
Хятадын худалдааны илүүдэл, зээлийн хэмжээ өнгөрсөн сард нэмэгджээ. Хэдийгээр тус улс инфляцийг барих зорилгоор бодлогын хүүгээ нэмж, валютын ханшаа чангаруулж байгаа боловч энэ нь экспорт буурахад нөлөөлөөгүй бололтой. Өнгөрсөн сарын байдлаар Хятадын экспорт 35 хувиар өсч, 153.3 тэрбум ам.доллар болсон нь 2009 оны арваннэгдүгээр сараас хойшхи дээд амжилт юм. Импорт 38 хувиар нэмэгдэж, 130.4 тэрбум ам.доллар болсон байна. Харин худалдааны илүүдэл 22.9 тэрбум ам.доллар гарчээ. Шинээр олгосон зээлийн хэмжээ 564 тэрбум юань буюу 85 тэрбум ам.доллар болсон байна. Хятадын статистикийн албанаас гаргасан эдгээр тоо баримтаас харахад зөвхөн тус улсын дотоод зах зээл төдийгүй олон улсад ч хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэн гэж дүгнэж болох юм. Хонконгт төвтэй “Австрали, Шинэ Зеландын банкны групп”-ийн эдийн засагч Луй Лиганг “Дэлхийн эдийн засаг сэргэж, хямралын өмнөх үеийн түвшиндээ очиж байна. Ийм үед Хятадын Засгийн газраас юанийн ханшийг богино хугацаанд чангаруул гэж шаардах ямар ч хэрэггүй” гэжээ.
“Блүүмберг”-ийн эдийн засагчдын тооцоогоор Хятадын худалдааны илүүдэл өнгөрсөн сард 21.2 тэрбум ам.доллар гарсан аж. Тус улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих зорилгоор 7.5 их наяд юань зах зээл рүүгээ нийлүүлнэ хэмээн төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн сард дээрх мөнгөнөөс хамгийн их хэсэг нь буюу 500 тэрбум юань гарчээ. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум юанийн зээл олгосон гэсэн үг юм. Хятадын Ардын банкнаас мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 19.5 хувиар ихэссэн байна. Өнгөрсөн баасан гарагт Хонконгод юанийн ханш чангарч, нэг ам.доллар 6.5113 юаньтай тэнцсэн байна. Биржүүд хаагдах үед “Shanghai Composite Index” 1.1 хувиар нэмэгджээ.
“Экспорт нэмэгдсэнээр дотоод зах зээлдээ халаалт өгч, инфляци нэмэгдэх гол хүчин зүйл болно. Үүнээс болж Хятадын Засгийн газар мөнгөний бодлогоо улам хатууруулна” хэмээн “Голдман Сакс”-ын шинжээч Сонг Ю тэмдэглэжээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хятадын АНУ-тай хийсэн худалдаа 16.7 тэрбум ам.долларын илүүдэлтэй гарсан байна. АНУ-ын хувьд өнгөрсөн аравдугаар сард 43.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Сүүлийн долоон сард анх удаагаа ийм өндөр дүн гарсан нь АНУ-д Талархлын баяр болсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэнээс үүдсэн хэрэг юм. Харин одоо Зул сарын баярын хямдралтай худалдаа зэрэг нь тус улсын дотоод эрэлтийг улам өсгөх нь дамжиггүй. Үүнээс улбаалаад Хятадын бүтээгдэхүүний захиалга нэмэгдсээр байх нь. АНУ-ын хамгийн том худалдааны төв “Уол Март”-ын борлуулалт үүнийг баталж байна.
Гэхдээ энэ бүхэн нь АНУ, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлөх бололтой. АНУ-ын Сенатын дэргэдэх гадаад харилцааны хорооны тэргүүн Жон Керри “Юанийн ханш байвал зохих хэмжээндээ хүрээгүй. Хятадын Засгийн газар үүнд санаа тавихгүй байна. Тиймээс ирэх оноос АНУ-ын хууль боловсруулагчид Хятадын эрсэг хатуухан хуулиуд батлах болно” гэжээ. Өнгөрсөн сард юань ам.долларын эсрэг 0.1 хувиар чангарсан байна. Өмнөх сард нь 0.3 хувиар өсч байсан юм. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер Хятадын эсрэг хүчтэй шүүмжлэл өрнүүлж, өнгөрсөн есдүгээр сард юанийг дор хаяж 1.7 хувиар чангаруулахыг шаардаж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон дахь Олон улсын эдийн засгийн”Петерсон” институтын ахлах мэргэжилтэн Т.Гайтнерийн үгийг дахин сануулж, Хятадын Засгийн газар юанийн ханшийг ганц сарын дотор дор хаяж нэг хувиар өсгөх ёстой гэжээ. Үүний эсрэг Хятадын төрийн мэдлийн бус, хөлөг онгоц үйлдвэрлэгч гурав дахь том компани “Янжижянг Шипбилдинг”-ийн төлөөлөгчид “Ганцхан жилийн дотор юанийн ханшийг гурван хувиар өсгөж болохгүй. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй” гэсэн юм.
Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао ирэх сард АНУ-д айлчилна. Түүнээс өмнө юаниа чангаруулахыг шаардсан агуулга бүхий захидал АНУ-ын Конгрессоос Хятадын Засгийн газарт илгээжээ. Ямартай ч Хятадын экспорт нэмэгдсэн гэх мэдээлэл нь тус улс эдийн засгаа экспортоос хамаарал багатай болгох тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн илрэл юм. Хятадын бараа бүтээгдэхүүнүүд олон улсад тэр дундаа АНУ-ын зах зээлд хямд өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай хэвээр байна.
Одоогийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 2.4 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа. Гэхдээ түүнийг юань руу хөрвүүлэх сонирхолгүй байна. Мэдээж энэ нь юанийн ханш огцом чангарч, Хятадын экспорт америкчуудын хүсч байгаачлан огцом буурах аюултай. Тэгэхээр тус улсад үлэмж хэмжээ бүхий бэлэн мөнгөний урсгал төвлөрч байна гэсэн үг юм. Хятадыг ирээдүйн АНУ гэж дүгнэгсэд цөөнгүй бий. Ганц юанийн ханшаар тоглосныхоо хүчинд тэд өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Тийм учраас энэ өндөрлөгөөсөө зүгээр нэг гулсаад буучихыг хүсэхгүй байна. Нөгөө талаас Хятадын импорт нэмэгдсэн нь сайн хэрэг. Энэ нь олон улсын зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт ихэссэн гэсэн үг юм. Тэгвэл үнэхээр Хятадын бодлого боловсруулагчдын хэлж байгаачлан тус улсын эдийн засгийн өсөлт, уналтаас дэлхийн эдийн засаг шууд хамааралтай байж болох юм. Гэхдээ энд хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан хоёр их гүрний тухай яригдаж байгааг сануулах нь зүйтэй болов уу.
Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин