Ганзоригийн Мандахнаран
Азийн наадамд чөлөөт бөхийнхөн амжилт арвинтай оролцож алт, мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлж байсан цаг саяхан. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн амжилтаараа олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнээс тэрээр хүрэл медалиар энгэрээ мялааж байсан. Нас залуу жингийнхэн дундаа уран барилдаанаараа хэдийнэ танил болсон тэрээр “Алдар” спорт хороонд данстай. Ер нь манай чөлөөт бөхийн үе үеийн төлөөлөл 60 кг-ын жинд барилддаг бөхчүүд дэлхийд алдартай. Харин тэдний энэ амжилтыг залуу тамирчин Г.Мандахнаран буухиалж байгаа нь бахархууштай хэрэг.
Гэлэгжамцын Наранчимэг
Монголчуудад чөлөөт бөхөөр хожуу танигдаж байгаа ч нэлээд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байсан хашир бүсгүй саяхан болж өнгөрсөн Азийн олимпийн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд бяр зааж, нутгийн тамирчныг дэвжээн дээр нь ялж, Монгол Улсын төрийн дууллыг Гуанжоугийн тэнгэр эгшиглүүлсэн. Тэрээр энэ амжилтаараа “Бөртэ чоно” наадмын “шилдэг тамирчин” номинацид нэр дэвшиж байна. Тэрээр мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлж байгаа хүнд жингийн цөөхөн эмэгтэй тамирчдын нэг юм. Г.Наранчимэгийн авсан алтан медаль зүгээр ч нэг алт биш ээ. Азийн наадмаас чөлөөт бөхөөр Монголын хамгийн анхны эмэгтэй тамирчин алтан шар медалиар энгэрээ мялаасан учраас түүхэн амжилт гаргасан юм. Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээснээрээ онцлогтой.
Жаргалсайханы Чулуунбат
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд мөнгөн медаль хүртсэн тэрээр энэхүү амжилтаараа “Бөртэ чоно” наадамд нэр дэвшлээ. Бөхийн хүнд жин манай улсад нэг хүчтэй хөгжөөгүй ч Азидаа бол медаль хүртээд байх боломжтой гэдгийг тэрээр нотолж чадсан. Түүний Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн мөнгөн медаль үүний том нотолгоо болж байгаа юм. Чөлөөтөөс гадна үндэсний бөхөөр аймгийн арслан цол хүртсэн түүнийг спорт сонирхогчид гайгүй сайн мэддэг болсон. Ирэх жил улсын цол хүртэх магадлал өндөртэй бөхчүүдийн тоонд оруулж байгаа юм. Чөлөөт бөхийн 120 кг-ын жинд түүнийг монголдоо л номер нэг гэж дасгалжуулагч болон мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Очирбатын Насанбурмаа
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд сүүлийн гурван жил босоо байж, байр сууриа алдаагүй байгаа тамирчдын нэг бол олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа билээ. Тэрээр энэ жилийн “Алтан гранпри”, болон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 2010 оны “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Түүний барилдааны арга барилыг монголчууд мэддэг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсныг спорт сонирхогчид мартаагүй байгаа биз.
Эрдэнэсоёлын Ундрам
“Гуанжоу-2010” наадмын эмэгтэйчүүдийн боксын дунд жинд мөнгө медаль хүртсэн тэрээр энэхүү амжилтаараа “Бөртэ чоно-2010” наадамд нэр дэвшлээ. Хамгийн их найдлага тээж явсан манай ширэн бээлийтнүүдийг хоосон шахуу буцах аюулаас аварсан энэ охин боксчидын ертөнцөд ороод нэг их удаагүй. Бас монголчуудад танил болоогүй байсан тэрээр дайчин тоглолтоороо одоо монголдоо төдийгүй азид хэдийнэ спорт сонирхогчид мэддэг Э.Ундрам болон хувирчээ. Хэдийгээр энэ нь түүний олон улсын тэмцээнээс авч буй анхны медаль ч гэлээ цаашид амжилт гаргах боломж нэлээд өндөр бий хэмээн дасгалжуулагч нь ярьсан байдаг. Жингийн илүүдлээ хасах зорилгоор боксын ертөнцөд хөл тавьсан түүнийг Азийн наадмаас медаль “зулгаана” гэж хэн ч төсөөлөөгүй.
Эмэгтэйчүүдийн спорт гар бууны баг
Монголын мэргэн буучид Дохагийн наадмын амжилтаасаа бууж, хоосон нутаг буцах шахсан нь үнэн. Гэхдээ спорт гар бууны төрөлд тэд багаараа мөнгөн медаль хүртсэн юм. Буудлага бол манай улсын топ спортын төрлүүдийн нэг. Тиймээс ямар ч олон улсын тэмцээнээс тэднийг медаль хүртэнэ гэсэн итгэл найдварыг спорт сонирхогчид үргэлж тээдэг. Тэд Азийн наадмаас багаараа мөнгөн медаль хүртэж, буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт IV байр амжилтаараа “Бөртэ чоно-2010” наадамд нэр дэвшиж байна. Уг нь мэргэн буучдаас илүү их амжилтыг монголчууд хүсч байсан. Гэвч бага зэргийн аз дутлаа.
Жаргалын Отгонжаргал
Азийн наадмаас боксчид хоёр медальтай буцсан. Тэдний нэгийг нь олон улсын хэмжээний мастер Ж.Отгонжаргал авсан билээ. Ширэн бээлийтнүүдийнхээ нэр хүндийг аварсан тэрээр Гуанжоугоос хүрэл медаль хүртсэн амжилтаараа “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Түүнийг 69 кг-ын жинд ирээдүйтэй нэгэн болохыг дасгалжуулагч нар нэрлэсэн учраас энэ жилийн “оны шилдэг тамирчин” номинацид нэр дэвшиж байгаа юм. Гаргасан амжилт нь тийм их биш ч ирээдүйд олимпийн аварга болох магадлалтай.
Магсаржавын Батжаргал
Азийн наадмын У-шугийн санда тулааны төрлөөс хүрэл медаль хүртсэн залуу тамирчин М.Батжаргал анх удаа “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Боксыг эс тооцвол өмнө нь тулааны спортын төрлөөр манайхан “оны шилдэг тамирчин”-д нэр дэвшиж байсан тохиолдол бараг үгүй. Харин энэ удаа У-шу, болон кикбоксын төрлөөр тамирчид нэр дэвшиж байна. Энэ нь манай улсад тулааны урлаг ямар төвшинд хөгжиж байгааг тодорхойлж байгаа юм. Анх удаа Азийн наадмын “тулааны талбар”-т гарсан түүнийг олон улсын мэргэжилтнүүд нэлээд өндөр үнэлээд авсан.
С.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.