Н.Алтанхуягийг огцортол өлсөнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг огцортол өлсөнө гэв

Ардчилсан намын “Ээлжит бус” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлаж, намынхаа даргад огцрох шаардлага гардуулж буйгаа мэдээллээ. Өмнө тэд ээлжит бус их хурал хуралдуулах асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэхийг шаардсан. Гэвч үүнд хангалттай хариу өгөөгүй гэж үзэж байгаа юм. Тэд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг огцрохыг шаардсан бөгөөд хэрэв шаардлагыг нь хүлээж авахгүй бол амь биеэ үл хайрлан тэмцэхээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Ардчилсан намын “Ээлжит бус” хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн гишүүн М.Чимэддоржоос тодрууллаа.

-Та нарыг хоорондоо ойлголцсон гэж бодож байсан юм. Яагаад дахиад шаардлага энэ тэр болоод унав аа?

-Энэ сарын 2-нд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Тэгээд бид ойлголцолд хүрлээ гэж бодож явсан юм. Гэтэл Н.Алтанхуяг даргын сонин хэвлэлд өгсөн ярилцлагыг уншаад бүр гайхсан. Н.Алтанхуяг дарга “Бид ямарч яриа хэлэлцээр хийгээгүй. Тэд хэнтэй хийх нь надад хамаагүй” гэх маягийн зүйл ярьсан байна лээ. Эндээс намын албан ёсны удирдлага хэн бэ гэсэн асуулт гарч ирнэ биз дээ. Тиймээс түүнд  шаардлага хүргүүлсэн байгаа.

– Н.Алтанхуяг дарга огцрохгүй бол амь биеэ үл хайрлан тэмцэнэ гэлээ. Энэ юу гэсэн үг вэ?

– Н.Алтанхуяг дарга ирэх оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байвал улс төрийн өлсгөлөн зарлана.

-Өлсгөлөн зарлахыг  чинь тоохгүй байвал яах вэ?

-Өлсгөлөнгөө үргэжлүүлэх болно.

– Н.Алтанхуягийг огцортол өлсөнө гэсэн үг үү?

-Тийм.

-Улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед заавал ингэж шаардлага, өлсгөлөн энэ тэр болох хэрэг байна уу?

-Улс төрийн байдал ямар байх нь бидэнд хамаагүй. Бид тавих ёстой шаардлагаа л тавина.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж