-Хэрвээ МАХН-д гавьяа гэж байдаг бол өнгөрсөн 20 жилийн түүхэнд, 16 жил эрх барихдаа энэ ард түмний төлөө юу хийсэн бэ гэдгээ МАХН-ын дарга нар хэлэх ёстой-
Түүгээр ч зогсохгүй түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эдийн засгийн бодлогыг үнэн мөнөөр нь мөнхлөх үүргийг хүлээв. Тэр нь МАН-ын нэр, үзэл баримтлалыг авч ашиглах болсны төлөөс юм. Мөн Данзантан Монгол Улсын Сангийн сайд байхдаа улсын эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг боловсруулан гаргаж, үндэсний мөнгөн тэмдэгтийг санаачилснаараа Монгол Улсын эдийн засгийн салбарын хөгжлийг өнөөгийн төвшинд хүрэх үндсэн суурийг тавьсан хэмээн тэмдэглэв. Энэ гавьяа нь харин Данзантаны байгуулсан МАН-ын нэртэй хамт одоогийн удирдлагуудад шилжин ирэх ёстой гэж тооцсон байна.
Ингээд саяхан болсон намынхаа XVI дугаар их хурлаар “Нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам байна” хэмээн зарласан МАН “үндэсний ардчилсан үзэл бүхий барууны нам” болох шилжилтийг эхэлж байна. Гэвч тэр болтол нэлээд урт хугацаанд төөрөлдөх биз. Нагаржунайн төв үзлийг авч давхиад нэг хэсэг “азарт” болсон шиг. Учир нь үндэсний ардчилсан үзэл хийгээд социал демократ үзэл хоорондоо дэндүү хол ялгаатай. Энэ талаар судлаачийн үгийг иш татья л даа.
“Үндэсний, ардчилсан гэдэг тодорхойлолт нь ардчилсан бус дэглэмээс үндэстэн ардчиллын зам руу шилжихэд ихэнхдээ хэрэглэгддэг. Энэ нь үндэсний шинэчлэлийн шинжтэй ойлголт учраас дотор нь зүүний, барууны гэсэн ойлголт бүгд багтаж явдаг асар том сав. Гэтэл ардчилсан нийгэмд дээрх үзэл баримтлалыг гаргаж ирснээрээ “Одоо бид ардчилсан биш байгаа юм уу” гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Монгол Улс ардчиллын замыг хэзээ сонгосон билээ, үүнийг бодох хэрэгтэй”.
Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд намаа шинэчлэх нэрээр Монгол Улсын өнгөрсөн 20 жилийн түүхийг үгүйсгэв. Үүний хамт МАХН-ын өнгөрсөн 70 жилийн түүхийг бас үгүйсгэлээ. Далан жил Монголын түүхийг гуйвуулан бичсэн МАХН өнөөдөр эргээд 90 жилийн өмнө очиж, түүхийг шинээр бичихийг хүсч байна. Гэвч түүхийг бичих эрх хүн бүрт байдаггүй. Тэр тусмаа түүхийн тодорхой цаг үеийг өөртөө нааж, оноо болгож ашиглах эрх ч улстөрчдөд байхгүй. Учир нь Ардын хувьсгалаас хойшхи 70 жилийн түүх бол Монгол Улсын түүх. Тиймээс хэрвээ МАХН-д гавьяа гэж байдаг бол өнгөрсөн 20 жилийн түүхэнд, 16 жил эрх барихдаа энэ ард түмний төлөө юу хийсэн бэ гэдгээ МАХН-ын дарга нар хэлэх ёстой. Өнгөрсөн 20 жилийн ардчилал, шинэчлэлийн үйл явцад хэрхэн оролцсон бэ, ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгээ үнэлж цэгнэх учиртай. Тэгээд XX дугаар зууны эхэнд Монголын төрийн тавьж байсан бодлогыг гаргаж тавих биш, харин XI зуунд Монголын нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэхийн төлөө явах ёстой. Тэр нь харин барууны байна уу, зүүний бодлого байх нь хамаагүй билээ. Харамсалтай нь энэ намд аль аль нь алга. Бодлого байхгүй учраас өнгөрсөн түүхийн аль өнгөтэй өөдтэй цаг үеийг өөртөө наахыг эрмэлзэж, бүх насаараа ядуу зүдүү яваад гэнэт баяжсан өв залгамжлагчийн өрөвдөлтэй дүрд хувираад байна.
Саяхан даа, МАХН-ын XVI дугаар их хурлын үеэр намынхаа нэрийг МАН болгон өөрчилчихөөд “Өглөө” киноны хэсгээс “шторк” болгон ашиглаж, “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн намын дарга нар уухайлж байсан. Намын Их бага, хурлын гишүүдийн сэтгэлийг тэгтэл их хөдөлгөсөн энэ уухай харин хөндлөнгөөс харахад их л арга ядсан зүйл болсныг намын удирдлагууд гадарлаа ч үгүй бололтой. Гадарлаагүй учраас өнөөдөр тэд алдаагаа давтаж, МАН-ын анхны дарга Солийн Данзанг ч мөн өөрийн “өмч“-өөр бүртгэснээ зарлалаа. Яг л МАХН-ын туг билэгдэл, өмч хөрөнгийг өөрийн өмчид авсан шиг. МАХН хэзээ ч өөрчлөгдөшгүй гэдэг үнэн аж. Энэ нам өнгөрсөн 20 жилийн турш ямар ч өөрчлөлт шинэчлэлгүй, хуучин арга барилаараа даргад шүтэн амьдарч ирсэн нь түүний дотоод нөөц, потенциалийг бүрэн шавхсан бололтой.
Өөрөөр хэлбэл, МАН-д боловсон хүчин хангалттай байх боловч бодлого алга. Бодлого байхгүй учраас баруун, зүүний үзлийн хооронд цагийн зүү шиг савчиж, түүхийн бүх цаг үеэр хэсүүчлэн шинэ намын эрмэлзэх зүйл, үнэт зүйлс, үзэл баримтлалын эрэлд хатаж байна. Гэвч Монголын нийгмийн хөгжлийн бүтэн зуунаар ухраан харж байгаа МАН-аас монголчууд юу хүлээх ёстой гэж. Үүнд хамгийн соргогоор хандаж, хамгийн сайн шүүмжийг өгөх, муугаар хэлбэл “өөрсдийн улс төрийг” хийх ёстой өрсөлдөгч намынхан нь хүртэл “Муу байх тусмаа сайн” хэмээн дуугүйхэн залбирч суугаа нь энэ намыг улам бүр гарах гарцгүй болгож байна. Хариуцлагатай улстөрчид ийм зүйл хийдэггүй.
Б.СЭМҮҮН