Хурлыг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эдийн засгийн байнгын хорооны дарга бөгөөд Солонгос-Монголын Парламентийн бүлгийн дарга Жон Жан Сонь нар үг хэлж, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын томоохон форумыг тус улсад их дээд сургуулиудад суралцаж байгаа залуу докторууд санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тэд өөрсдийн судлаж буй чиглэлээрээ солонгосын инновацид тулгуурлсан нэмүү өртөг бүтээх зохистой хөрөнгө оруулалтыг эх орондоо татахад чиглэсэн нарийвчилсан судалгааны ажлуудаа танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байлаа. Тухайлбал, Монголын эдийн засгийн хөгжил, бүтэц ямар байх, түүний хэмжүүр, шалгуур нь юу болох эсэх талаар хийсэн цогц судалгааны үр дүнгээ танилцуулсан. XXI зууны монголыг мэдлэгт тулгуурласан эдийн засгийн зуун, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга технологи нь биотехнологи, нанотехнологи зэрэг шинэ дэвшилтэт технологиуд, тэдгээрийн хослолд эрдэс баялагийн нөөц, хөдөө аж ахуйгаа тулгуурлан хөгжүүлэх нь гарц гэж үзсэн байна. Хурал англи, солонгос хэл дээр явагдсан. Тус арга хэмжээ нь Сөүл хотноо G20-ийн нэг хэсэг хуралдаан болсон Сөүлийн түүхийн музейд зохион байгуулагдлаа.