Цагдаа тоглоомон буугаар хүн хөнөөсөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Цагдаа тоглоомон буугаар хүн хөнөөсөн үү?


Хачин юм. Хүүг нь ханиад хүрэх вий дээ гэхдээ “Дулаан хувцаслаад ирээрэй” гэсэнд уурссан ээж “Дарамталлаа” гээд хэвлэлийн бага хурал хийлгэж байх юм. Хурлаар хөвгүүдийнхээ тухай хуучилна. Эр хүн л болсон хойно хүүхдүүд нь буу барин буруу номын сахилгагүй жаалуудыг хашраахаар хөөцөлдөж. Эхнийхийг нь төв талбайн хажууханд бариад байшинд оруулаад паарнаас хүлээд цааш явжээ. Гараад иртэл харанхуй болж, нийгмийн шаарнуудаас нэг нь үзэгдсэнгүй. Мөрийг нь алдсандаа шарлахаад хажуугаар явсан дөрвөн хүнийг буудчихаж. Ингээд л хэрэг мандаж. Саваагүй нөхдийг хашраах гэсэн хөвгүүд нь буруутан болсон ч өршөөж. Гэтэл хүүд нь буудуулсан хүүхдүүдийн эцэг, эх гомдол гаргаж “сайн” хүүгийн хэргийг сэргээж. “Ээж”-ийнх нь хэлснээр уг нь хүү жинхэнэ биш “тоглоомон буугаар” тоглож явсан гэнэ. Сумалсан сум нь галт биш биш үрлэн байсан гэнэ. Тоглоомон буунд галт сум хийвэл хүн буудахаасаа өмнө гар, хөлөө гэмтээчихнэ биз дээ ч гэх шиг. Гэтэл яалт ч үгүй хүний амь хөнөөчихөж. Дайран дээр давс гэгчээр мөнөөх хүлээд орхисон буруу номтныг гэсгээх мэт гал гарч, хүлээстэйгээ байсаар бурхан болжээ. Ингээд хэрэг хүндрэх нь тэр. “Хүүхдүүд”-эд нь яалт ч үгүй хариуцлага тооцох хэрэг гарч. Гэтэл шалгах явцад дөрвөн хүүгийн амиа алдсан газраас гал сумны хонгио олджээ..

Уг нь жинхэнэ буруу номтнуудыг 300-гаар нь барьж хорьж, дахиж “дон дон” гэхгүй болтол нь хашраагаад нэг удаадаа өршөөсөн юм. Учраа мэдэхгүй буруу номын хүүхдүүдийг айлгаж сүрдүүлж, саваадаж, сандал өргүүлж, сандлаас унагааж, харанхуй өрөөнд бүгдийг нь чихэж айлгаж байгаад хамар дор хагархай гэгчээр дахин хашгарч, гороолохгүй болтол нь гөвшөөд гаргасан юм. “Сайн” хөвгүүдийн хэн нь аль буруу номтныг буудсаныг азаар тогтоож чадаагүй учраас тэдэнтэй хамт хэргийг нь өршөөсөн билээ. Монгол ёсонд хэргээ хүлээсэн хүүг өршөөдөг, хэрэг хийгээгүй хөвгүүнийг цагаатгадаг хойно доо. Тэр л ёсоор болж. Буруу номтой жаалууд буруугаа хүлээж, буруу номтныг бус гэмгүй хүүхдүүдийг буудсан хөвгүүд ч буруугаа хүлээсэн гэсэн үг л дээ.

Дараа жилийн долдугаар сарын 1-нд хүүхдээ буудуулсан эцэг, эхчүүд гомдол гаргаснаар хэргийг дахин сөхлөө. Энэ удаад хүн буудсан, бууд гэж хэлсэн байж болзошгүй нөхдүүдийн хэргийг сэргээж л дээ. Ингээд “Юу болсныг ярь” гэж дуудахдаа өдөржин өнжөөчихөж. Тэрэнд хүүхдүүдийн эцэг, эхчүүд үнэхээр уурлаж байна. Буруу номтны хүүхдүүдийг болохоор саваадаж, харанхуй өрөөнд цоожилж, айлгаж, занчиж болдог байхад тэдний хүүхдүүдийг хүлээлгэж болдоггүй юмсанж.

“Сайхан мэдээрэй. Ахиад хүүг минь гадаа хүлээлгээд үзээрэй” гэж хэлэх гэж эцэг, эхчүүд хэвлэлийн хурлаар уламжилсан байх юм. Хууль сахиулах гээд хүн буудчихдаг “сайн” хүүхдүүдийг хүлээлгэж болохгүй гэж тэд онцолсон. “Сайн” хүүхдүүд нь харин А гэхээр Б гээд цор цор хийдэг багачуулыг хоолгүй хонуулж, хорьж, залхааж болдог юм байлгүй.

Тэдний хүүхдүүд нээрээ сүрхий гэж жигтэйхэн. Хүнийг харцаар нь төвөггүй танина. Ямар сайндаа “Хулгайч аа” гээд л дуудахад нөгөөх нь айсандаа толгой гудайлгаж байгаа юм. Огтоос танихгүй байж “Новшоо, “П…” минь/Бүдүүлэг дүрсэлсэн бол уучлаарай. Бидний мэдэх орос хараал/” гэнэ. Нөгөөдүүл нь “Айн” гээд толгойгоо маажих жишээтэй. Яг оноод хэлж байгаа биз дээ. Сайчуудад бөөн тал засчихлаа. Одоо эргээд асуудалдаа оръё. 

Хуулийг, шүүхийн шийдвэрийг хэн дуртай нь хэрэгтэй үедээ гуйвуулдаг болсныг л энэ бүхнээр хэлэх гэсэн юм. Монголчууд хуулийн дор бус бүлэглэлийн дээвэр дор амьдарсаар дасчихаж. Тэрхүү бүлэглэл нь байнгын хууль бус үйл хөдөлгөөнийг санал болгох нь гадаадын томъёоллоор “мафи” улс болсон ч юм шиг. Дээр, дооргүй л ийм бусармаг газар авчээ. Хэрэг хийсэн цагдаагийн албан хаагчийг байцаавал байцаасан нөхрийг барьцаална. Жагсаалын эсрэг жагсаал хийнэ. Өөрсдийн буруугаас болж бүхнээ шатаачихаад төрөөс хохирлоо барагдуулна. Алтан загасны үлгэрт итгээд аль болох амраар мөнгөө өсгөх гээд салхинд хийсгэчихсэн хойноо “Үлгэр үнэн биш гэдгийг төр хэлээгүй” гээд алдсан мөнгөө төлүүлнэ.

Хууль сахиулагчид нь хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр жагсаал хийнэ. Энэ бүхнийг тоочвол ингээд л хөврөөд байна. Ер нь Монголд шударга ёс гэж алга. Хуулийн үйлчлэлийн талаар бүр яриад ч хэрэггүйн хамгийн тод жишээ энэхүү цагдаагийн ээж нарын хэвлэлийн бага хурал болов.

Цагдаагийн ээж нар зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хууль сахиулагчдын хууль бус үйлдлийг шалгасан хуулийн байгууллагыг эсэргүүцлээ. Тэдгээр ээж нарыг буруутгах нь ч утгагүй. Гэхдээ өглөө ажилдаа яваад буцаж ирээгүй хүүгээ, ханиа, аавыгаа алдсан тэр хүмүүсийн оронд өөрсдийгөө нэг тавиад үзээч гэж зөвлөе. Тэр хүмүүст хэргийн үнэн мөнийг олох хамгаас чухал. Амиа алдагсад жагсаалд оролцсон байлаа ч түүнийхээ төлөөсийг амиараа төлөх дэндүү үнэтэй биш гэж үү. Хэрэв хүн буудаагүй л юм бол. Сургуулилтын сум хэрэглэсэн л юм бол хүүгийн чинь хэргийг хэрэгсэхгүй болгоод л цагаатгана шүү дээ.

“Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдсэн хэргийг сэргээн шалгаж цагдаагийн ажилтнуудыг хомроглон  байцааж эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл” гэх хэрэг юу байв аа. Жирийн иргэдийн хүүхдүүдийг болохоор хэдэн цагаар хамаагүй байцааж болдог, цагдаа хүүг чинь болохоор “Дулаан хувцаслаад ирээрэй” гэсэн нь дарамт болчихдог болж байна уу. Хууль хүн бүхэнд шударга үйлчлэх ёстой. Түүнийг сахиулахын тулд ордог байгууллагад таны хүү ажилладаг гэдгийг мартаагүй л баймаарсан. “Хар машинтай хүмүүс буудсан” гэх л юм. Тэгвэл тэр машиныг танайхны хүүхдүүд онц байдлын бүсэд оруулахгүй байх ёстой биш бил үү. Ийм хялбархан аргаар дүгнэлт хийвэл муухай байгаа биз дээ. Холч ухаан гаргаж хэргийг илрүүлэхэд садаа болохгүй байвал яасан юм бэ. Үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн цагдаагийн ар гэрээ санаж улс төржсөн жагсаал хийвэл хүүг чинь хүмүүс үзэн ядах биш үү. Үгүй гэвэл уучлаарай, цагдаа нар галт сумаар буудсан гэдгийг хэзээний нотолчихсоныг сануулах юун.

Л.Төгс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж