Транспэрэнси Интернэшнл байгууллага дэлхийн авилгын судалдааны дүнг танилцуулсан байна. Эндээс дэлхий гурван жилийн өмнөхтэй харьцуулахад авилгад улам илүү идэгдсэн байгаа аж. Тус байгууллагын судалдаанд хамрагдсан иргэдийн 56 хувь нь өөрийн оронд авилга, хээл хахууль улам ихэссэн гэж хариулсан байна. Афганистан, Ирак, Нигери болон Энэтхэгийн иргэдийн 50-иас илүү хувь нь өнгөрсөн онд албан тушаалтанд хахууль өгсөн гэжээ. Тэдний олонхи нь цагдаа нарыг хахуульджээ.
Түүнчлэн авилгын асуудал дэлхийн хэмжээнд хамгийн их яригдаж байгаа сэдэв болсоныг ВВС агентлагийн судалгаа харуулав. Тус агентлагийн “GlobeScan” хэлтсийн авсан судалгаанд хамрагдсан таван иргэдийн нэг нь өнгөрсөн сарын дотор ямар нэг байдлаар бусадтай авилгын талаар ярилцсан гэжээ. Өөрөөр хэлбэл энэ сэдэв нь цаг уурын өөрчлөлт, ядуурал, ажилгүйдэл болон хүнс, эрчим хүчний зардлаас илүүтэй яригдсан гэсэн үг юм.
Транспэрэнси Интернэшнлийн судалгаанд дурдсанаар улс төрийн намууд авилгад хамгийн их идэгдсэн байгууллага бөгөөд нийт иргэдийн 80 хувь нь тэднийг хээл хахуульд автсан гэжээ. Улс төрийн намууд 2004 оны судалгаанд 71 хувийн “санал авч” тэргүүн байрт орж байсан юм.
Хачирхалтай нь шашны байгууллагуудын авилгын индекс өсчээ. 2004 онд иргэдийн 28 хувь нь тэднийг хахууль авдаг гэсэн бол 2010 онд энэ хэмжээ 53 хувь болтол нэмэгдсэн байна. Иргэдийн 50 хувь нь авилгын эсрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд ямар ч үр дүнгүй байгаа гэв. Эндээс харахад дэлхий даяар авилга, хээл хахууль улам бүр хүчээ авч байгаа юм. Транспэрэнси Интернэшнлийн хэлснээр өнгөрсөн онд дөрвөн хүний нэг нь сүүлийн нэг жилийн дотор авилга өгсөн гэсэн бол одоо энэ хэмжээ 50 хувиас давсан байгааг онцолж байна. Нийт авилгын 29 хувь нь цагдаа нарт, 20 хувь нь бүртгэлийн болон зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтанд, харин 14 хувь нь шүүхийн байгууллагын гишүүдэд очжээ. Африкийн Сахарын бүс дэх авилгын 67 хувь нь эрх баригчидтай тэрсэлдэхгүй байх зорилготой,
Арабын орнууд болон Латин Америк дахь авилга нь ажил хэргээ хурдасгах зорилготой, Ази, Номхон далайн бүст иргэдийн 35 хувь нь авах ёстой нийгмийн халамж үйлчилгээгээ авахын тулд авилга өгсөн, Хойд Америк болон Европын холбооны орнуудын иргэдийн дийлэнх нь яагаад авилга өгсөнөө санахгүй байна гэжээ.
Байгууллагын бодлого, судалгааны хэлтсийн дарга Робин Ходесс авилгын хэрэгт цагдаа нар хамтарч байгаа нь маш ноцтой зүйл болж байна гэв. Тэрбээр “Энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тодруулж хэлбэл 2006 оноос хойш бараг хоёр дахин нэмэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрт буй цагдаа нартай холбоотой ажилладаг гурван иргэний нэг нь хахууль төлөх шаардлагатай болдог” гэж хэлж байна.
Камбужийн иргэдийн 84 хувь, Либерийн 89 хувь нь хахууль төлөхөөс өөр аргагүй байдалд байдаг гэсэн бол Данийн иргэд хахууль төлөх шаардлага байдаггүй гэлээ.
Бүсчилсэн байдлаар авч үзвэл Африкийн Сахарт хамгийн их авилгатайг харуулсан байна. Харин авилгын хэрэг Хойд Америк болон Европын холбооны орнуудад хамгийн бага буюу таван хувьтайбайсан байна. Гэхдээ энэ бүсүүдэд авилгын хэмжээ нэмэгдэж байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн санхүүгийн хямрал нь иргэдийн төр засаг, банк болон эдийн засгийн байгууллагуудад итгэх итгэлийг бууруулж байгаа аж. Энэ удаагийн судалгаанд 86 орны 90 мянган хүнийг хамруулжээ. Харин ВВС агентлагийн судалгаанд 26 орны 13 мянган хүн оролцсон байна.
Монгол улсад авилга сүүлийн гурван жилийн дотор ихэссэн гэж судалгаанд хамрагсдын 73 хувь нь хариулжээ. Түүнчлэн төрөөс авч буй арга хэмжээ үр дүнгүй байгаа гэж 53 хувь нь хариулсан байна.
Э.Очирт