Усаин Болт: Би өөрийгөө сайн тамирчин гэдгийг мэддэг болохоор гарааны өмнө сандардаггүй

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Усаин Болт: Би өөрийгөө сайн тамирчин гэдгийг мэддэг болохоор гарааны өмнө сандардаггүй

Дэлхий дээрх хамгийн хурдан хүн Усаин Болт анх 15 настайдаа өөрийн менежер, үнэнч зөвлөх Норман Пиэрттэй танилцжээ. Тухайн үед Усаин хичээл сургуулилалт, бэлтгэлд нь туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй байсан бөгөөд хүндхэн үүрэг хариуцлага хүлээх болсон Норман дуртай дургүй толгой дохисон гэдэг. Гэтэл яг л нисэх мэт хурдлах Усаин Болтын чадварыг олж харсан Норман даруй бодлоо өөрчилж, түүнтэй хамтрахаар сэтгэл шулууджээ. Харин долоон жилийн дараа олимпийн наадмын гурван алтан медаль, дэлхийн гурван рекордын эзэн болсон Усаин Болт гүйлтийн талбайн мегастар болж хувирсан байна. Жил гаруй хугацааны өмнө тэрбээр Бээжингийн “Шувууны үүр”-нд 100 м болон 200 метрийн гүйлтэд хөнгөн атлетикийн богино зайн архгуудтай өрсөлдөж, тэдний дундаас цойлж гарч ирсэн юм. 100 метрт 9.69 секундын амжилт гаргасан нь урьд өмнө дэлхийн хаана ч байгаагүй тийм гайхамшигт амжилт байсан. Харин жил хүрэхгүй хугацааны дараа амжилтаа шинэчилж, 9.58 секунд болгож чадсан билээ. Ингэж л тэрбээр дэлхийн хэмжээний од болон хувирсан юм. Ганц хөнгөн атлетик сонирхогчид бус дэлхий нийтээрээ түүний ар араасаа хөврөх амжилтын буухиаг гайхан биширч, “Цахилгаан Болт” хэмээн хочлох болсон билээ.

Усаин Болтыг Английн нийслэл Лондон хотноо хувийн ажлаар айлчлах үеэр Британийн спортын сэтгүүлийнхэн түүнтэй уулзаж, ярилцжээ.

-Та Шервуд Контент гэдэг Ямайкийн жижигхэн тосгонд төрж өссөн. Хөршүүддээ мэдэгдэлгүйгээр усанд орж ч болохооргүй тийм жижиг тосгон гэж сонссон. Тэр үеийн амьдралыг эргэн дурсвал…

-Тийм ээ, үнэхээр тэгж хэлж болохоор жижигхэн газар. Тосгонд амьдардаг бүх хүмүүс нэг нэгнийгээ мэддэг тийм л газар. Би ч гэсэн тосгоны ихэнх хүмүүсийг таньдаг байсан. Гэхдээ амьдрал тийм ч муу байгаагүй ээ, бид хичээлээ тараад гудамжинд тоглож наадах, крикет, хөлбөмбөг зэрэг спорт тоглоом тоглох зай хангалттай байдаг байсан. Харин би ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг байлаа. Аав маань намайг хатуу гараар хүмүүжүүлж, янз бүрийн газар руу явахыг үргэлж хориглодог байсан юм.

-Тэгэхээр та бага байхдаа сахилгагүйтэж, элдэв асуудалд холбогддоггүй байсан хэрэг үү? Онигооны баатар байсан гэж сонссон юм байна?

-Жаахан байхдаа ер нь тиймэрхүү асуудлаас хол байдаг байсан. Би дугуйгаа унаад гол дээр очиж, эсвэл спорт, видео тоглоом тоглодог байлаа. Ер нь их тайван хүүхэд байсан. Харин том болохын хэрээр сахилгагүй болсон байх шүү /инээв/. Нэг удаа ийм явдал болсон юм. Бид нар 15-уулаа, дандаа гүйлтийн тамирчид байсан юм, бага оврын автобусны хэмжээтэй таксинд дээр дээрээсээ давхарлаж, чихэж суугаад, суусныхаа дараа чанга чанга орилж, инээлдэж, баахан юм болсон. Харин дараа нь бид таксины жолоочид мөнгөө төлөлгүй бүгд буугаад зугтаачихсан. Жолооч нь машинаасаа буугаад биднийг барих гэсэн боловч бид нар аль хэдийнэ зугтаад алга болчихсон байсан юм.

-Жаахан байхдаа ямар спортоор хичээллэдэг байсан бэ?

-Хөлбөмбөг. Би ихэнхдээ хамгаалагч юм уу хаалгач болдог байлаа. Гэхдээ хөлбөмбөгөөс илүүтэй крикет их тоглодог байсан. Учир нь би хурдан гүйдэг байсан болохоор крикет тоглохдоо арай илүү байсан юм. Намайг 10 настай байхад дасгалжуулагч маань намайг хурдан гүйдэг юм чинь хөнгөн атлетикаар хичээллээд үз гэж зөвлөсөн, тэгээд л гүйж эхэлсэн дээ. Гэхдээ би үргэлж л крикет тоглохыг мөрөөдөж, бараг л зүүдэлж хонодог байлаа. Миний аав ч гэсэн крикетийн улаан фен юм шүү.

-Хөнгөн атлетикаар хичээллэх нь крикеттэй харьцуулахад хүнд байсан уу? Алинд нь илүү дуртай байсан бэ?

-Удалгүй би хөнгөн атлетикт дуртай болсон. Учир нь би төрөлхийн хурдан байсан юм. Надтай уралдсан хүмүүсээс бүгдэнгээс нь түрүүлдэг байсан болохоор удалгүй энэ спортод татагдаж эхэлсэн. 13 нас хүртлээ би ямар ч уралдаанд ялагдаж байгаагүй. Гэтэл 13 настайдаа Кингстонд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан юм. Улсын хэмжээнд хамгийн шилдэг хүүхдүүд цугларчихсан, тэгэхэд л би анх удаагаа ялагддаг юм байна. Уур хүрсэн гэж үү? Үгүй ээ, яг үнэнийг хэлэхэд жаахан гунигтай, харамсмаар санагдсан. Ялагдах гэдэг их ичгэвтэр санагдаж байлаа. Дахиж л уралдахгүй шүү гэж бодож байсан.

-Тэр жаал одоо хаана, юу хийж байгаа бол?

-Бүү мэд. Хаа нэгтээ газар “Би жаахан байхдаа түүнийг ардаа орхиж байлаа” гээд л ярьж байгаа байх.

-Багын чинь баатар хэн бэ? Хэнийг шүтэж, биширч, дуурайдаг байв?

-Бүр бага байхдаа би Пакистаны крикетийн багийг шүтдэг байлаа. Тухайн үед Вакар Юунис хамгийн шилдэг тоглогч байсан юм. Би түүнийг л харж, дуурайдаг байсан. Хожим нь ч гэсэн би Пакистаны тоглолтыг зурагтаар өнжилгүй үзэж, фен нь байсаар ирсэн. Улсынхаа багийг дэмжих ёстой гэдгээ ухаарах хүртлээ.

-Пакистан, Ямайк хоёр хоорондоо тогловол алийг нь дэмжих байсан бэ?

-Пакистаныг. Би үүнийг чинь л яриад байгаа юм. Жаахан байхдаа би Пакистаны крикетийн багаар амьсгалдаг байлаа.

-Харин хөнгөн атлетикт уруу татагдсаны дараа хэнийг шүтэх болсон бэ?

-Дон Куарри. Учир нь манай дасгалжуулагч Дон Куарри, Майкл Жонсон нарын тухай үргэлж ярьж, энэ хоёр хүн бол хамгийн гайхалтай нь гэж ярьдаг байлаа. Тэгээд л би тэдний бичлэгийг үзэж, YouTube-ээс тэдний тухай хайж, үзэж эхэлсэн. Дон Куарригийн хувьд хамгийн цэвэр техниктэй тамирчдын нэг. Би түүнээс цөөнгүй зүйлийг сурч мэдсэн.

-Ямайкийн туг далбаа бүхий өмсгөл өмсч, анх удаагаа эх орныхоо нэрийн өмнөөс уралдаж байсан үеэ санадаг уу? Чамд их итгэл хүлээлгэж байсан байх даа?

-14 настай байсан байх аа. Барбадост болсон Carifta Games-т анх удаагаа оролцож байсан юм. Тухайн үед надад өндөр хариуцлага ногдож байгаа юм шиг санагдаж байгаагүй ээ. Учир нь гүйлт гэдэг миний хувьд хийх дуртай зүйл маань л байсан. Би Ямайкийн өмсгөлтэй байсан, гэхдээ тэр үед эх орныхоо бахархал болж байгаад л баяртай байдаг байлаа.

-Харин одоо байдал өөрчлөгдсөн үү? Хөнгөн атлетик чиний хийх дуртай зүйл үү, эсвэл илүү ажил мэргэжлийн чанартай болсон уу?

-Тийм ээ, ажил маань гэж болно. Гэхдээ би ажилдаа хамгаас дуртай. Миний бодлоор хүн дургүй зүйлээ хийх гэж дэмий цагаа үрэх хэрэггүй. Бэлтгэл сургуулилт хийх амар ажил биш гэдэг үнэн, гэхдээ илүү хурдан гүйхийн тулд бэлтгэл хийхээс өөр аргагүй.

-Хэр хурдан гэж?

-Дасгалжуулагч маань намайг 100 метрт 9.52 секунд хурдалж чадна гэдэг юм. Байж болох л юм. Учир нь би эхний 40 метр хүртэл дээд хурдаа авч чаддаггүй. Хэрэв гараанаас гараад эхний 30 метр өнгөрөхөд би дээд хурдаа авч чадвал 9.52 гэдэг байж болох л хэрэг.

-Бээжингийн олимпийг эргэн дурсвал хамгийн хөгжилтэй үе нь хэзээ байсан бэ?

-Бээжингээс үлдсэн хамгийн тод дурсамж бүгд миний өрөөний хамтрагч Маурис Смиттэй /олимпийн арван төрөлтөд өрсөлдсөн Ямайкийн шигшээ багийн тамирчин/ холбоотой. Зочид буудлын өрөөнд бид хоёр үргэлж хөгжилдөж, инээлддэг байлаа. Нэг шөнө, 200 метрийн гарааны өмнөх шөнө байсан юм, бид хоёр шөнөжингөө элдвийг ярилцаж, элгээ хөштөл инээлдсэн. Бага насныхаа амьдралаас эхлээд хорвоогийн бүх инээдтэй зүйлийг ярьж, хөгжилдсөн. Харин дараа нь шөнийн 03 цагт McDonald’s орж, юм олж идэхээр гарсан шүү. Үнэхээр гайхалтай мөч байсан.

-Олимпид өрсөлдсөн нэг тамирчин ярьж байсан санагдана. Бээжингийн олимпийн тосгонд тамирчдад үнэгүй McDonald’s-ын хоолоор үйлчилж байсан гэсэн. Тэр бүр тахианы махтай сэндвич долоон ширхгийг нэг дор идчихсэн гэж ярьж байсан. Харин чиний хувьд ханатлаа иддэг байсан уу?

-Үгүй ээ. Би тахианы махаар хийсэн бөөрөнхий маханд илүү дуртай. Бээжинд байхдаа ч гэсэн их иддэг байсан. Ер нь би тэмцээний үеэр төрөл бүрийн баялаг орцтой хоол иддэг. Гэхдээ юу хүссэнээ иднэ гэсэн үг биш л дээ, надад хор болохоор хоолноос татгалзаж, ихэнхдээ тахианы махан бөөрөнхий махаар хооллодог.

-Ширээн дээр төрөл бүрийн хоол өрсөн байна гэж бодвол чи хамгийн түрүүнд аль руу нь ухасхийх вэ?

-Гахайн мах. Би гахайн маханд ёстой нугасгүй. Тэгэхээр би хамгийн түрүүнд гахайн мах, будаа хоёр руу дайрна байх. Энэ Ямайкийн үндсэн хоол биш л дээ, учир нь ямайкчууд гахайн мах төдийлөн идээд байдаггүй юм. Гэхдээ миний хувьд өөр. Аав маань надад зориулж, үргэлж гахайн мах шарж өгдөг байсан болохоор би бүр ч дуртай болсон байх.

-Ихэнх тохиолдолд өглөөний цайндаа юу иддэг вэ?

-Банш, амтат төмс эсвэл гадил, нэг тиймэрхүү л юм иддэг дээ. Ямар өдөр байгаагаас л шалтгаалдаг. Заримдаа шарсан элэг ч юмуу. Харин гадуур аялж байх үедээ эрдэнэ шиш идэх шаардлагатай болдог. Уг нь би тийм ч дуртай биш. Тэрний оронд ямар нэг зүйлийг өндөгтэй хольж идэх нь илүү дээр байдаг юм.

-Өдгөө албан ёсоор дэлхийн хамгийн хурдан хүн бол Усаин Болт. Юу бодогдож байна?

-Спортоос илүүтэйгээр эцэг, эхээ би нэн тэргүүнд тавьдаг. Тэд намайг үргэлж хайрлаж, энхрийлж өсгөсөн болохоор тэднийгээ сайн асарч халамжлах юмсан гэж бодож явдаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд, дараагийн хэдэн жилд бүр илүү амжилт гаргаж, дэлхий дахинд хүндлүүлэхийг хүсч байна. Энэ бол ямайкчуудын хувьд чухал асуудал. Намайг сайн явбал тэд баярлана шүү дээ. Тэдний найдвар бөхөөсэй гэж хүсэхгүй байна.

-Гарааны шугам дээр зогсч байхдаа чи үргэлж тайван харагддаг. Дандаа тийм байдаг уу, эсвэл бүр өмнө нь ч юмуу, сандрах үе гардаг уу?

-2002 онд Кингстонд болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би дэндүү сандарсан болохоор одоо байдал өөрчлөгдсөн байх гэж боддог. Тэмцээний хэдэн өдрүүд миний хувьд үнэхээр аймшигтай байсан. Уралдааны өмнө би сандрахдаа гутлаа буруу харуулаад өмсчихсөн байсан шүү. Тэгтлээ л сандарсан байгаа юм. Гэхдээ буруу харсан гуталтай ч гэсэн би тэмцээнд түрүүлсэн. Харин дараа нь тэр айдас түгшүүр, санаа зовинол бүгд хийсээд алга болчихсон. Би өөрийнхөө эх орны талбайд түрүүлж чадсан юм чинь бусдын нутагт ч гэсэн чадна гэсэн бодол толгойд орж ирсэн. Харин 15 хүрээд энэ бүх асуудал бүрмөсөн арилчихсан юм.

-Харин одоо гүйж байхдаа өөрийгөө ялагдашгүй гэж боддог уу?

-Үгүй ээ, хэн ч ялагдашгүй, дийлдэшгүй биш. Би өөрийгөө сайн тамирчин гэдгээ мэддэг, тиймээс гарааны өмнө сандардаггүй. Гэхдээ би өрсөлдөгч болгоноо сайн нягталдаг, учир нь хэн ч хэзээ ч тааруухан амжилт гаргаж, бусдад ялагдаж болно шүү дээ. Өөрийгөө хэзээ ч дийлдэшгүй гэж бодвол ялагдах болно, харин тэр ялагдал спортын чинь үлдсэн замналыг ч үгүй хийж чадна. Хүмүүс намайг дийлж чадна гэж боддог, тиймээс ч би талбай дээр гараад өөрийн дуртай зүйлээ хийхийн зэрэгцээ байдаг чадлаараа хичээдэг.

-Ямар нэг зүйлд сандарч, тэвддэггүй гэж үү?

-Үгүй ээ. Би ер нь их тайван хүн. Бага байхын л тийм хүүхэд байсан юм.

-Тэгвэл хэдэн сарын өмнө мөрөөдлийнхөө машинтайгаа /BMW M3/ явж байгаад осолдсон, тэр үед ч гэсэн тайван байсан гэж үү?

-/Инээв/. Тийм ээ, тийм, таны зөв. Тэр үед үнэхээр сандарсан. Яалт ч үгүй сандарсан. Айсан уу гэж үү? Тийм ээ, машин өнхөрч байхад маш их айсан. Бурхан минь, намайг эндээс гаргаж өгөөч гээд л залбирч гарсан.

-Харин одоо хэр давхиж байна?

-Үгүй ээ, давхихгүй байгаа.. Одоо би X5 унаж байгаа. Нээх хурдалдаг машин биш шүү дээ. Тэд /Болтын спонсор болох Puma-г хэлж байна/ ямар учраас надад X5 өгснийг би маш сайн ойлгож байгаа.

-Гэрээсээ хол байх үедээ юуг хамгийн ихээр санадаг вэ?

-Найзуудыгаа, ялангуяа дүүгээ их санадаг. Хамт амьдардаг болохоор гэрээсээ хол байх үедээ дүүтэйгээ инээлдэж, хөгжилдөж байсан үеэ үгүйлдэг юм. Гэртээ хариад би хамгийн түрүүнд тахианы мөч шарж иддэг. Хаана ч байсан хийж болно л доо, гэхдээ гэртээ хийснийг хэзээ ч гүйцэхгүй.

-Эндхийн, Лондонгийн шөнийн клубуудын талаар юу хэлэх вэ? Чамайг улаан гэрлээр оруулж байна уу?

-Эндхийн хөгжим нь их өөр юм, бусдаар бол дажгүй. Хүн ихтэй, бас хөгжилтэй. Ямайкт байхдаа би “Quad” шөнийн клубт байнга очдог. Ямайкт ямар ч хүнээс намайг асуусан тэнд байгаа л гэж хэлэх байх /инээв/.

С.Шүр  /2009.11.20/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж