Монгол дахь ядуурлын хэмжээ яагаад буурахгүй байна вэ. Монголд сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гарсаар байгаа хэдий ч ядуурлын хэмжээ буурахгүй байгаад Дэлхийн банк анхаарал хандуулж судалгаа хийжээ. Энэ тухай өчигдөр холбогдох албаны хүмүүст зориулж илтгэл тавьж танилцууллаа. Судалгааг Дэлхийн банкны эдийн засагч Анрдей Д Мэсон, Тран В Нгүен нар танилцуулж, уг арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагынхнаас гадна Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний статистикийн хорооныхон Ерөнхийлөгчийн зөвлөх, зарим элчин сайд хүрэлцэн ирсэн байв.
Судалгаагаар Монгол Улс дахь ядуу өрхийн тоо 2002-2003 онд 61,1 хувь байсан нь 2007-2008 онд 35,2 хувь болж буурсан гэж тогтоожээ. Мөн хугацаанд хөдөөгийн ядуурлын төвшин 69,7-оос 46,6 болон буурсан бол хот суурин газрын ядуурлын төвшин 54,1-ээс 26,9 хувь болсон ажээ. Тэгвэл энэ онд ядуурлын хэмжээ ямар байна вэ. Өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болж өнгөрсөн өвлийн зуд олон айлын хотыг харлуулсан нь өмнөх жилээс ядуурлын хэмжээг нэмэгдүүлжээ. Эдийн засгийн хямрал иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж, айл өрхийн орлогын хэмжээ буурсан нь хамгийн бага орлоготой бүлэг болон хот суурин газар оршин суугчдад илүү мэдрэгджээ. Гэхдээ цаашид эдийн засаг сэргэх тусам ядуурал буурсаар байх төлөвийг Дэлхийн банкныхан гаргаад байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд хэрэглээнд суурилсан ядуурлын ихээхэн хэмжээгээр бууруулж чадсан гэж тэд үзэв.
Харин Монголын эдийн засаг өсөх тусам баян, ядуугийн зөрүү нэмэгдсэн болохыг тэд олж харсан байна. Энэ нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой юм байна. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмсэн нь баян, ядуугийн зөрүү их болоход нөлөөлжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг хүний орлого 32 400 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол 500 мянган төгрөгийн цалинтай хүний орлого 150 мянгаар нэмэгдсэн байх жишээтэй.
Дэлхийн банкны судалгааны баг ядуурлын хэмжээг тогтоохдоо хэрэглээнд үндэслэсэн аргыг ашиглажээ. Харин ҮСХ-ны ядуурлын төвшинг тогтоох аргачлал тэднийхээс өөр байсан тул зарим тоо зөрүүтэй байв. Энэ үеэр дэд дарга Л.Эрдэнэсүрэн ҮСХ-ны ашигладаг аргыг тайлбарлаж, Монголын нөхцөлд хэрэглээний сагсны аргаар тогтоох хэрэгтэй гэв. Дэлхийн банк ядуурал буурсныг хэрэглээний бус зүйлүүдээр нотлохыг оролдож хэд хэдэн чиглэлээр судалгаа явуулсан байна. 2002 онтой харьцуулахад малын тоо хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн бол иргэдийн хадгаламж хот, хөдөөгүй нэмэгджээ. Мөн боловсролын үзүүлэлтүүд харьцангуй сайжирсныг судалгааны дүн харуулж байна. Хөдөөд болон ядуусын дунд өвчлөл буурсан болохыг эмнэлэгт хандсан иргэдийн тоогоор тодорхойлсон юм. Түүнчлэн нарны эрчим хүчний хүртээмж сайжирсан, үүрэн телефон хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн гээд ядуурал буурсныг олон үзүүлэлтүүдээр тэд баталлаа.
Ядуурал буурсан гэх таатай мэдээг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар ийн мэдэгдсэн ч анхаарах зүйлс байгааг сонордуулсан. Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь ядуу хэвээр байна. Тэгш бус байдал арилахгүй, баялгийн хуваарилалт, нийгмийн халамж оновчтой байх зэрэгт анхаарах хэрэгтэй гэдгийг бодлого боловсруулагчдад зөвлөлөө. Мөн баян, ядуугийн ялгаа ихэсч байгаад анхаарал хандуулахыг тэд хүссэн юм.
Б.БЯМБАА