Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өчигдөр тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Б.В. Грызлов нартай уулзсан байна.
* Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга бараалхжээ. Уулзалтаар Ерөнхий сайд С.Батболд, Оросын Холбооны Улсын Тээврийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хэсгийн дарга И.Е.Левитин нар хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлууд, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.
* Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой уулзаж, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх,хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх энэ тал дээр хоёр талаасаа идэвхтэй санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөнджээ. Энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцож, Монгол Оросын худалдаа бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготоор аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ.
* Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд С.В.Лавров нар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн төгссөн нэгэн үеийнхэн аж. Айлчлалын үеэр албан ёсны уулзалт хийсэн С.Батболд, С.В.Лавров нар оюутан насныхаа дурсамжаа ярилцаж, ноён С.В.Лавров эрхэм зочиндоо өөрийн төгссөн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэнд баяр хүргээд “энэ айлчлал Монгол Оросын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх болно” гэсэн байна.