
Аймшийн төвд хүнсний дэлгүүрүүдээс гадна “Баруун бүсийн худалдааны төв”, “Есөн-Эрдэнэ”, “Ганбогд” зэрэг худалдааны төвүүдэд мах борлуулах төвлөрсөн цэг үйл ажиллагаа явуулж байна. Тус төвүүдэд жижиглэнгийг үнэ ханш нэг килограмм нь:
Хонины мах 2000-2500 төгрөг
Ямааны мах 1800-2200 төгрөг
Үхрийн мах 2500-3000 төгрөг
Адуу, тэмээний мах 1800-2500 төгрөгийн хооронд тус тус хэлбэлзэж байгаа юм.
Энэ намар аймгийн төвд тус бүр нь 70 гаруй тонны нөөцтэй мах хадгалах зориулалтын хөргүүрийг “Майхан цахир” компани ашиглалтад оруулсан. Герман улсын тоног төхөөрөмж бүхий мах нөөцлөх зоорь нь халуун хүйтний хэмийг автоматаар тохируулдаг, хяналтын системтэй юм байна. Нийт 150 тонн мах хадгалж, нөөцлөх боломжтой тус зоорь ашиглалтад орсноор орон нутагт махны үнэ тогтвортой байх нэг боломж бүрдэж байна. Үүнээс гадна хэрэглэгчид хадгалах горимын дагуу нөөцлөгдсөн, ариун цэврийн шаардлагад нийцсэн мах хэрэглэх нөхцөл бүрдээд байгаа юм. Уг зоорь ажиллаж эхэлсэнээр үндсэн тав, түр ажлын байр дөч шахам бий болжээ.Тус зооринд мах ямар хэмжээгээр нөөцлөгдсөн тухай зарим зүйлийг “Майхан цахир” компаний захирал Г.Дашцэрэнгээс тодрууллаа.
– Шинэ зоорь хэвийн ажиллаж байна уу? Сумдаас мах бэлтгэл хийсэн үү?
– Аймгийнхаа иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангах нөхцөлд нөөцлөсөн махаар хангах, хаврын цагт үүсдэг үнийн хөөрөгдлийг тэнцвэртэй байлгахад хэрэгтэй гэж зориулалтын зоорь байгуулах санаа төрсөн. Ямар ч байсан зорьсондоо хүрч энэ намар ашиглалтад оруулсан. Зоорь маань хэвийн ажиллаж байгаа. Бид энэ намар Баян-Овоо, Богд, Бөмбөгөр, Баацагаан, Шинэжинст, Өлзийт зэрэг сумдаас нөөцлөх зорилгоор мал худалдаж авч, нядласан.
-Хэдий хэмжээний мах нөөцлөөд байгаа вэ? Малын үнэ ханш ямар байна?
-Зооринд маань арван мянган бог мал, зургаан мянган бод малын мах хадгалагдах багтаамжтай л даа. Гэхдээ бид одоогоор найман мянга орчим мал бэлтгэж, нөөцлөөд байна. Малчидтай тохиролцоод л авсан л даа. Гэхдээ бид ямааг дунджаар 30 мянга орчим төгрөгөөр газар дээрээс нь авсан. Хаа хаанаа боломжийн үнэ болов уу. Үүнээс өндөр үнэтэй худалдаж авах юм бол эргээд жижиглэнгийн үнэ өсөх болно шүү дээ.
-Бэлдсэн малын тарга хэр байв? Малын олдоц хэр байсан бэ? Нөөцийн махаа хавар аймгийн хэрэгцээнд борлуулах уу?
-Энэ жилийн мал махан тарга тааруу, өөхөн тарга сайтай голцуу байсан. Гэхдээ сумдын мал зуншлагаасаа шалтгаалаад өөр өөр байсан. Говийн сумдад борлуулах мал цөөн, малчид байгаа хэдээсээ төл хүлээсэн байдалтай анзаарагдсан. Мэдээж орон нутгийнхаа хэрэгцээнд л гаргана даа. Гэхдээ зах зээлийн эрэлт хэр байх вэ гэдгээс бас шалтгаалах байх.