Спортын түүхэн дэх таван том залилан

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Спортын түүхэн дэх таван том залилан

Шударга өрсөлдөөн байж болох амьдралын нэг салбар нь спорт гэлтэй. Спортын шүтэн бишрэгчдийн олон зуун сая хүн алга ташин дэмжиж байсан спортын цуутнууд маань заримдаа хамгийн болхи зальтан болж байх юм. Спортын түүхэнд томоохон дуулиан дэгдээсэн таван түүхийг танилцуулъя.

1.    Дьего Марадонагийн хиймэл эрхтэн

Сэргээш бол орчин үеийн спортын эрлэг нь. Гутамшигтайгаар илчлэгдлээ ч ичих нүүрэндээ элэг наасан тамирчид зогсох гэдэг юу л бол. Тэд ул мөрөө далдална гэж найдна. Гэхдээ үүнийг Аргентиний домогт хөлбөмбөгч Дьего Марадона шиг гайхалтайгаар хийж байсан тамирчид огт үгүй.

Гэмт хэргийн схем: Дьего өөрийн тэрхүү гэмт хэргийг ид гялалзаж явахдаа, өөрөөр хэлбэл, Италийн “Наполи” клубт тоглож байхдаа үйлджээ. Тэр нь өнөөх алдарт кокайн. Хөлбөмбөгийн шидэт тоглогч, дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчийг нутгийн мафийнхан мөнгийг эргэлдүүлэхийн тулд хар тамхичин болгосон гэх яриа байдаг. Сэргээшийн тогтмол сорил, шалгалтыг давахын тулд Марадона өөртөө хиймэл эрхтэн хийлгээд “донорын” цэвэр шээсээр дүүргэн өөрийн биед “өмсүүлдэг” байсан гэнэ. Хиймлийг нь маш урлагтай хийсэн учир сэргээшийн комиссын ажилтнууд урт удаан хугацааны турш жинхэнэ л гэж итгэдэг байжээ. Марадона тэр үед жилдээ 800 мянган ам.долларын хэнд ч байгаагүй орлоготой баян хөлбөмбөгч байв.

Шийтгэл: 1992 онд Марадонагийн заль илэрч, 15 сар аливаа уралдаан, тэмцээнд оролцох эрхээ хасуулав. Түүнийг 1994 оны АНУ-д болсон ДАШТ-ий үеэр илчилсний дараа домогт хөлбөмбөгч маань карьераа дуусгасан гэж болно. Түүний шээсний шинжилгээнээс эфедрин гэх бодис илэрсэн байжээ.

2.    “Формула-1”-ийн осолтой хурд

Өнгөрөгч есдүгээр сард нэгэн том дуулиан дэгдэв. “Renault” багийн нисгэгч Нелсиньо Пике болон түүний багийн “боссууд” нь 2008 оны Сингапурын гран-при уралдааны үеэр зориуд осол гаргаж, багийн ахлагч нисгэгч Фернандо Алонсо уг гараанд түрүүлэхэд нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Гэмт хэргийн схем: “Renault” багийн эзэн Флавио Бриторегийн хүссэнээр Алонсог пит-стоп хийх үеэр 13-14-р тойрогт 17 дахь эргэлт дээр Пике осол гаргах ёстой байжээ. Тэнд уралдааны машинуудыг өргөн гарах кран байхгүй учир замд аюулгүйн машин гарч, хөдөлгөөнийг хязгаарлах ёстой байв. 15 дахь байраас гараагаа эхэлсэн Алонсо тухайн үед шатахуунаа аваад боксоос тэргүүлэн гарсан ба бусад машинууд пит-лейнийг хаасан байжээ. Пике удаахь жилд багийн бүрэлдэхүүнд багтах гэрээ байгуулаагүй байсан учир хувиа бодоод осол гаргахыг зөвшөөрсөн аж. Гэтэл долдугаар сард Бриторе өөрийн багаас Пикег халсан учир тэр зальтанг илрүүлж тусалжээ.

Асуудлын үнэ цэнэ: Тэр үед дэлхийн хошой аварга Фернандо Алонсо “Renault” багт хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан учир багаасаа явахын хүслэн байв. Гэтэл багийн санхүүгийн байдал таагүй, шинэ улиралд ивээн тэтгэгчээ алдаад улам ч суларч мэдэхээр байсан учир багийн эзэн тэрхүү “мэргэн санаа”-г бодож олжээ. Багийн жилийн төсөв нь 350 сая евро болно.

Шийтгэл: “Renault” багийн захирал Флавио Бриторе их спортоос бүрмөсөн хөөгдөв. Харин ерөнхий менежер Пэт Симондс “Формула-1”-ээс таван жилийн хугацаатай түр холдож, харин “Renault” өөрөө хоёр жилийн тэнсэнтэй үлджээ.

3.    Бооцооны мафи дарагдашгүй гэж үү?

ОХУ-ын хөлбөмбөгийн аварга “Рубин Казань” багийн нэр хүнд Болгарын бооцооны мафид София хотын “Левски” клуб болон бооцооны газрын эздийг хуурах боломж олгожээ.

Гэмт хэргийн схем: Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд София хотноо “ЦСКА София” ба “Левски” багийн хооронд зарчмын тоглолт болсон юм. Тоглолтын өмнөхөн “Левски” багийн удирдлага дээр нэг хүн ирээд “Рубин” багийн төлөөлөгч хэмээн өөрийгөө танилцуулаад, багийн тэргүүлэх дөрвөн тоглогч Живке Миланов, Дарко Тасевски, Зе Соареш, Юсуф Рабех нарыг багтаа элсүүлэхээр дөрвөн сая ам.доллар амлаад зогсохгүй, тоглогчдод өндөр цалин хөлс өгөхөөр амлаад гарчээ. “Левски” багийн боссууд үүнд гайхсангүй. Роман Абрамовичийн жишгээр оросууд мөнгөөр зодож байна гэж бодсон аж. Харин “Рубин”-ы элч төлөөлөгч тэднийг есдүгээр сарын 19-нд Москвад ирсэн байх ёстой, эмнэлгийн үзлэгт орно гэж шаардсан байна. Уг шаардлагын дагуу ОХУ-ын нийслэлд очсон тэд “Рубин” багийн удирдлагатай уулзаад, тийм наймааны талаар яриа огтхон ч байхгүй гэдгийг сонсоод, мэл гайхан цэл хөхөрч, гэрийн зүг яарчээ. Харамсалтай нь, тэднийг буцаж иэрхэд хоёрдугаар бүрэлдэхүүнээрээ тоглосон “Левский” 0:2 харьцаагаар “ЦСКА”-д хожигдсон байлаа.

Асуудлын үнэ цэнэ: Азийн бооцооны газруудад “ЦСКА”-гийн төлөө ер бусын их хэмжээний бооцоо тавьсан байсан ба мафийнхан тэндээс хоёр сая ам.доллар унагаж чадсан байна.

Шийтгэл: Бичиг баримтын бланк дээрх хаяг нь мэдээж хуурамч байсан учир “Рубин”-ы хуурамч элчийн ул мөрийг интерпол болон Оросын тусгай албаныхан одоог хүртэл хайж байна.

4.    Солиормоор хүйс

Хөнгөн атлетикийн 2009 оны Берлинийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин Кастер Семенья дуулиантайгаар аваргын алтан медалийг эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд авсан билээ. Алтан медалиараа гайхуулж чадаагүй байтал өрсөлдөгч нар нь эрэгтэй хүнд ялагдлаа гээд хүйсийн шалгалт шаардав.

Гэмт хэргийн схем: Кастерийн хүйсийг тогтоосон эрдэмтэд түүнийг умай болон өндгөвч байхгүй манин хүн гэж тодорхойлов. Гермофродит буюу манин хүн хүүхэдтэй байх заяагүй. Кастерт эр хүний эрхтэн байхгүй боловч дотор талд нь эр хүний төмсөг байгаа ба тэр нь ердийн эмэгтэйчүүдээс гурав дахин их тестотерон гэх эр гормоныг ялгаруулдаг байна. Кастер өөрөө хүйсийнхээ талаар төөрөгдөлтэй байсныг үгүйсгэх аргагүй. Харин Өмнөд Африкийн спортын эрх мэдэлтнүүд үүнийг маш сайн мэдэж байв. Тэд 18 настай “бүсгүй”-г 800 метрийн зайд улсынхаа дээд амжилтыг тогтоосны дараа шалгалт хийсэн гэнэ. Гэсэн ч тэд хөөрхий бүсгүйг олны доог болгохоор дэлхийн аваргад илгээсэн юм. Эр төрхтэй тэрбээр сэжиг төрүүлэхгүй байж чадахгүй байлаа.

Асуудлын үнэ цэнэ: Дэлхийн аваргын шагнал нь 60 мянган ам.доллар. Кастерийн төрсөн Лимпопо мөрний эргийн ядуу тосгонд 60 мянган ам.доллар гэдэг бөөн хөрөнгө юм.

Хохирол: Кастер дахиад эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохгүй болов. Гэхдээ түүнээс дэлхийн аварга цолыг нь хураасангүй.

5.    Экс-аварга уналаа. Сэрэхэд нь гипс!

Бараг 10 жилийн турш Мексикийн боксчин Антонио Маргарито хагас дунд жингийнхнийхээ дунд “айдас түгээгч” байлаа. 2002-2008 онд тэрбээр WBO ба IBF-ийн дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан юм. Ер бусын амжилт гаргахад нь ердийн нэг заль ихэд тусалжээ.

Гэмт хэргийн систем: 2009 оны нэгдүгээр сарын 24-нд Маргарито аваргын төлөө Шейн Мозлитэй тоглох болсон юм. Тулааны өмнө Мозлигийн дасгалжуулагч Назим Оичардсаон мексик эрийн гарыг зөв ороосон эсэхийг шалгахаар хувцасны өрөөнд нь очжээ. Бээлийнд нь элдэв төмөр байсангүй. Харин гарыг нь ороосон бинтэнд цагаан нунтаг их байсан нь Назимын анхаарлыг татжээ. Сэжиг төрүүлсэн бодисыг шинжилгээнд өгтөл гипсийг бүрдүүлдэг хүхэр ба кальци байсан гэнэ. Гар нь хөлрөхөд гипс нь хатуурч, түүний хук гэх өлгөлттэй цохилт нь муна шиг л орж байжээ.

Асуудлын үнэ цэнэ: Маргарито аваргын хувиар шагналын сангийн 70 хувийг хүртдэг байлаа. Түүний шагналын мөнгө жилд дунджаар 1.5-4 сая ам.доллар болдог байжээ.

Шийтгэл: Эхлээд, ес дэх раундад Мозли Маргаритог нокаутаар унагав. Харин дараа нь Антонио болон түүний дасгалжуулагч нар дэлхийн боксын мекка болсон Америкийн нутаг дэвсгэрт дахин тоглох эрхгүй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж