж байна.
-Зөрчлийг цаг тухайд нь илрүүлээд хариуцлага тооцож байгаа гэж ойлгож болох уу. Жолооч нарын дунд нэг өдөр бөөн торгуулийн хуудас гаргаад ирэх юм биш биз гэх айдас байна?
-Цаг тухайд нь илрүүлж байгаа. Гэхдээ зөрчил илрүүлэх камер нь тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөрчил илрүүлэх камер хурд хэтрүүлж байгаа, улаан гэрлээр орсон автомашиныг автоматаар бүртгэдэг гэсэн үг. Цаашдаа зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн зөрчлийг нэгтгэж тухайн жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг явуулдаг болох системд шилжинэ. Энэ нь иргэний шинэчилсэн бүртгэлийг 100 хувь явуулж дууссаны дараа хэрэгжих боломжтой. Гэхдээ техник хэрэгслээ суурилуулах гэх мэт хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхийг хүлээж байна гэлээ.
Камертай хэсгийг анхааралдаа авлаа гэхэд хотын зах хэсгийн замууд дээр хэрхэн хяналт тавих вэ гэх асуулт гарч ирнэ. Энэ хэсгүүдэд зам тээврийн осол гарах нь олонтаа. Тиймээс камергүй, хотын захын замуудад хөдөлгөөнт пост оройн 19.30 цаг хүртэл ажиллаж байгаа бол ачлаалал ихтэй Баруун, Зүүн дөрвөн зам, Энхтайваны өргөн чөлөө, 3,4-р хороолол, Улсын их дэлгүүрийн замуудад уртасгасан цагаар буюу 22.00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн пост гарч байгаа аж. Харин замын хөдөлгөөнд автомашинтай оролцогч жолооч нар Замын цагдаагийн газраас санаачилсан дээрх арга хэмжээнд хэрхэн хандаж буйг сонирхсон юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Ганзориг
-Замын цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа энэ ажлыг зөв зүйтэй гэж бодож байна. Камергүй байхад цагдаа байхгүй бол дүрэм зөрчих тохиолдол байсан. Ер нь бүх жолооч тийм байдаг байх. Харин эрчимтэй арга хэмжээ авч эхэлснээс хойш их болгоомжтой явдаг болсон. Жолооч нар ч хотын төвийн замд дүрмээ баримтлах нь сайжирч байгаа санагдлаа.
Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Жавхлантөгс
-Би саяхан шатахуун түгээх станцаас бензин аваад хөдөлтөл цагдаа зогсоогоод 2000 төгрөгөөр торгосон. Дөт замыг сонгоод урсгал сөрсөн. Мэдээж дүрэм зөрчиж байгаа гэдгээ мэдэж байсан л даа. Гэхдээ цагдаа зогсооно гэж санаагүй. Үүнээс хойш болгоомжтой явдаг болсон.
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батбаяр
-Мэргэжлийн байгууллагууд нь зөв зүйтэй л арга хэмжээ авч байгаа байх. Эсэргүүцээд байх юм алга. Тэгээд ч бүх жолооч дүрмээ мөрдөөд явбал торгуулаад байх албагүй шүү дээ. Торгоод байна гэхээсээ илүү замын хөдөлгөөндө соёлтой оролцоход л хангалттай гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн иргэн Т.Батцэнгэл
-Өдөр бүр Замын Хөдөлгөөнд оролцдог жолооч хүний хувьд энэ арга хэмжээг сайшааж байна. Миний хувьд Замын хөдөлгөөнд дүрмээ баримталж оролцдог. Гэвч дүрэм зөрчдөг жолооч олон болохоор түгжрэл үүсгэж, зарим нь осол гаргаж байна. Энэ жолооч нарт хатуу арга хэмжээ аваад ирэхээр дүрмээ баримталдаг болох байх. Үр дүнгээ өгөөсэй гэж хүсч байна. Замын хөдөлгөөнд замбараагүй оролцдог жолооч нарыг цэгцлэх цаг болсон. Манайхан дандаа захиргаадуулж, албадлага хэрэглэж байж ойлгодог муу зантай улс юм л даа. Түүнээс биш хэрэгжүүлэхэд хэцүү юм огт байхгүй шүү дээ.