”Совет”-ын хурлаар халаа сэлгээ ярихгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

”Совет”-ын хурлаар халаа сэлгээ ярихгүй

Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлал өчигдөр албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайдыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар дагалдаж яваа. Учир нь энэ удаагийн айлчлалаар Орос, Монголын хамтарсан үйлдвэрийн тоо нэгээр нэмэгдэнэ. “Дорнод Уран” хамтарсан үйлдвэрийн талаарх хэлэлцээрт Төрийн өмчийн хорооны дарга чухал үүрэгтэй. Д.Сугар дарга үүнээс гадна Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хуралд оролцох товтой. Хоёр орны харилцаанд нөлөө бүхий хоёр байгууллагын хамтарсан зөвлөл буюу олны хэлж заншсанаар “совет”-ын хурал нэг өдөр болж байгаагаараа онцлогтой. Мөн энэ удаагийн “совет”-ын хурлуудаар ямар нэг халаа, сэлгээ ярихгүй. Байгууллагынхаа дотоод асуудал, ирээдүйнхээ төлөвлөгөөг хэлэлцэх аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал С.В.Цемевзов хоёр сарын өмнө Монголд зочлохдоо зөвлөлийн ээлжит хурлын тов гаргаад буцсан. Хурал товлосон хугацаандаа буюу өчигдөр эхэлжээ. Тус хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг солино гэсэн таамаг байсан. Гэвч энэ талаар хэлэлцэхгүй харин “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих асуудлыг ярилцах аж. Уг үйлдвэрийг ирэх жилээс барихаар төлөв­лөжээ. Хуралд Ч.Ганзориг захир­лаас гадна захирлын нэгдүгээр ор­логч Ф.А.Петрович, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Эдийн засаг эрхэлсэн орлогч Д.Болдбаатар, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нар оролцож байгаа аж.

“Монголросцветмет” ХХК-ийн зөвлөлийн хурал ч өчигдөр эхэл­жээ. Уг хурлаар Асгатын ор­дын асуудлыг дахин сөхнө, их өрийн талаар хэлэлцэнэ гэсэн мэ­дээ­лэл байсан. Гэвч дээрх хоёр асууд­лыг хойшлуулсан ажээ. Харин ком­па­нийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх онд зарцуулах хөрөнгийн хэм­жээг тогтоох юм байна. Хуралд “Мон­голросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал О.Эрдэнээс гадна ерөнхий нягтлан Д.Номинзул, хуулийн зөвлөх Ц.Баярсайхан нарын төлөөлөгчид оролцож байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж