Д.Лүндээжанцан: Тавантолгойн орд дээр туршлага хуримтлуулсан нь харагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: Тавантолгойн орд дээр туршлага хуримтлуулсан нь харагдлаа

УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Намын дарга С.Баяр, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хамт оролцов. Энэхүү хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож, Тавантолгойн ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн тухай, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг мөн танилцуулсан байна. Түүнчлэн иргэн бүртээ олгохоор амласан 1.5 сая төгрөгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын баримт бичиг боловсруулснаа ч энэ өдрийн хуралдаанд танилцуулжээ. Дээрх сэдвээр бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм.

-Тавантолгойн ордыг хамтран ашиглах саналаа гадаадын арав гаруй компани ирүүлсэн гэж байсан. Сонголтыг хийсэн гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын зүгээс Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой үзэл баримтлалаа танилцууллаа. Удахгүй УИХ-д оруулж ирнэ. Оюутолгойн орд дээр маш их яриа болж байсан учраас Тавантолгой орд дээр их туршлага хуримтлуулсан байна. Тавантолгойн орд 100 хувь төрийн мэдэлд байна. Эхний ээлжинд энэ ордыг хоёр хувааж ашиглахаар төлөвлөж…. Тухайлбал, Цанхийг хоёр хуваана, энэ ордыг сонирхож байгаа гадаадын компани, үндэсний компаниудынхаа саналыг оролцуулсан нэлээн дэлгэрэнгүй асуудал танилцууллаа.   Тиймээс Тавантолгойг тэр компанид өгөх гэж байгаа гэсэн асуудал яригдаагүй. Үзэл баримтлал нь гарсны дараа УИХ-аар оруулж шийдвэрлэнэ.

-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг ярьж бйна гэж дуулдсан. Төмөр замын маршрутыг хэрхэн тусгасан байна вэ түүнд?

-Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотойгоор дэд бүтцийн асуудал гарцаагүй тавигдах учраас төмөр замын бодлогыг ойрын хугацаанд УИХ шийдвэрлэх учиртай болж байна. Ийм учраас ерөнхий зарчим Засгийн газрын бодлогоо танилцуулсан. Түүнд хөндлөн маршрут, ирээдүйд,  Замын-үүд, Алтанбулаг гэдэг шиг боомтууд гарч ирэх нь ойлгомжтой. Маршрутын хувьд өргөн цариг, нарийн цариг, мөн үндэсний эрх ашиг, геофолитик, уул уурхайн баялгийг ашиглахтай холбоотойгоор нэмүү өртөг бүтээх үйлдвэрүүдийг байгуулах. Хоёр хөрштэйгээ хамтарч ажиллах, ингэхдээ Монгол Улсын олон жил тавьж ирсэн асуудлыг давхар шийдэх. Тухайлбал, тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудал, ч байдаг юм уу, хийн хоолойтой холбоотой асуудал гэх мэт маш олон асуудал тавигдах учраас энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэснээр ээдрээ зангилаа шийдэгдэх учиртай.

-Тэгэхээр Засгийн газар нарийн төмөр зам, өргөн төмөр зам хоёуланг нь байгуулахаар зоригложээ гэж ойлгож болох уу?

-Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцсаны дараа, мөн бодлогыг УИХ-д өргөн барьсны дараа бүлгүүдээс ажлын хэсэг гарч, УИХ-аар хэлэлцсэний дараа шийдвэрлэнэ л дээ.

-Иргэн бүрт олгохоор амласан 1.5 сая төгрөгийн тухайд Засгийн газар ямар төсөл боловсруулаад байна вэ?

-Улстөрийн амлалт болох 1.5 сая төгрөгийн тухайд, ямар замаар ард түмэндээ өгөх вэ гэдгийг хэрэгжүүлэх арга замыг нь Дэлхийн банк болоод бусад олон улсын судалгааны мэргэжилтнүүдийн гаргасан дүнд үндэслэн,  арга замыг тодорхойлсон баримт бичиг гаргасан байна, түүнийгээ танилцууллаа.

-Гэхдээ хоёр бүлэг, иргэн бүрт 1.5 сая төгрөгийг өгөх бололцоогүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа шүү дээ. Эдийн засгийн чадавхи ч алга гэж судлаачид хэлээд байгаа?

– Тооцоо судалгааг гаргажээ. Ингэхдээ 1.5 сая Оюутолгой, Тавантолгой, төмөр замын бодлого, дэд бүтцийн хөгжил, орон сууцны хөтөлбөртэй бүгдтэй нь уялдаатай юм байна.  

Эх үүсвэр ч бас байна. Бид ч бас үүнийг үгүйсгэж байгаагүй, ухрах зам байхгүй, өгөх ёстой, арга замыг олох ёстой гэсэн байр сууринаас хандаж ирсэн шүү дээ. Тийм учраас эх үүсвэрүүдийг бүрдүүлэх боломжийг нарийн гаргасан судалгааг Засгийн газраас оруулж ирж байна. Ойрын хугацаанд УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлнэ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж