П.Адарсүрэн агсны хөшөө “Тэнгэрийн зарлигаар” сүндэрлэхгүй нь

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

П.Адарсүрэн агсны хөшөө “Тэнгэрийн зарлигаар” сүндэрлэхгүй нь

“Тэнгэрийн
зарлигаар” хандивын тоглолт жилийн өмнө болж, ардын дуунд хайртай ард
түмэн маань П.Адарсүрэн агснаа хөшөөнд мөнхлөх нь хэмээн баярлаж суусан
сан. Гэвч энэ тоглолт шоу байсан болохыг тоглолтыг санаачлагч гавьяат
жүжигчин С.Батсүх өчигдөр баталж орхилоо. Бид жилийн өмнө тоглолт нь
болсон ч одоо хүртэл босгоогүй байгаа П.Адарсүрэн агсны хөшөөг эргэн
сурвалжлахаар түүнтэй уулзсан юм.Долоо хоногийн өмнө манай сонин энэ
хөшөөг нэхэн сурвалжилсан нийтлэл хэвлэсэн болохоор тэрбээр биднийг
таатай хүлээж авсангүй. “Би урлагийг бизнесийнхэнтэй ойртуулах гэж
зүтгэж байна. Харин та нар саад болж байна. Хэдхэн цаас олохын төлөө ийм
өчүүхэн зүйл хийж яваа сэтгүүлчдийг хараад өрөвдөх юм” гэсээр угтав.
Угтаа бол дуучдын уран бүтээлийг олонд таниулж, ард түмэнтэй ойр байхад
нь хамгийн их нэмэр болдог нь сэтгүүлчид л баймаар. Мөн “Алдарт дуучны
хөшөөг босгоно” хэмээн хандивын тоглолт хийсэн түүнээс “Хөшөө хэзээ
босох вэ” гэж асуусанд тэрбээр ихэд дургүй нь хүрсэн бололтой.



Өнгөрсөн жил болсон хандивын тоглолтын үеэр “ХААН” банкны 5003466110
данс байгууллагуудаар аялжээ. Хачирхалтай нь энэ данс хандивын гэсэн
тодотголтой ч гавьяат жүжигчин С.Батсүхийн өөрийнх нь нэр дээр байх юм.
Мөн тэрбээр үйлдвэрийн аргаар хүн онгойлгож болохооргүй хийсэн хандивын
хоёр хайрцаг аялсан гэж бидэнд хэлж байсан ч гар аргаар хийсэн дахин
хоёр хайрцаганд хандив цуглуулсан талаар эх сурвалж мэдээлсэн.


-Та өмнө нь хандивын хоёр хайрцаг аялуулсан гэж ярьсан. Гэтэл гар аргаар хийсэн хоёр хайрцаг байсан гэх юм?

-Тийм ээ. Тэр хоёр хайрцагийг тоглолт болох үеэр “Бөхийн өргөө”-нд
байрлуулсан юм. Тэгээд тоглолтын дараа бид сууж байгаад задалсан.
Нэгнээс нь 100 гаруй мянган төгрөг, нөгөөхөд нь 60-н хэдэн мянган төгрөг
л цугларсан. Түүнийг нь аваад дансанд нь хийсэн. Завхан аймгаар явсан
хоёр хайрцаг нь одоо хүртэл ирээгүй байгаа. Завханы Хөгжим бүжгийн
коллеж дээр л байгаа гэсэн. Ер нь энэ тоглолтыг “Витамин” студи зохион
байгуулсан. Надад мөнгө төгрөгийн асуудал хамаагүй.


-Хандивын тоглолтын үеэр ажилласан данс таны нэр дээр байдаг юм билээ?

-Тийм ээ. Болохгүй нь юу байх вэ. Миний нэр дээр байдаг. Одоо 1270000
төгрөг бий. Тоглолтоос болон хандиваар цугларсан мөнгө л дөө.


-Одоо тэгээд хөшөөг хэзээ босгох вэ?
-Энэ чамд хамаагүй ээ. Би ард түмэндээ амласан л бол босгоно.

-Тоглолтоос олсон ашиг хөшөө босгоход хүрэхгүй юм байна?

-Хөшөө босоход 30 сая төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг олоход юу байх вэ.
Харин одоо дансанд байгаа нэг сая гаруй төгрөгөөр нь П.Адарсүрэн агсны
ах дүүг хоолонд оруулъя гэж бодож байгаа.


-Та хандивын тоглолт хийнэ гэж гэр бүлийнх нь хүнд хэлсэн үү?

-Хэлээрэй гэж хүмүүст хэлсэн. Хэлсэн биз. Өмнө, хойно эхнэртэй байсан
болохоор хэцүү юм байна шүү дээ. Харин одоо ах дүүг нь цуглуулаад хөшөө
босгох талаар ярилцана гэж бодож байна. Тэгээд тэр дундаас зөвлөл гаргаж
байгаад хөшөөг босгоно гэлээ.


Ямартай ч түүний ярианаас хөшөөг
ямар хөрөнгөөр босгох талаар ойлгосонгүй. Тэрбээр “Ямар ч гэсэн би
өөрөө босгоно” гэсэн үгээр л ам таглаж байв. Мөн “Завханы бизнес, улс
төрийнхөн цогцолбор байгуулах гэж байгаа. Тэр цогцолборт нь хөшөөгөө
байгуулна” гэлээ. Түүнийг хэн санаачилан ажиллаж байгаа талаар асуухад
“Тэрийг чамд хэлэхгүй” хэмээв.


Биднийг ярилцах зуур тус
тоглолтыг зохион байгуулсан гэх “Витамин” студийн захирал Хаш-Эрдэнэ орж
ирлээ. Тэрбээр “Чи нөгөө сэтгүүлч мөн үү. Би бичсэн нийтлэлд чинь
гомдолтой байна. Шүүхэд өгнө. Энэ мэдээллийг хаанаас авснаа хэл” хэмээн
шаардав.


Өөрийгөө хуулийн мэргэжилтэй гэх тэрбээр “Сэтгүүлчид
эх сурвалжаа хамгаалах эрхтэй” байдгийг мэддэг л баймаар. Мөн гавьяат
жүжигчин С.Батсүх “Чи хэлэх л болно” хэмээн сүрдүүлж байлаа. Уг нь бид
хэн нэгнийг гүтгээгүй билээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 9-нд
хандивын тоглолт болсон ч одоог хүртэл хөшөө нь сүндэрлээгүй нь
маргашгүй үнэн билээ. Харин өнөөдөр тус тоглолтоос цугласан гэх сая
гаруй төгрөг хөшөө болохгүй гэдэг нь нотлогдлоо.


Ийнхүү
өнгөрсөн жил “Бөхийн өргөө”-нд болсон “Тэнгэрийн зарлигаар” хандивын
тоглолт алдарт дуучны хөшөө биш идэж уух юм болоод өнгөрөх нь мэдээж
болов. Тус тоглолтыг үзсэн мянга мянган үзэгчдийн “П.Адарсүрэн агсны
хөшөөг босоосой” гэсэн сэтгэлийг зохион байгуулагчид нь улан дороо
гишгэлээ.


Энэ тоглолтын талаар П.Адарсүрэн агсны гэргий н.Сүхээгээс тодруулсан юм.

-Өнгөрсөн жил П.Адарсүрэн агсны хөшөөг босгох хандивын тоглолт болсон. Та очсон уу?

-Үгүй ээ. Энэ талаар надад хэлж ярьсан хүн байхгүй. Телевизээр л
рекламыг нь харсан. Харин манай нагац эгчийн хүүхэд Мөнхжаргал очиж
хандив өгсөн байна лээ.


-Гавьяат “жүжигчин” С.Батсүх зохион байгуулсан, танд дуулгаагүй гэж үү?
-Тэр хүн манай гэрийг ч мэдэхгүй. Бид хоёр уулзаагүй бараг 10 гаруй жил болж байна.

-Хандиваас олсон мөнгөөрөө удахгүй та бүхнийг хоолонд оруулна гэж ярьж байна ?
-Тийм үү. Мэдэхгүй юм даа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж явсны хүчинд хүн амьтнаас мөнгө гуйхгүй болоод л байна.


Т.Батсайхан http://niigmiintoli.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж