Цагаан будаа 1100 төгрөгөөр зарж байгаа бол бөөндөж авна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Цагаан будаа 1100 төгрөгөөр зарж байгаа бол бөөндөж авна

Зарын чанартай энэ гарчгийг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрынханд зориулав. Тус байгууллагынхан  хамгийн сүүлд гаргасан судалгаандаа  “Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1550 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гуравдугаар сарын 31-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар буурсан байна” гэжээ. Гэтэл хүнсний барааны үнэ хамгийн хямдад тооцогддог “Өгөөмөр” зах дээр цагаан будааг 1200-1250 төгрөгөөр худалдаалж байгаа бол “Бөмбөгөр” худалдааны төвд кг тутмыг нь 1400-1500 төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн статистикчид “Дундговь, Дархан-Уул, Орхон аймагт цагаан будааны үнэ 92-300 төгрөгөөр өссөн бол бусад аймгуудад харьцангуй тогтвортой байна. Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Булган, Дорноговь аймагт 100 төгрөгөөр өссөн бол Дундговь, Хэнтий аймагт 50-105 төгрөгөөр буурчээ” гэсэн дүгнэлтийг гаргажээ.Үнэ  92-105 төгрөгөөр өснө  гэдэг бол 100-110 төгрөгөөр өссөнтэй агаар нэгэн гэдгийг эрхбиш эдийн засгийнхан мэдмээр юм даа. Яагаад гэвэл манай улсад 1,3,5-тын дэвсгэртүүдийг албан бусаар худалдаанаас гаргаад мөн ч удаж байна. Ямартаа л үүнийг наймаачид овжноор ашиглан бараагаа  99 төгсгөлтэйгээр үнэлж байхав дээ. Наймаачид гэлтгүй банкныхан ч зээлийн гэрээндээ төлбөрийг нь 97-99 төгсгөлөөр тогтоож 1-5 төгрөгийг сэмхэн шиг “идэж” орхидогийг статистикчид анзаардаггүй л юм байх даа. Судалгаа хийж буй нь сайн боловч судалгаагаа үнэн зөв, бодитойгоор гаргах нь түүнээс илүү чухал билээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж