Зэрлэг капиталист хийгээд зэрэглэлээ андуурсан улстөрчдийн гаргалгаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Зэрлэг капиталист хийгээд зэрэглэлээ андуурсан улстөрчдийн гаргалгаа

Зэрлэг капиталист хийгээд зэрэглэлээ андуурсан улстөрчдийн гаргалгаа

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон үл ойлгогдох маргаан өдгөө улс төрийн амьдралыг МАХН хийгээд МАН дагасан сэдвээс чамгүй сайн холдуулж өглөө. Өдөр бүр МАХН угшилтай ч хоёр тийшээ харсан улстөрчдийн маргаан мэтгэлцээн дунд учрыг нь олохгүй эргэлдэж байх зуур УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй гишүүд “Засгийн газрын хөрөнгө оруулагчидтай хуйвалдаж нууцалсан нууцыг хулгайлав” хэмээн ард олны өмнө туйлын шударга царайлав. Ийнхүү эх орныхоо төлөө Засгийн газрын нууцыг хүртэл “хулгайлж” чадсан эрэлхэг баатруудын мэдэгдэлд С.Батболд тэргүүтэй гүйцэтгэх засаглалынхан эмзэглэж байгаа нь жигтэйхэн. Барагтай л бол хэвлэлийн өмнө тайлбар тавихыг хүсдэггүй, өөрсдийнхөө үгийг учиргүй үнэ цэнэтэйд тооцдог Засгийн газрын нөхдөөс С.Батболд нь С.Баярцогт, Д.Зоригт нартайгаа тохой залгаж суугаад л  “Засгийн газрын 34 хувь буураагүй. Хэвээр байгаа. Хувь нийлүүлэгчдийн гэ­рээнд өөрчлөлт оруулна” хэмээн мэдэгдэв. Энэ үед С.Баярцогт сайд нь л “том толгой”-той гэдгээ баталснаас бус Ерөнхий сайд С.Бат­болдын хувьд харин ч асуудлыг аятайхан тал руу нь шийдсэн шүү гэх аястай зөөлөн байр суурь баримталсан. Ийн УИХ-д суугаа цөөхөн хэдэн шударга гишүүний тус дэмээр Оюутолгойд онцгой эрх ашгийг шургуулсан гэх Хувь нийлүүлэгчдийн гэрээ ил болж, хуу­чирсан ч гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээг да­гуулаад засвар хийж болно гэдгийг та бидэнд батлав.

Нэг ёсны ирэх 30 жилийн хугацаанд тогт­вортойгоос тогтвортой байх ёстой Хөрөнгө оруулалтын гэрээ нэг хүчин зүйл болох Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хөдөлгөөн орсон нь дараа дараагийн шинэчлэлд зам бий гэдгийг илэрхийлж буй. Хэрэв Засгийн газар хийгээд хөрөнгө оруулагч тал ингэж буулт хийгээгүй бол монголчуудын ашиг урьтаж хүртэх эрх аль хэдийнэ зөрчигдөх байсан. Учир нь давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь ямар ч то­хиолдолд хяналт тавьж, санал илэрхийлэх эрхгүй ч ашиг орлогоо цаг алдалгүй авч, ямар ч тохиолдолд өөрсдийн авах хувийг биднээс түрүүлж хүртэх эрхтэй. Нэг ёсны энгийн хувьцаа эзэмшигч болох Монголын Засгийн газрын 34 хувьд давуу эрхийн хувьцаа шахалт үзүүлэхгүй байх талтай ч эргээд манай эрх ашиг хоёрдугаарт эрэмбэлэгдэх нь тодорхой байсан юм. Ингэж Засгийн газар асуудлыг ирэх онд хангалттай сайхнаар шийдэж чадна гэдгээ амлахтай зэрэгцээд “Айвенхоу майнз” ч “Рио Тинто”-д буулт зарлаж, удирдлагын багийг шилжүүлээд зогсохгүй хувь эзэмшлээ нэмэх бололцоог ч гэрээний дагуу олгоно гэдгээ амласан. Мөн “Рио Тинто” ч Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд “Өөр бусад хөрөнгө оруулагчийг Оюутолгойд оролцуулахгүй” гэдэг амлалтыг өгсөн.

Нэг ёсны З.Энхболд, Н.Батбаяр тэргүүтэй ги­­шүүдийн хожимдож мэдсэн, хоржоонтой гэгч эхлүүлсэн улс төр нь монголчуудыг бас ч гэж аврав. Гэсэн ч Хувь нийлүүлэгчдийн гэ­­рээнд дахиад л асуудал байгаа гэнэ. Учир нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.4 дүгээр заалт буюу менежментийн үйлчилгээний төл­бө­рийн тухай хэсэгт сөхөж тавихад акцент өгөх­­гүй байхын аргагүй нэг зөрчил нуугдаж буй аж. Тэр нь Оюутолгойн менежментийн эр­­­хийг хөрөнгө оруулагч талд олгохын зэрэг­цээ зардлыг нь хэтрүүлэн тусгасан тухай бололтой.

Гэрээнээс нь харвал “Менежментийн үйл­чил­гээний төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Үйлдвэрлэлийн үйлчилгээ эхэлсэн өдөр хүртэлх хугацаанд тухайн хугацаанд гарсан Үндсэн хөрөнгийн зардал бо­лон Үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн гурван хувь”, “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойшхи хугацаанд гарсан Үндсэн хөрөнгийн зардал болон Үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн зургаан хувь” гэсэн хоёр заалт уг хэсэгт байх аж.

Энэ нь эдийн засагчдын хувьд хэт өндөр зардалд тооцогдох хэм хэмжигдэхүүн гэдгийг тэд хэлж байгаа. Нэг ёсны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зайлшгүй хэрэгтэй хэмээн худалдаж авсан үндсэн хөрөнгө болоод үйл ажиллагааны зардлыг нэгтгэж, түүнийхээ гурав болон зургаан хувийг менежментийн зардал болгон авах нь арай л хатуудсан үзүүлэлт байх бололтой.

Тэгсэн хэрнээ Монголын тал байгалийн баял­гаа ашиглуулчихаад авах ёстой нөөц ашиг­ласны төлбөр буюу роялтийн төлбөрөө жинхэнэ утгаар нь авч чадахгүй байгаа гээд л тайлбар цаашаа үргэлжилж байна. УИХ-аас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийг баталж бусад олборлогчдод 15-20 ху­вийн татвар оноочихоод, Оюутолгойд боло­хоор таван хувиар тооцох нь хэр зохимжтой юм. Баяжуулах үйлдвэр барихаар дээрх хувь дахиад л буурна. Ингэж нөөцийн төлбөрийн тоог өөрсдийн хүссэнээр тавьчихаад менежмен­тийн зардал нэрийн дор ашиг олох ёстой уурхайгаасаа хэдэн хувийнх нь орлогыг цаад халаас руугаа хийх гээд байна гээд л…Үүнд мэдээж “Монголчууд Оюутолгойн хэмжээний ордыг ашиглах, үйл ажиллагааг нь удирдах менеж­ментийн чадваргүй учраас бид…” гэ­сэн тайлбарыг хөрөнгө оруулагч тал хийх нь ойлгомжтой. Тэртээ тэргүй манай улсын Сангийн сайд ч монголчуудыгаа “мангуу” гэдгийг тэдний өмнөөс зарлаад байхад энэ хэмжээний тайлбарыг зэрлэг капитализмын жинхэнэ бүтээлийг туурвих нь буруу биш.

Тэд тэртээ тэргүй ашиг олохын төлөө л Мон­голыг сонгосон хөрөнгө оруулагчид. Харин зэрэг­лэлээ андуурсан улстөрчдийн тухай ийн­хүү бодох, санах сэдэв нь нэгээр нэмэгдэв болол­той. Ядаж л хэвлэлээр “Бид гэрээг нь олж ха­раагүй шүү” хэмээн ичихгүйгээр үнэнээ өчих манай улстөрчдийн толгой чухам хаах­на явж байгааг ч мэдэх юм алга. Энд юун тү­рүүнд хөрөнгө оруулагчдыг буруутгахаас илүү Засгийн газраа удирдаж чадаагүй, нуух ёсгүй нууцыг нуулгаж чадсан УИХ-ын ги­шүүдтэй л хатуухан хариуцлага тооцох хэ­рэгтэй биз ээ.

Газрын баялаг нь Монголд байгаад бай­хад газар дээрээ ингэж өөрөө өөрсдийгөө до­ромжилж, доош нь татаж болдог тийм хуулийг ч энэ УИХ та биднээс бас нууж, нууцын зэрэг­лэлтэй “нуугаагүй” л бол шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж