Ноосон, эсгий эдлэл импортлох сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ноосон, эсгий эдлэл импортлох сонирхолтой байна

Монголын эдийн засгийг олон тулгууртай болгож, ард иргэдийг ядуурлаас гаргахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай талаар ярьдаг. Харамсалтай нь манайд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ихэнх нь гар урлалын, цөөн нэр төрлийнх байна. Мөн үнэ нь өндөр, борлуулах зах зээл хумигдмал зэрэг хүндрэл байсаар байна. Энэ нь  үйлдвэрлэгчдэд эдийн засгийн мэдлэг олгож, нэгтгэсэн, үйл ажиллагааг нь дэмжсэн дорвитой ажил явагдахгүй бай­гаа­тай нэг талаар холбоотой.

Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчид боломжтой бүхий л арга замыг эрэлхийлж, чадлынхаа хэрээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж хичээж байна. Энэ байдал өчигдөр “Монголын өрх гэрийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих холбоо”-ноос зарласан хэвлэлийн хурлын үеэр анзаарагдсан. Тус холбоо өнгөрсөн онд байгуулагдаж, үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүний нэгдсэн тог­тол­цоонд хамруулах зорил­­гоор “Бат боломж” ком­пан­итай хамтран “Мон үндэс” хөтөл­бөрийг санаачилж хэрэгжүүлж эхэлсэн байна.

Гол зорилго нь үйлдвэрлэгчдийн бараа та­ваарыг орон нутаг дахь 31, хойд хөрш дэх хоёр салбараар дамжуулан борлуулах явдал юм. Тэд өнгөрсөн хугацаанд 4800 гишүүнтэй болж 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж чаджээ. Мөн Халимаг ул­саас ноосон, эсгий эдлэл авах захиал­га ирүүлсэн байна. Хуралд орол­цогчид импортыг орлох чанар­тай бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэж байгаа ч борлуулах зах зээл хомс болохыг хэлсэн. Мөн түүхий эдээ ченж нараас авч, цөөн төрлийн бараа үйлд­вэрлэхэд өртөг өндөр гардаг, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүчин чадал муу, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй зэрэг хүндрэлийг хэлж байв.

 Энэ талаар тус холбооны тэргүүн С.Буяндалайгаас тодрууллаа.

-Дотоодод үйлдвэрлэсэн зарим бараа таваар ижил төр­лийн импортын бүтээг­дэ­хүүнээс үнэтэй байгааг зарим хүн шүүмжил­дэг. Энэ нь борлуулал­тад нө­лөөлж байгаа байх?  

-Үйлдвэрлэгч түүхий эдээ ченж нараас авдаг. Яагаад гэвэл үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь цөөн учраас цаанаас нь бөөндөж авч чаддаггүй. Эндээс шалтгаалж ченж нар бөөндөж оруулж ирээд ашгаа нэмж зарж байгаа түүхий эдээс худалдан авч байна. Энэ дамжлагаас болоод бүтээгдэхүүний өртөг өндөр гарч байна. Борлуулалтын нэгдсэн тогтолцоогоор бараа бүтээгдэхүүн борлуулах гэхэд тулгарч буй хүндрэл нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн бодит үнэ гарч ирэхгүй байна. Үйлдвэрлэгч нар ихэнх тохиолдолд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоож чаддаггүй. Ижил төрлийн бүтээгдэхүүн хараад иймэрхүү ханшаар борлуулвал болох юм байна гэдэг. Уг нь үйлдвэрлэгч түүхий эдээ ямар зардлаар авч, хүмүүсийг хэрхэн цалинжуулсан зэрэг бүх зардлаа тооцоод ашгаа нэмээд бараа таваарынхаа зах зээлийн ханшийг гаргаж ирэх ёстой. Ингээд ирэх юм бол олноор борлуулахад бөөний үнэ, ширхэглэж зарахад зах зээлийн ханш нь гараад ирнэ.

-Чанарын хувьд?

-Манай улс ихэвчлэн урд хөршөөс бараа таваар импор­толж байна. Эдгээр бараан дотор чанаргүй нь олон. Үүнийг хүн бүр мэднэ. Гэтэл тус улсын бусад оронд гаргаж байгаа бараа чанартай байх жишээтэй. Тэгэхээр заавал яагаад манай улсад чанаргүй нь орж ирээд байгааг бодолцох л хэрэгтэй. Үүнийг дагаад хямд үнэтэй байх нь аргагүй. Харин дотоодын бараа таваар чанартай гэдгийг бардам хэлж чадна. Яагаад гэвэл юмыг ширхэглэж хийж байна. Тиймээс монголчууд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авах хэрэгтэй. Гадаадынхан ноосон, эсгий эдлэл, зөгийн бал зэргийг импортлох сонирхолтой байна. Чанартай учраас л импортоор авахыг хүсч байгаа юм.

Г.БАТЗОРИГ

Зохиогчийн эрх:
"НИЙГМИЙН ТОЛЬ"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж