Иргэдээ төлөөлж чадахгүй байна гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Иргэдээ төлөөлж чадахгүй байна гэж дүгнэжээ

“Иргэний дуу хоолой-иргэний хяналт” төслийн үр дүнгийн талаарх хэлэлцүүлгийг аймгийн Скаутын холбооноос зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Иргэний нийгэмд иргэн таны оролцоо” сэдэв санал асуулгын дүнг танилцуулж, Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн эрх ашгийг хэрхэн төлөөлж чадаж байгаа эсэх, иргэд сонголтондоо хэр сэтгэл хангалуун байгаа, хурал, төлөөлөгч, иргэдийн эргэх холбоо аль түвшин байгааг тодорхойлсон юм.

Тус төрийн бус байгууллагаас 3.5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, ИТХ-ын үйл ажиллагаанд мониторинг хийсэн бөгөөд Арвайхээр, Уянга, Тарагт сумын 371 иргэнээс түүврийн, анкетын, асуулгын аргаар судалгаа аван ИХ-ын Төлөөлөгчдөд үнэлгээ өгсөн байна. Мөн аймаг, сумын 31 төлөөлөгчтэй ганцаарчилсан ярилцлага хийжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 40 хувь нь биднийг төлөөлөх чадвартай болохоор тухайн хүнийг сонгосон, 67 хувь нь төлөөлөгчтэйгээ огт уулзаж байгаагүй, 66 хувь нь аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байж, эрх ашгийг маань хамгаалж чаддаггүй гэжээ. Мөн багийн Иргэдийн нийтийн хурлаар юу хэлэлцдэг, сууж болох эсэх, хаана хэзээ болохыг мэддэггүй гээд ИХ-ын талаар өчүүхэн ч мэдлэг ойлголтгүй байдгаа илэрхийлсан бөгөөд  төлөөлөгчид бол маск зүүсэн хүмүүс, сонголтыг хөсөр хаяж, хуулиа зөрчин төрийн албанд шилжсэн,  бид төлөөлөгчгүй байгаа зэргээр хариулт өгсөн байна. Гэтэл судалгаанд оролцсон төлөөлөгчдийн 74 хувь нь гурваас дээш удаа иргэдтэйгээ уулзалт хийсэн, 77 хувь нь иргэдийнхээ саналыг хүлээн авдаг гэжээ. 

“Иргэний дуу хоолой-иргэний хяналт” төслийн хэлэлцүүлэгт хамрагдсан хүмүүсээс 371 хүн нь  нийт иргэдийн төлөөлөл болж чадахгүй, иргэдийн өөрсдийн идэвхи оролцоог харгалзаж үзэх нь чухал, хэн хэнийг нь буруутгах аргагүй хэмээцгээж, иргэд ихэвчлэн хувийн чанартай зүйлс гуйдаг учраас тэр бүр биелүүлэх боломжгүй байдаг гэж тайлбарласан юм. Харин нийтийн эрх ашгийг хамарсан хүсэлтүүд болох цэцэрлэгт хүрээлэн, засмал зам, инженерийн шугам сүлжээ зэргийг асуудал болгон хэрэгжүүлсэн шүү дээ гэлээ. 2010 онд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч бүрт үйл ажиллагааны зардал болох 200.0 мянган төгрөгийг өгсөн ч удирдамжаа батлуулаагүй, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийгээгүй төлөөлөгчид уг мөнгийг авах байтугай өгснийг ч мэдээгүй сууж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд ИТХ-аас Иргэний нийгмийн байгууллагатай тулгамдсан дөрвөн асуудлаар хамтарч ажиллахаар тохирон, гэрээ хэлцэл хийхээр болов.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж