МАХН гэдэг нэр МАН-ынх уу, эсвэл?

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

МАХН гэдэг нэр МАН-ынх уу, эсвэл?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө …. Улс төрийн намын тухай хуулийн 15-р зүйлийн 15.6-д …мөн ижил утгатай заасан байна, энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү … гээд нэмээд бичсэн  байсан бол өнөөдөр МАХН МАН болсноо, голоод хаясан МАХН нэрээ бусдад өгөхгүй гээд байгаа учраа юу гэж тайлбарлах байсан бол.

    Сүүлийн үед МАХН-ын их хурлаас МАХН гэсэн нэрийг өөрчилж МАН болгосонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН гэсэн нэрийг авч үлдэх гэсэн хүмүүс, МАХН гэсэн нэрийг хэдийгээр голоод сольсон ч бид энэ нэрээ хэнд ч өгөхгүй гэсэн МАН-ын нөхдүүд  хоорондоо мэтгэлцэж байна. Энэ асуудлын талаар Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад шийдвэрүүдэд ямар зохицуулалт байдаг талаар хэдэн зүйл бичье.

    Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 16-р зүйлийн 16.10-т …нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх  байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно..16.16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан байдаг.

     1992 онд эцэг хуулиндаа баталгаажуулсан энэ эрх, эрх чөлөөг улам бататгаж 2005 оны 01 сарын  28-ны өдөр Улс  төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан.

    Энэ хуульд …. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй,  Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг мөшгөн хавчих, заналхийлэх, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно. Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн гэж заасан.

    Өнгөрсөн түүхийг сөхвөл 2005 оны 1-р сард батлагдсан дээрхи хуулийн 6-р зүйлд намын нэртэй холбоотой зохицуулалтыг хийж өгсөн ба 6-р зүйлийн 6.3-т … Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно гэж  заасан. Энэ заалт болон  8 дугаар зүйлийн 6-д “Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж, шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй гэж заасан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Нийслэлийн  Баянгол дүүргийн 12 дугаар хорооны  иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасаны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2005 оны 9-р сарын 29-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа дээрхи маргааныг хянан хэлэлцээд  №2/06 тоот дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтэндээ…Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж уг дүгнэлтийг УИХ хэлэлцэн хариу ирүүлэхийг уламжилсан юм. УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг 2005 оны аравдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 58 дугаар тогтоолоороо дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
    Ингээд Үндсэн хуулийн цэц 2005 оны 11-р сарын 14-ний өдрийн их суудлын хуралдаанаараа дээрхи маргааныг эцэслэн хэлэлцээд… Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай…гэж шийдвэрлэн 1/1 тоот тогтоол гаргасан.

    Өөрөөр хэлбэл Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтууд тэр өдрөөс хүчингүй болсон.

    Мөн Улс төрийн намын тухай хуулийн 15-р зүйлийн 15.6-д … Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.

    Өнөөдрийн МАН МАХН нэрээ дээрхи 15-р зүйлийн 15.6-д заасан эрхийн дагуу бусад этгээд ашиглах эрхгүй гэж үзэж байгаа.

    Цэцийн дээрхи 1/1 тоот тогтоол шийдвэрээр бол намын нэрийг дахин хэрэглэхийг хориглосон заалт Үндсэн хууль зөрчсөн болох нь тодорхой мэт.

    Тухайн үед  иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө …. Улс төрийн намын тухай хуулийн 15-р зүйлийн 15.6-д …мөн ижил утгатай заасан байна, энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү … гээд нэмээд бичсэн  байсан бол өнөөдөр МАХН МАН болсноо, голоод хаясан МАХН нэрээ бусдад өгөхгүй гээд байгаа учраа юу гэж тайлбарлах байсан бол. Одоо хэн нэг нь дутууг гүйцээгээд Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргавал Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргах бол. МАХН нэртэй шинэ нам байгуулагдаж болох уу, МАХН гэсэн нэр МАН-ых уу гэсэн асуултуудын хариултыг  танд үлдээе.

    Өмгөөлөгч Г.Гэрэлт-Од 99059806

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж