Испанийн Примера лигийн 15 дугаар тойргийн хүрээнд “Сарьсан багваахайнууд” “Местелла” цэнгэлдэхдээ “Осасуно” клубыг хүлээн авч, 3:3 харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Талбайн эзэн “Валенсия” клуб сүүлийн 10 тоглолтоос ердөө 14-хөн авсан нь хүснэгтийн тавдугаар байр руу унах аюулд оруулсан юм. Тийм ч учраас “Осасуно” клубын эсрэг тоглолтод хөгжөөн дэмжигчид нь багийнхаа эргэн ирэлт болоод сүүлийн үед талбайдаа байгуулаагүй амжилтыг хүсэн хүлээж байсан юм. Харин тэд фанатуудаа удаан хүлээлгэсэнгүй, эхний үеийн 24 дэх минутад Сольдадо гоолын салхийг хагалсан. Цагтаа “Реал Мадрид”-д данстай байсан ч гурван жил талбайд гаралгүй шахуу байсаар өнөөдрийн өрсөлдөгч “Осасуно”-д зээллэгдэж байсан юм. Харин эхний гоолоос найман минутын дараа Литва хөлбөмбөгч Станкявичюс тооны харьцааг 2:0 болгож, талбайдаа өөлөх зүйлгүй байгаагаа харуулсан. Хоёр гоол хаалгандаа алдаад байсан “Осасуно”-гийн хаалгач Рикардо сая л нэг алдаагаа засч, алсын дамжуулалтаар гоолын моментыг бий болгожээ. Ираны хөлбөмбөгч Масутын хөндлөн дамжуулалтаар Хуанфран тооны харьцааг 2:1 болгон ойртуулаад байсан. Гэвч эхний хагасын шүгэл дуугарахын өмнөхөн Адурис эргээд тооны зөрүүг хоёр болгожээ. Ийнхүү дөрвөн гоол харсан хөгжөөн дэмжигчид 15 минут “амарсны” дараа дахин хоёр багийн ширүүн тулааныг үзэж сонирхсон. Харамсалтай нь, дараагийн орсон хоёр гоол хоёулаа зочин баг “Осасуно” клубынх байсан бөгөөд тэнцээний гоолыг хийсэн Аранда багаа хожигдлоос аварсан байна. “Сарьсан багваахайнууд”-ын хувьд халаасалсан байсан гурван оноогоо алдсанаар хүснэгтийн тавдугаар байрт хэвээр үлдлээ.
Score Studio