Монгол Улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 60 нас хүрлээ. Ойн хүрээнд өчигдөр Соёлын төв өргөөнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн гала тоглолтоо хийсэн юм. Тоглолтыг ҮДБЭЧ-ын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Цэнгэлийн эгшиг” удиртгалаар нээв. Тоглолт цааш уртын дуугаар үргэлжилж, Чуулгын эрэгтэй бүжигчид бүжиг дэглээч соёлын тэргүүний ажилтан А.Даваахүү, гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар, хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ нарын бүтээл “Шилийн Богд”, “Талын салхи”-ийг бүжиж, эмэгтэй бүжигчид хөгжмийн зохиолч Л.Бямбадорж, төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт “Дөрвөн тунсаг” бүжгийг үзэгчид сонирхуулав. Харин гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Н.Эрдэнэбаяр нар “Бие чинь болъё” бүжгийг тайзнаа бүжив. Тоглолт үргэлжилсээр оройн 19.30 цагт өндөрлөв. Энэ үдэш Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид гайхалтай бүжиг, хөгжим, дуугаараа ирсэн зочдыг бишрүүлсэн юм.
М.Анир