Нийслэл хотын гудамж талбайд ямар ч эмх замбараагүй хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, байгууламж олон байдаг. Хатуухан хэлэхэд оршуулгын газар шиг болчихлоо гэх шүүмжлэл ч цөөнгүй удаа гарч байсан. Нийслэлээс явуулсан тооллогоор 2007 онд 143 байсан хөшөө дурсгал 2008 онд 167, 2009 онд 171 болон өсчээ. Өмнө нь хэн нэгэн иргэн, байгууллага хөшөө байгуулахдаа НИТХ-д хүсэлтээ гарган шийдвэрлүүлдэг байсан. Харин саяхан хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Улаанбаатар хотод хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталлаа. Журам гарснаар зөвшөөрөл олгох комисс байгуулагдах бөгөөд уг комисс нь урчуудын эвлэлийн хорооны гишүүд болон архитекторчдоос бүрдэх юм байна. Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах шаардлага нь ч урьд өмнөхөөс өөрчлөгджээ.
Д.Цээнэ