Дэлхийн 196 улсыг эгнээндээ нэгтгэсэн AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ жилээс эхлэн “World Series of Boxing” тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Швейцарийн Лозанна хотноо 2008 оны наймдугаар сард болсон AIBA-гийн ээлжит чуулганаар “World Series of Boxing” буюу боксын дэлхийн лигийн тэмцээнийг 2010 оноос эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх бөгөөд дэлхийд данстай шилдэг боксдыг энэхүү тэмцээнд хамруулах үүднээс багуудад гадны тамирчдыг авч тоглуулах боломжийг нээлттэй үлдээсэн юм. Гэхдээ гадны тамирчид AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоонд бүртгэлтэй гишүүн орны тамирчин байхаас гадна AIBA-гийн ямар нэг олон улсын чанартай тэмцээнд оролцсон байх гэсэн шаардлага тавьж байгаа юм.
“World Series of Boxing” тэмцээнд Америк, Ази, Европ гурван тивийн нийт 12 баг, тодруулбал, Ази тивээс “Астана Арланс”, “Баку Файрс”, “Бээжин Драгонс” болон “Инчьон Рэд Уингс” багууд, Европоос “Истанбуллс”, “Милано Тандер”, “Кремлин Биэрс”, “Парис Юнайтед”, харин Америкаас “Мемфис Форс”, “Лос-Анжелес Мадатерс”, “Мехико сити Гуэррэрас” болон “Майами Галлос” багууд өрсөлдөж байна. Багууд таван (bantam буюу 50-54 кг, light буюу 57-61 кг, middle буюу 68-73 кг, light heavy буюу 80-85 кг, heavy буюу 91-ээс дээш кг) жингийн ангилалд тамирчдаа сойх бөгөөд жин тус бүрт гурван тамирчинтай байхаар багаа бүрдүүлжээ. Түүнчлэн нөөц тоглогчдыг мөн авах боломжтой. Тэмцээний туршид лигийн системээр нийт 12 тойрог тоглох бөгөөд эхний тойргийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болсон юм. Харин сүүлийн тойргийн тоглолтууд ирэх оны гуравдугаар сарын 17-19-нд болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно. Улмаар WSB тэмцээний анхны аварга баг 2011 оны тавдугаар сард тодрохоос гадна жин тус бүрт шилдэг боксчинг тодруулах ажээ.
Манай улсын хувьд анх удаа зохион байгуулж буй “World Series of Boxing” тэмцээнд дөрвөн боксчин хүч сорихоор гадны багуудтай гэрээ байгуулаад байна. Ази тивийн багаас Н.Төгсцогт /54 кг/ Азербайжаны “Баку Файрс” багт, Европ тивээс Италийн “Милано Тандер” багт З.Энхзориг /61 кг/ мөн Америкийн “Мемфис Форс” багт Э.Идэрхүү /54 кг/, У.Мөнх-Эрдэнэ /61 кг/ нар өрсөлдөж байна. Одоогоор тэмцээний эхний гурван тойргийн тоглолтууд болсон бөгөөд манай тамирчдаас У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар нэг, нэг тулаан хийгээд байна. “Мемфис Форс” баг эхний тойрогт “Мехико сити Гуэррэро” багтай таарч тоглосон бөгөөд 61 кг-д У.Мөнх-Эрдэнэ Мексикийн боксчин Хуан Ромеротой тулалдаж, оноогоор ялагдсан байна. Тэмцээний дүрэмд зааснаар гурван минутаар таван үе тоглох бөгөөд гурван шүүгч тоглолтыг шүүж, тус бүрдээ оноогоор дүгнэх ёстой юм. Улмаар шүүгчдийн шийдвэр гарахад хоёр шүүгч 47:47 харьцаатай тулааныг тэнцсэнд тооцсон бол нэг шүүгч 48:47 харьцаагаар Мексикийн тамирчинд ялалт өгчээ. Тус тоглолтод Мемфис хотын баг ерөнхий дүнгээр 5-0 харьцаатай ялагдсан байна. Харин З.Энхзоригийн тухайд гуравдугаар тойргийн тоглолтод оролцож, ялагдал хүлээжээ. Энэ тойрогт “Милано Тандер” баг “Кремлин Биэрс”-тэй тоглож, 3-2 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд манай тамирчны тухайд ОХУ-ын Адлан Абдурашидовтой тоглож, оноогоор ялагдсан байна.
Тэмцээний дараагийн тоглолтууд энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно.
Эхний гурван тойргийн дараах байдлаар Америкийн бүсийг “ЛА Матадорс” баг долоон оноотой тэргүүлж байгаа бол У.Мөнх-Эрдэнэ, Э.Идэрхүү нарын харьяалагдаж буй “Мемфис Форс” баг гурван оноотой хэсэгтээ сүүл мушгиж байна. Харин Европын бүсэд “Парис Юнайтед” болон “Милано Тандер” багууд ижил долоон оноотой хэсгээ манлайлж байгаа юм. Түүнчлэн Азербайжаны “Баку Файрс” баг есөн оноогоор Азийн бүсийг итгэл төгс тэргүүлж байна.
С.Цэлмэг