Цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэв

Монгол, Оросын
хувь нийлүүлсэн ний­гэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр, зохион
байгуулалтын албаны орлогч дарга П.Батхуяг, Эрчим хүчний зохицуулах
газрын үнэ тарифын албаны мэргэжилтэн Д.Цэрэннадмид, Х.Цогтбаатар нар
эрчим хүч, нүүрс  тээвэрлэлтийн асуудлаар сэт­гүүлчидтэй уулзаж,
сонирхсон асуултад хариулсан юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Эрчим
хүчний үнэ нэмэгдлээ. Ийм мессэж хүн  бүрийн  утсанд ирвэл бүү
гайхаарай. Учир нь манай улсын гал голомт болсон түлш эрчим хүчний
салбар санхүүгийн доройтолд орсон байна. Салбарынхан  хоёр  жилийн өмнө
24.4 тэрбум  төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн жил 69.8
тэрбум болж нэмэгджээ. Үүнийг “Сүүлийн жилүүдэд эрчим хүчний шинэ эх
үүсвэр баригдаагүй. Эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдээр хангаж байгаа гол
саалийн үнээнүүд нь олон жил парк шинэчлэлт хийгдээгүйгээс сөхрөхөд
бэ­лэн болсон. Мөн төмөр замын тээврийн тариф өнгөрсөн намар 25 хувиар
нэмэгдсэн.

Энэ
бүхэн нь салбарыг хөл дээрээ тогтож чадахгүйд хүргэж байна” хэмээн
тайлбарласан. Мөн хүндрэлээс гарахын тулд цахилгаан, дулааны тарифыг
2014 он хүртэл үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг нэмж хэлсэн. Өртэй
хүн өөдөлдөггүй гэдэг. Соц нийгмийн үеэс л хуримтлагдсан  “хур өр”
өнөөдөр энэ салбарынхныг сөхрүүлэхэд хүргэсэн байна. Өнөөгийн байдлаар
нэг квт цахилгааныг 115 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа аж. Харин
борлуулахдаа нэг квт-аас 20 гаруй төгрөгийн (нэг квт цахилгаан 79.8
төгрөг) алдагдал хүлээж байна. Иймээс ядаж 115 төгрөгт хүргэж байж
алдагдалгүй ажиллаж боломж бүрдэх юм байна. Үүний тулд 2014 он хүртэл
таван удаа үнийг шатлан нэмэх алхамыг нүдээ анин хийх хэрэгтэйг хэлж
байсан. Зөвхөн цахилгааны үнэ нэмэгдээд зогсохгүй халаалт, халуун ус,
нүүрс гээд бидний амин чухал хэрэглээний үнэ 2014 он гэхэд 7-25 хувиар
нэмэгдэх төлөвтэй байна.

Шинэ эх үүсвэр эрэлхийлэх хэрэгтэй болжээ

Иргэдийн
амьдрал хүнд байхад эрчим хүчний үнэ нэмэх талаар ярьлаа хэмээн
салбарынхныг буруутгаж болох ч аргагүй байдлыг харгалзаж үзэх
шаардлагатай. Хэдэн станц нь парк шинэчлэлт хийгдээгүйгээс элэгдэл
хоргодол нь хэрээс хэтэрсэн. Ёстой монголчууд л болж өдийг хүртэл
ажиллуулсаар ирсэн гэх. Шинэ цахилгаан станцы барих талаар хэдэн ч жил
ярив. Гадны хөрөнгө оруулалтаар станц бариулъя гэхээр үнийн чөдөр саад
болдог. Хөрөнгө оруулалтаа нөхөх нь бүү хэл, алдагдалтай ажиллаж байгаа
салбарт хэн мөнгө өгөх билээ. Нөгөөтэйгүүр, эрэг шургаа хүртэл гаднаас
авдаг станцууд зардлаа хэмнэх ямар ч бололцоогүй. Иймээс алдагдлаа нөхөх
ганц боломж нь төлбөрөө нэмэх гэсэн. Түүнчлэн, атом, нар, салхины станц
зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх хэрэгтэй болжээ.

М.МӨНХТУНГАЛАГ

ЗОХИОГЧИЙН ЭРХ: "НИЙГМИЙН ТОЛЬ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж