Тус хурал дээр Дэмбэрэл даргын өнөөг хүртэл хийж ирсэн ажлын үр дүн болоод хийгээгүй орхигдуулсан ажлуудыг шүүн хэлэлцсэн. Жижиг, дундчуудыг огт хайхралгүй орхисон, хууль эрх зүйн орчинг сайжруулах тал дээр дорвитой ажил хийгээгүй, мөн худал үнэн нь мэдэгдэхгүй 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг шилдгээр тодруулсан гээд шүүмжлэх зүйл олон байлаа.
Өнгөрсөн хугацаанд танхимын хийж төвдөөгүй зүйлсийн орон зайд “Монгол 999 Үндэсний Нэгдэл” гэх байгууллага хэдийн бий болсон. Богинохон хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч ард түмэн, хувийн хэвшлийн ирээдүйн эрх ашгийг хамгаалан төрд нөлөөлж томоохон шийдвэрийг гаргуулж тэд чаджээ. Ийм гавшгай, хурдтай ажиллагааг л танхимын гишүүд болоод монголын бизнес эрхлэгчид хүсэмжилж байсан нь танхимын дарга болоод удирдлагуудын сонгууль болсон тэр өдөр ажиглагдаж байлаа.
Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд санал хураалт явуулж танхимын дээд удирдлагыг сонгосон юм. Танхимын УЗ- ийн бүрэлдэхүүнд “Монгол 999” нэгдлийн олон гишүүн сонгогдож тус байгууллагыг удирдах боломжтой болжээ. Шинэхэн УЗ нь танхимын даргыг сонгох журамтай.
“Хал үзэж халуун чулуу долоосон” бизнес эрхлэгчдээс бүрдэж байгаа танхимын шинэхэн УЗ улс төрийн сонгуулийн нэгэн адил даргыг нь огцруулж дуулиан шуугиан тарихыг хүсээгүй гэнэ. Танхимын даргын ажлыг 12 жил хийсэн дадлага туршлагатай, боловсролоор гологдохооргүй Дэмбэрэлийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ. Нэг нэгнийгээ дарах биш дэмжих, нэгдэж нийлэхийн ач холбогдлыг ухамсарласан баг хэмээн танхимын шинэ ТУЗ-ийг дүгнэж болохоор байна. Танхимын даргаар олон жил ажилласан Дэмбэрэл түүнд зориулсан шүүмжлэлийг дуулгавартайгаар хүлээн авч цаашид үндэсний бизнес эрхлэгчдийн төлөө өөрийн чадах бүхнийг зориулан ажиллахаа илэрхийлэн өгөөмөр шийдвэр гаргасан УЗ-ийн гишүүддээ баярлаж байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү МҮХАҮТ-ын хурал тус байгууллагад өөрчлөлт шинэчлэлтийн салхийг хагалж ардчилалын уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.