Тиймээс энэ талаар сурвалжилж, иргэдийн амьдрал бодит байдал дээр ямар байгааг харуулахыг зорьсон юм.
ХААН банкны “Да хүрээ” салбарын гадаа зөвхөн харьяа банкуудаасаа мөнгө авах тухай зарлал наажээ. Үүдэнд нь очиход теллерийн ширээнээс гадаах хаалга хүртэл хүмүүсийн дараалал үргэлжилжээ. Дугаарлан зогссон иргэдийн дундуур нэлээд зүтгэж байж танхимд орлоо. Саагаар чимэглэж, шинэ жилийн уур амьсгал бүрдүүлсэн танхимд орж ирэхэд олон хүний хөлсний үнэр, чимээ шуугиан нь банкинд орж ирсэн гэж хэлэхийн аргагүй байв. Энд ихэвчлэн “Хүний хөгжил сан”-гийн дэвтэр барьсан иргэд цуглажээ. Тэд эх орны хишиг 10 мянган төгрөгөө авахаар банкны үүд сахиж байгаа нь энэ. Харамсалтай нь зарим нь өдөржингөө дугаарласан хэрнээ мөнгөө авч чадалгүй хоосон буцаж байв.
ТӨР НЬ ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАЖ БАЙГААД ГОМДОЛТОЙ БАЙНА
БЗД-ийн есдүгээр хорооны иргэн Э.Алтантуяа:
-Урьд нь ХААН банкны аль ч салбараас мөнгөө авдаг байхад ажилдаа явах замдаа ч юм уу, хаа таарсан газраасаа авчихдаг амар байсан юм. Гэтэл одоо заавал харьяалалтай банкнаасаа авах болсон нь үнэхээр хүндрэлтэй байна. Мөнгөө авах гэж дугаарлаж байгаад бие муутай хүмүүс нь ухаан алдаж байна шүү дээ. Захын хороололд амьдардаг хүн төвийн банкаар үйлчлүүлэх эрхгүй гэж үү.
БЗД-ийн 17 дугаар хорооны иргэн Ж.Дорж:
-Би аравдугаар сард шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан ч одоо болтол “Хүний хөгжил сан”-гийн мөнгө маань ороогүй л гэж байна. Өнөөдөр хоёр цаг дугаарласан ч банкныхан нэр чинь ирээгүй байна гэдэг хариултаа л өгч байна. Би бүртгүүлснээсээ хойш байнга УБЕГ-т очиж асууж байгаа. Ямар ч зөрчилгүй байна. Ирэх баасан гарагт мөнгө чинь орно гэж олон удаа хуурч байна даа. Он гарахаас өмнө мөнгөө аваагүй бол хохь чинь гэчихээд нэрийг маань өгөхгүй байгаа нь шударга бус байна. Ийм шалтгаанаар мөнгөө аваагүй хүн олон бий шүү дээ.
Үнэхээр ч танхимд цугласан иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн бололтой нэг нэгнээ дэмжиж, төр ард иргэдээ ялгаварлан үзэж байгааг ам уралдан ярьж байлаа. Теллертэй уулзаж онлайн сүлжээний олголт ямар учраас зогссоныг лавлахаар урагшлахад дараалал дайрч байна хэмээн зарим хүн нэлээн бухимдаад амжсан юм.
“ХААН банкны захирлын тушаалаар арванхоёрдугаар сарын 1-нээс онлайн олголтыг зогсоож, зөвхөн харъяа банкнаасаа мөнгө авах ёстой гэсэн мэдэгдэл тус банкны салбаруудад ирснээс хойш тушаалыг дагаж байгаа” гэж “Да хүрээ” салбарын теллер Б.Батдолгор хэллээ. Тэрбээр бусад хорооны иргэд мөнгө ирж авдаг байсан нь үүгээр хязгаарлагдаж байгаа ч ачаалал тасрахгүй, бусад гүйлгээ хийх боломжгүй, тасалдахад хүрч байгаа талаар ч дуулгасан юм.
Ихэнх иргэн он гарахаас өмнө мөнгөө авахгүй бол ахиж олгохгүй гэсэн сургаар ондоо багтаад мөнгөө авчихаар өдөржин дугаарлаж байгаа учир “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгодог бүх банкууд хүний хөлд дарагдсан дүр зураг хаа сайгүй харагдаж байлаа.
ОН ДУУССАНЧ МӨНГӨӨ ХЭВИЙН ОЛГОНО
Иргэдийн гомдлын мөрөөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй уулзлаа.
-Төсвийн хуулийн дагуу “Хүний хөгжил сан”-д он гарахад үлдсэн мөнгийг татан төвлөрүүлэхээр байгаа. Танай зүгээс Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яаманд хэвээр нь үлдээх санал тавьсан гэсэн. Хариу нь ирсэн үү?
-Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг он дамжвал буцааж татдаг. Харин эх орны хишгийг он дамжсан ч журмаараа олгоно гэсэн байгаа. Тиймээс манай зүгээс “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг орон нутгийнх нь дансанд хэвээр үлдээнэ үү гэсэн санал хүргүүлсэн. Одоохондоо нааштай хариу өгөөгүй байна. Гэхдээ иргэд он гарсан ч “Хүний хөгжил сан”-гийнхаа мөнгийг авна.
-Бичиг баримт нь ямар ч зөрчилгүй хэрнээ одоо болтол мөнгөө авч чадаагүй хүмүүс байна. Ямар учиртай юм бэ?
-Бичиг баримтын зөрчилгүй хүмүүсийн нэр УБЕГ-аас манайд ирэх хүртэл сарын хугацаа шаардагдаж байгаа. Харин бичиг баримтын зөрчилтэй хүмүүсийн нэр манайд ирэхгүй. Тиймээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаас хойш сарын дараа мөнгө чинь ороогүй бол УБЕГ-т хандах хэрэгтэй.
-Халамжийн мөнгийг ямар банкуудаар тараах гэрээ хийсэн юм бэ. Тухайлбал, ХААН банк онлайнаар халамжийн мөнгө тараахаа больсноор захын банкуудынх нь ачаалал ихэсч иргэд мөнгөө авч чадахгүйд хүрээд байна. Гэрээний дагуу ийм тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Тендер зарлаж, ХААН, Хадгаламж, Хас, Капитал гэсэн дөрвөн банкийг шалгаруулсан. ХААН банкны хувьд хамгийн олон салбартай гэдэг утгаараа нийт тооцооны 60 гаруй хувийг гүйцэтгэдэг. Онлайнаар мөнгө олгохоо байсан нь банкны дотоод асуудал. Харин гэрээ дуусаагүй байхад гүйлгээ хийхээ болих асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайлбал, энэ жилийн гэрээ дуусгавар болоогүй байхад СХД-ийн тав, зургадугаар хороо буюу Ханын материал, ЧД-ийн есдүгээр хороо буюу Нарны титэм орчмын иргэдэд үйлчлэхээс татгалзсан асуудал гарсан. Үүнийг гэрээний дагуу он дуустал олгохоор тохиролцсон. Харин он гарахад эдгээр хорооны иргэд өөр банкаар үйлчлүүлэх байх. Гэхдээ одоогоор бусад банкууд ХААН банк татгалзаж байхад хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Р.САРАНГОО
"Улс төрийн тойм" сонин