Цалингийн доод хэмжээг өсгөх саналтай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Цалингийн доод хэмжээг өсгөх саналтай байна

Цалингийн
доод хэмжээг ядаж 170 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй, ингэснээр баялаг
шу­дарга хуваарилагдаж, баян хоосны ялгаа багасах болно хэмээн Монголын
үйлдвэрчний эвлэлийн холбоо үзэж байна. Тэгвэл үнэхээр энэ хэмжээнд
хүргэх бололцоо бий гэж үү гэсэн асуулт тавиг­дана. Үүнд Монголын
үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Цалингийн доод
хэмжээг 170 бүү хэл, 200 мянган төгрөгт хүргэх боломжтой. Өнөөдөр хамаг
хөлс хүчээ гаргаж ажилласан ажилчид 20 хувийн цалин авч байхад эзэн нь
цаанаа 80 хувийг ашиг хүртээд сууж байна шүү дээ. Тэгвэл үүнийг харьцааг
л тэнцүүлэхийг хүсч байна. Гадаадад ажил олгогч цэвэр ашгийнхаа 70-80
хувийг ажилчиддаа цалин болгон өгдөг. Энэ бол шударга зарчим юм.
Харам­салтай нь манайд ажил олгогч хэтэрхий ихийг авдгаас үүдэж баян,
хоосны ялгаа гаарлаа. Үүний хуваарилалтыг шударга хийх хэрэгтэй. Би зах
зээлд мөнгө нэмж хийх тухай яриагүй байна шүү дээ. Энэ бол зөвхөн
хуваарилалтын асуудал юм” хэмээн ярив. Түүнчлэн тэрбээр ажил олгогчид
энэ талаар хэлэхэд би цалингаа арай ядан тавьж байна гэж тайлбарладаг.

Тэгвэл
ажилчид, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтраад орлого зарлагаа хамтдаа
задалж, тайлагная гэхэд ихэнх нь зөвшөөрдөггүй юм. Уг нь манай орлого
ийм байна, үүнээс би та нарт тэдэн төгрөгийн цалин өгч байна гэж ярих
ёстой. Үүний дараа ажил олгогч, ажилчид хамтраад орлогоо цаашид дахин
хэрхэн нэмэгдүүлэх, ингэснээр ажилчдын цалин яаж өсөх талаар харилцан
уялдаатай асуудлуудыг ярих учиртай. Ингэж байж хоёр тал харилцан ашигтай
ажиллаж чадна гэсэн.

Өнөөгийн
байдлаар цалингийн доод хэмжээ 108 мянган төгрөг байгаа. Хэрэв тухайн
байгууллага ажилчнаа үүнээс доод хэмжээгээр цалинжуулах юм бол
хөдөлмөрийг нь шулж байна гэсэн үг юм. Тэгвэл бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээний ханш өссөөр байгаа энэ үед ийм хэмжээний цалин өгнө гэдэг
нь шулснаас ч хортой үзэгдэл юм хэмээсэн. Иймээс хуульд хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 170 мянган төгрөг болгож оруулж өгөх хүсэлтэй
байгаа аж. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн үг хуулийг мөрдөх юм. Харин
төрийн байгууллагуудын хувьд цалин нь харьцангуй өндөр байгаа билээ.
Цалингийн доод хэмжээ өссөнөөр инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүй, баян
хоосны ялгаа ч багасаж, ядуурал буурах болно хэмээн үзэж байна. Хамгийн
гол нь шударга тогтолцоо бий болох аж. Компанийн эзний ашгаас ажилчид
руу шилжүүлж байгаа тул инфляци өсөхгүй хэмээж байна. Нэг үгээр хэлбэл,
эзэн 80 хувийн ашиг авч түүгээрээ тансаг зүйлс худалдан авдаг байсан бол
түүнээс нь 30 хувийнх нь ашгийг ажилчид руу шилжүүлж, тэд хэрэглээндээ
зарцуулах юм. 

Г.БАТЗОРИГ

Зохиогчийн эрх: "Нийгмийн толь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж