Өвөрхангайн Баянголд харъяалагдах дуртай

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн Баянголд харъяалагдах дуртай

Өвөрхангай аймаг улс төрийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартнууд олонтой. Түүний нэг нь О.Бат-Өлзий яах аргагүй мөн. Тэрээр чадварлаг жүжигчин төдийгүй “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Уулын Төмөр” зэрэг олон сайхан киног найруулж үзэгчдийг байлдан дагуулж чадсан авъяаслаг кино найруулагч юм. Түүнийг Өвөрхангай аймагтаа тоглолтоор ирээд байх үеэр нь цөөн хором хөөрөлдлөө.

Та Өвөрхангай аймгаар овоглож явдаг. Чухам аль суманд төрж, өссөн юм бэ?

-За миний үндсэн захиргаа бол Өвөрхангай аймгийн Баянгол сум. Миний аав МУ-ын Гавъяат жүжигчин Улаанхүүгийн Осор гэж хүн бий. Баянгол сумын Өндөр-Өнц гэж бригадад 1926 онд мэндэлсэн гэнэ лээ. Би хотод төрсөн ч  аавынхаа нутгаар овоглож явах их дуртай. Биднийг хар багаас маань л манай аав зуны амралтаар шуудангийн машинд эсвэл тээврийн жолоочийн кабинд суулгаад явуулдаг байсан. Аймгийн Нисэх онгоцны буудлын ойролцоо манай хамаатны ах амьдардаг байсан юм.  Тэднийд буулгачихаарай гэж захиад явуулдаг байлаа.  6 сард ах дүү нар дээрээ оччихоод 8 сарын 25 гэхэд манай аав ээж машинаар ирж авна. 9 сарын нэгэн гэхэд сургууль дээрээ бэлэн байна. 10-р анги төгстлөө Баянгол суманд аавын ах дүүгийнд зуны амралтаа өнгөрүүлсэн дээ. Хэдийгээр би хотод төрсөн ч гэсэн зүрх сэтгэл маань ерөөсөө л Өвөрхангайд байдаг.

Одоо Баянгол суманд таны хамаатан ах дүүс олон байдаг уу? Хааяа нутаг орондоо ирж амардаг биз дээ?

-Аавын хамаатан олон хүн одоо тус суманд амьдарч байгаа. Баянгол сумын хойд хэсгээр Өнцийн хавиар нутагладаг. Аавын дүү нар, ахын хүүхдүүд гээд хойд голоор л нэг байдаг даа. Малчин Батсүх, Дагвын Батаа, Батбаатар, Дашийн Лхагвасүрэн, Пүрэвээ гээд олон бий.  Ажил төрөл гээд сүүлийн хэдэн жил ирж чадаагүй. Ах дүү нараас ирж амраач гэсэн урилга заллага их л ирдэг. Би дандаа киноны ажилтай байдаг болохоор зав гардаггүй. Ажлын шугамаар бол байнга ирдэг ч аймгийн төвөөр л дайраад өнгөрдөг. Аймгийн театрт цэргийн найз онжав маань байдаг юм. СТА уртын дууч Ганбаатар гээд. Бид Өмнөговь аймагт цуг цэргийн алба  хааж байлаа.  Би ирээд Ганбаатартайгаа л уулзах боломж гардаг.

Та Өвөрхангайнхаа тэр тусмаа Баянгол сумынхаа юугаар бахархдаг вэ?

-Хэдий би хотод өссөн ч гэсэн хөдөө адуу мал дээр гарахад хөдөөний малчин хүн шиг байж чадна. Миний нутагтаа ирж амардаг байсан багын амьдрал надад ийм хүмүүжил олгож өгсөн. Зуны амралтаар хөдөө очсон хотын хүүхдүүд малаас айдаг. Морины зөв буруу талыг ч  мэддэггүй. Адуунд явж, мал  сааж чадахгүй. Би тэгэхэд бүгдийг мэддэг чаддаг байсандаа  баярладаг байлаа. Эр хүний нэг жаргал,  хөдөө ирэхээрээ заавал хэдэн өдөр өглөө эрт адуунд явдаг. Надад их сайхан сэтгэгдэл үлдээдэг юм. Одоо ч гэсэн хэдэн өдөр хөдөө сайхан амарч, морин дэл дээр салхи сөрөн давхих юмсан гэж бодож байна.

Та олон сайхан киног найруулж амилуулсан. Өвөрхангайн нутагт аймгийн жүжигчдийг тоглуулсан кино хийх бодол байгаа юу?

– Би “Зүрхэнд шивнэсэн үг” нэртэй анхныхаа киног аавынхаа 80 насны ойд зориулж хийсэн байгаа. Киноныхоо нээлтийг Өвөрхангайчууддаа хамгийн түрүүнд авчирч үзүүлж байсан. Тэгэхэд ИТХ-ын дарга Тогтохсүрэн, засаг дарга зэрэг аймгийн удирдлагууд  намайг сайхан хүлээж авч  дэмжиж байсанд баярладаг. Энэ кинондоо ХДТ-ын жүжигчин Ганбаатарыгаа мөн одоо Баянгол суманд ажиллаж амьдарч байгаа Минхабаатар гэж ард олондоо алдаршсан жүжигчин Төмөртогтох нарыг тоглуулж байсан. Ер нь цаашдаа бол Өвөрхангай аймгийнхаа сайхан байгальтай газар кино зураг авах бодол байгаа. Энүүхэндээ нууц задруулахад би “Өүлэн эх” гэж сайхан УСК хийх бодолтой яваа. Түүхэн кино учраас нэлээн зардал мөнгө орох бололтой. Энэ мөнгийг би бүтэн 4 жил хөөцөлдөж  байна. Соргодогийн Жаргалсайханы “Чингисийн нууц түүх” гэж романаас Өүлэн эхтэй холбоотой хэсгийг зохиолч өөрөө бүр салгаж “Сайхан кино хийгээрэй” гэж манай гэр бүл МУГЖ Сарантуяа бид хоёрт өгч байсан юм. Санхүүгээ шийдчих юм бол энэ киногоо аль болох л нутагтаа ирж сайхан газар зураг авах бодолтой байгаа. Тэгэхдээ бас аймгийнхаа театрын жүжигчдээс энэ киноныхоо нэлээн хэдэн гол дүрүүдэд тоглуулах юмсан гэсэн бодол бий.

Ер нь манай аймгийн залуучуудаас танд хүсэлт тавьж, мэргэжлийн тал дээр дэмжиж туслахыг хүсвэл?

–    Сүүлийн үед харж байхад миний онжав Ганбаатарын маань хүү Ариунболд гэж театрт ажилладаг залуу бий. Нэлээн чадварлаг, ирээдүйтэй  жүжигчин болох байх гэж боддог юм.  Драмын эрдмийн театрт шалгуулаад өндөр үнэлгээ авсан гэж сонссон. За мөн Ганбаатарын маань бага хүү Шижирбаатар гэж мөд удахгүй Өвөрхангайчуудын нэрийг дуурсгасан дуучин болно гэж итгэж байгаа. Одоо СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. УБ-ын урлагийнхан хүртэл “толгой дээр цахиур хагалах нь нь дээ” гэж ярьдаг. Тэгэхээр манай Өвөрхангай аймгийн ХДТ-ын залгамж халаа тасрахгүй гэдэгт бол итгэж байна.

  Танай хамтлаг тоглолтоо Өвөрхангайгаас эхэлдэг гэсэн.  Сарантуяа эгч та хоёр нөлөөлөөд байна уу? Ер нь аймагт хэдэн удаа тоглолт хийсэн бэ?

– Бид нар шинэ тоглолтоо УБ-т хийчихээд дараа нь хамгийн түрүүнд Өвөрхангайд ирж тоглоод баруун тийшээ явдаг. Ер нь Өвөрхангай тал руугаа савлагаа ихтэй. Яагаад гэвэл хоёр жүжигчин нь энэ нутгийнх болохоор уруу татдаг юм. Манай Сарантуяа Өвөрхангайн Тарагт сумынх. Миний төрсөн эмэгтэй дүүгийн хүүхэд болох Амарбат гэдэг залуу манай хамтлагт ажиллаж байгаа. Гарал үүслээ бас Өвөрхангайн Баянгол гэж явах дуртай байдаг юм. Бид нар жилд 2-3 удаа ирдэг. Хичнээн удаа ирж тоглосноо ёстой мэдэхгүй байна. Тоогоо алдсан байх. Би “Өнгөт инээд интертаймент” хамтлагт ажиллаад 10 гаруй жил болж байна.

Та гэр бүлээ танилцуулахгүй юу? Хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөсөн үү?

– Гэр бүл маань МУГЖ Сарантуяа гэж драмын театрын жүжигчин хүн байгаа. Бид хоёр гурван хүүхэдтэй. 2 хүүхэд маань АНУ-д сурдаг. Нэг  хүүхэд маань СУИС-ийг энэ жил төгсөнө. Одоо сурахын хажуугаар  Драмын эрдмийн театрын Залуучуудын студид дагалдан жүжигчнээр ажиллаж байгаа.  Бидэнд ер нь чөлөөт цаг ховорхон байдаг. Хааяа чөлөөт цаг гарвал хамтлагаараа хөдөө салхинд гарах дуртай. Гэртээ байхдаа бол спортын сувгийг байнга үзнэ дээ. Эхнэртэйгээ сувгаа булаацалдаад л… /инээв/

Та аймгийнхаа хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Уг нь ирэх болгонд байшин барилга нэмэгдсэн сайхан л харагдаж байдаг. Манай аймаг хонин сүргээрээ улсад 1-р байранд орж байсан. Мөн дэд бүтэц илүү хөгжсөн зэрэг амжилтуудаар нь бахархдаг. Бас Монгол түмний морин шүтээн босгосон байсан. Түүний 2 наадмыг би ирж үзэж чадаагүй ч гэсэн телевизээр хүлээж байгаад үзсэн. Энэ бол морин спортод том мөр үлдээсэн сайхан зүйл болсон байна лээ. Өвөрхангайчууддаа хэлэхэд зарим талаараа хөгжил дэвшилдээ илүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж боддог юм. Зуданд малаа алдсан ч гэх юм уу тааруухан зүйл сонсогдохоор нь харуусаж явдаг.

Б.Батчимэг

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж