Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний шигшээ баг, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин Б.Наранбаатар бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигт зодоглож буй. Зарбрукен хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу лигийн есөн тойргийн барилдаанд оролцохдоо найман барилдаанд ялж, багаа плей-оффт шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр тойргийн барилдаан дуусгаад эх орондоо ирээд байсан юм. Бундеслигийн плей-оффын барилдаанууд энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд Б.Наранбаатарын хувьд эхний барилдаанаа 18-нд хийх ажээ. Түүний харьяалагдаж буй “KSV Kollerbach” клуб лигийн өрнөд бүсийн дөрвөөр гарч, плей-оффын шатанд өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд эхний учраа нь “1. Luckenwalder SC” баг юм. Хөлбөмбөгийн лигийн адилаар багууд өөрийн болон айлын талбайд хоёр барилдаан хийж, нийлбэр дүнгээр ялагчаа тодруулдаг дүрэмтэй. “KSV Kollerbach” багийн тухайд бямба гаригт талбайдаа эхний барилдаанаа хийж, ерөнхий дүнгээр 22:14 оноогоор ялалт байгуулжээ. Харин үлдсэн жингийн бөхчүүд 18-ны өдөр Зарбрукен хотоос 700 км-ийн зайд орших “16 Luckenwalder SC” багийн “гэрт” зочилж, барилдах юм.
С.Цэлмэг