
Хятадын телевизийн Boxun News Online сайтад монгол тэрслүү үзэлтэн Хадаа (Hadaа) суллагдсан тухай гэрчилсэн мэдээ тавигдсан байв. Гэсэн ч хүний эрхийн төлөө тэмцэгчид түүнийг шоронд байгаа гэж мэдэгдэж байна.
Сайтад Хадаа эхнэр Цинни (Xinna) ба Уйлэсийн (Uiles) хамт байгаа гэрэл зургуудыг байрлуулсан байв.
Нью-Йоркт байрладаг Хятадын монголчуудын эрхийн төлөө тэмцэгч төвийнхөн тэр зургуудыг Хятадын эрх баригчид арванхоёрдугаар сарын 10-нд амлаж байснаараа Хадааг чөлөөлсөн гэж харуулахын тулд зохион байгуулан авахуулсан зураг хэмээн үзжээ.
Арванхоёрдугаар сарын 12-нд тавигдсан гэх эдгээр зурагт Хадаа ба түүний хамаатнууд баярын ширээний ард суун сэтгэл хангалуун байгаагаар гарчээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид тавилга, гэр орны байдал нь үнэ цэнэтэй харагдаж байгаа учир уг зургийг ямар нэгэн зочид буудалд зохион байгуулжээ гэв. тэрслүү үзэлтэнд тийм хөрөнгө байхгүй гэсэн байна.
Зураг нийтлэгдсэн ч Хадаа ба түүний гэр бүлийнхэн хаана байгаа нь тодорхойгүй гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдээд магадгүй түүнийг гэрийн хорионд байлгаж байгаа байх гэжээ.
Хадаагийн эхнэр, хүү хоёрыг тус тусад нь энэ сарын 4, 5-нд цагдаа нар саатуулан барьж эхнэрийг нь хууль бус наймаа хийсэн гэж яллаж байгаа. Хүүд нь мансууруулах бодис худалдсан гэж ял тулгажээ.
Хадаа өөрөө 1996 онд Өвөр Монголын автономийн төлөө уриалж, тагнуул хийсэн гэх хэргээр 15 жилийн ял авсан юм. Тэрбээр ялаа Чифень (Chifeng) хотын шоронд эдлээд өнгөрсөн баасан гаригт суллагдах ёстой байв. Энэ өдөр Хятадын хоригдол тэрслүү үзэлтэн Лю Сяобо Нобелийн энх тайвны шагналтан болсон билээ.
Өнөөдөр Өвөр Монголын уугуул иргэд уг бүсийн 24 сая хүний 20 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар