Төрийн нэр, хуулийн сүр дорх тонуул

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Төрийн нэр, хуулийн сүр дорх тонуул

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан улс оронд төр засаг нь иргэнийхээ эрх, эрх чөлөө, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл Монголын төр иргэдийнхээ өмч хөрөнгө, хөрөнгө оруулалт, бизнест халддаг дээрэмчний дүрд үе үе хувирах болоод багагүй хугацаа өнгөрч байна. Эл “дээрэмчин” юуны өмнө хуулийн нэр барьдгаараа онцлогтой.

    УИХ жил гаруйн өмнө нэгэн хууль баталж, иргэд аж ахуйн нэгжүүдийн гар дээр байгаа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг цуцлах эрхийг Засгийн газарт олгосон юм. Хуулийн нэр нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай. Хууль мэдээж маш ариун зорилготой байв. Монгол оронд нүүрлээд байгаа цөлжилт, уул уурхайн компаниудын байгальд учруулж байгаа гамшгийг зогсоох “ариун” зорилготой ч арга нь дэндүү муйхар, өрөөсгөл болсон нь өнөөдөр харагдаж байна.

    Улсын хэмжээнд 4000 гаруй лиценз олгогдсон байгаагийн 2000 гаруйг нь дотоодын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. Өнөөдөр дээрх хуулийн дагуу цуцлагдаж байгаа 1700 гаруй лицензийн ихэнх нь тэдгээр дотоодын аж ахуйн нэгжүүдийнх аж. Уул уурхайн компаниудын хувьд лиценз нь цуцлагдана гэдэг захирлаасаа эхлээд бүгд ажилгүй болж, дампуурна гэсэн үг болохыг хэн ч төвөггүй ойлгоно.

    Өнөөдөр уул уурхайн салбарт 47 мянган хүн ажиллаж байна. Энэ салбарт ажиллагсад маш эмзэг гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Онцолсон мэргэжил байхгүй, өөр салбарт шилжин ажиллах, хөрвөх чадваргүй, хөдөө орон нутагт голчлон амьдардаг, цалингаас өөр орлого, хуримтлал байхгүй хүмүүс. Ийм хүмүүсээс ажлыг нь булаахын тулд, тэр тусмаа төр нь ийм шийдвэр гаргахын тулд маш том үндэслэл байх ёстой юм. Уул уурхайн салбарт ажил олгогчид зовлонгоо ярьж байна. Ажиллагсаддаа цалинг нь цагт нь тавихгүй хэд хоног хойшлуулахад л хүүхдүүд нь уут бариад хог түүгээд эхэлдэг гэж…

    Нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээгээд нэлээд­гүй олон мянган хүнд ажлын байр олгож, цалин хөлс өгөөд явж байгаа уул уурхайнхнаас ажлыг нь булаах хэрэг төрд байлаа гэхэд тийм хүнлэг бус байж болохгүй л байх. Гэхдээ өнөөгийн төр засагт иргэдийнх нь эрх ашиг нэгдүгээрт биш, төрд ажиллаж байгаа хэдхэн хүний хувийн эрх ашиг хамгийн гол нь болж хувирсан. Сүүлийн үед өрнөсөн цөөнгүй үйл явдал үүнийг гэрчилж байгаагийн нэг нь уул уурхайнхны лицензийг хоморголон хурааж байгаа эл алхам. Төрийн нэрээр хуулийн сүр далайлгаж хураасан лиценз дараа нь хаана хэний гарт очсон байх бол гэдэг асуудлыг ч эрх ашиг нь хөндөгдсөн компаниуд сөхөн тавьж байгаа нь нэгийг хэлнэ.

    Одоо бол тэд уур, бухимдлаар дүүрэн байна. Төрийн шийдвэр төв, зөв байж чадахгүй тохиолдолд үр дагаварт нь хэсэг бүлэг хүний эрх ашиг хохирч, тэдний уур бухимдал сум болж ирлэгддэгийг бид санах л ёстой. Өдгөөгөөс нэлээн хэдэн жилийн өмнө хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг зохицуулж байсан хуулийн балгаас болж хүний амьдрал, амь нас сүйдсэн гашуун сургамжийг төр мартах ёсгүй. Хууль нь зөв зохицуулалт болж чадаагүй, төр нь хяналтын үүргээ цаг тухайд нь гүйцэтгээгүйгээс болоод юу боллоо? Хадгаламж, зээлийн хоршоодын эздийн уур бухимдал зүгээр л үүрэг гүйцэтгэн ажлаа хийж явсан төрийн албан хаагчийн амь насанд хүрсэн шүү дээ. Өнөөдөр төрийн шийдвэрт бухимдсан уул уурхайнхан эрх ашгаа хамгаалах хөдөлгөөн байгуулаад гараад ирлээ. Төрд гомдогсдын бүлэг үүгээр тогтохгүй.

    Эх орондоо дотоодын үйлд­вэрлэгчид нь хийж гүйцэтгэж чадах ажил дээр төр нээлттэй тендер зарладаг. Үүн дээр нь Хятадын юм уу, гадаадын аль нэг компани орж ирээд дотоодын үйлдвэрлэгчдиийн хамар дундуур тас цохиод гараад ирдэг нь нууц биш. Гүйцэтгэх ажил, захиалга, зах зээл хайж ядаж байгаа дотоодын үйлдвэрлэгчдэд төр элэггүй ханддаг энэ мэт жишээ дэндүү олон. Өөрсөддөө ажлын байр бий болгоод баялаг бүтээх гээд байгаа хувийн хэвшлийнхнээсээ ажил, зах зээлийг нь булаадаг, эцэс сүүлд нь өмчийг нь нийгэмчилдэг энэ дээрэм, тонуулаа төр хэзээ зогсоох юм бол?
     

    З.БОРГИЛМАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж